Б.Пунсалмаа: Улс төрд орох залуусын зоригийг мохоосноор хэн хожих вэ

Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.

Та бол бизнесийн салбараас улстөр рүү орсон, амжилттай яваа эмэгтэйчүүдийн сүүлийн үеийн төлөөлөл. Яагаад улстөрд оров гэхээс илүү цаг нь мөн үү гэдэг асуултаар яриагаа эхэлмээр байна?

-Яг үнэндээ тэвчээр барагдсан гэж хэлж болно. Төрийн төлөө  оготно байтугай нь боож үхэж байгааг бүгдээрээ харж байна. Тиймээс цаг нь мөн. Өнгөрсөн жилийн өдийд Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүнд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн цагаас эхлэн энэ улсын идэвхтэй иргэнийхээ хувьд элдэв хэл амыг тэвчин улстөрийн тогоон дотор чанагдаж явна. Монголын шатахууны салбарын тэргүүлэгч тоглогч М-Ойл группийг удирдаж байгаагийн хувьд 1000 гаруй ажилтан цаашлаад 5000 орчим иргэний амьдралыг шийдэлдэж, Монгол Улсад татвар төлөлтөөрөө дээгүүр давхиад ч ядуу дорой байдлыг бууруулж чадахгүй байгаадаа бухимдаж байна. Нэгжээс ерөнхий рүү шилжилт хийж илүү үр дүн гаргахсан гэсэндээ улстөрд орсон. Хамгийн гол нь болж бүтэхгүй бүхнийг дуугүй хараад суух нь энэ нийгэмд идэвхтэй хөдөлмөрлөж, ирээдүй маань сайхан байх ёстой гэж зүтгэдэг эрдэмтэй, боловсролтой, сэтгэлтэй залуусын хувьд дэндүү утгагүй байна. Яагаад гэдэгт би ийм л хариулт өгмөөр байна. Товчхон хэлэхэд  зүтгээр л тэвчээр алдагдаж байна.

-Угаасаа тогоо нь бохир учраас ямар ч мундаг бас шинэ хүн ороод  адилхан л бохирдож байгааг бид харж байна. Найдвар бага л байх шиг байна?

-Угаасаа л ийм. Угаасаа л болохгүй гэсэн ужгирсан сэтгэлгээнээсээ залуучууд ядаж салмаар байна. Улстөрд орох шалтгаан өнөөдөр янз янз байж болно. Тэнэгүүд улстөрд орж байна гээд инээгээд сууж буй ухаантнуудыг үзэн ядах цаг болсон гэж би боддог. Улстөрд орохгүй бол улс орон минь хэцүүдэх нь гэж бодоод оролдлого хийж буй залуусыг уландаа гишгэн доромжилдог, юу дутлаа гэж улстөрд оров гэж нүд үзүүрлэн хардаг нийтлэг хандлага тогтчихсон нь хамгийн хортой байна. Улстөрд орох залуусын зоригийг мохоосноор хэн хожих вэ? Монголын төрд насаа элээсэн хэдийгээ тэтгэвэртээ хэзээ гарах вэ? гэж асууж байгаа ч тэднийг залгамж халааг авах шинэ залуу үеэ хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл байхгүй л байна. Сэтгэлгээгээ юун түрүүнд өөрчилмөөр байна.

С.Баярын номонд МАН лидерүүд залуу үедээ зайгаа тавьж өгч чаддаг. Харин АН бол чаддаггүй гэсэн агуулга бий. Та санал нэгдэх үү?

-Цаг хугацааны үечлэлээр нь харахад тийм гэж хэлж болох ч АН сүүлийн жилүүдэд эрчимтэй хөдөлгөөнд орж шинэчлэгдэж байна. Ямар ч өөрчлөлт айдастай бас өвдөлттэй байдаг. АН алдаатай ч оноотой ч шинэчлэгдэж чадаж байгаа нь том давуу тал. Намд олон жил зүтгээгүй надад нийслэлийн эмэгтэйчүүдээ  удирдах боломж олгосон нь шинэчлэлийн нэг том илрэл. Тиймээс өнөөдрийн алдаатай оноотой, дээр доороо бужигнаантай байгаа энэ байдал өөрөө эрүүл үзэгдэл гэж үзэж байгаа. Гол нь цэгцэндээ орох цаг хугацаагаа түргэвчлэх нь чухал байна.

Улстөрд орох гэж байгаа залууст өнөөдөр туршлага, боловсролоос илүү мөнгө дутагдаж байна гэж ярьдаг?

-Яг үнэндээ тийм бас үгүй гэж хэлэх амаргүй байна. Сошиал медиагийн бидний амьдралд өгч буй сайн саар зүйлүүдээс үзэл бодлоо илэрхийлж, өөрийгөө энэ нийгмийг аваад явчих чадалтай, сэтгэлтэй гэдгээ харуулах боломж олгосон давуу талыг би их олзуурхдаг.

Саяхан хийж бүтээж яваа хэсэг залуусын зургийг нэгтгэсэн нэг пост явж байгааг хараад сайхан санагдсан. Хүмүүс туршлагагүй, юу хийсэн юм гээд л янз бүрээр бичсэн байх шиг байсан. Гол нь залуучууд өөрчлөлтийн төлөө нэг цаасан дээр зургаа нийлүүлж [Anchor]  тавиад ч болтугай үйлдэл хийж эхэлж байгаад баяртай байна. Өөрчлөх цаг нь болсон гэдгийг мэдсээр байж гараа хумхиад сууж байгаа залуу хүн өөрөөсөө ичдэг цаг удахгүй ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөнгөөр бүхнийг шийддэггүй юм гэдгийг сонгогчдын сэтгэлзүйгээ өөрлөхөөс л эхлэх хэрэгтэй санагддаг. Гол нь нэг нэгээрээ дайнд орж шархдалгүй бөөндөө багаараа хөдлөх нь энэ цагийн улстөр дэх залуусын гол хийх ёстой ажил гэж харж байна. Зардал хэмнэж, бодит өөрчлөлтийг авчрахад багийн ажиллагаа чухал байна.

Таныг багаар ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-Оролдлогууд хийж байна. Амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэж, энэ нийгмийн болохгүй нь бүтэхгүй нь гэсэн сөрөг бүхнийг шүүлтүүрдэхэд чухал хувь нэмэр оруулна аа. Богино зайн бус урт хугацааны ажлууд явж байгаа учраас үр дүн нэхэхэд эрт байна.

 

Эх сурвалж: EAGLE.MN