Монголын улстөр эмэгтэй хүнд маш өндөр шаардлага тавьдаг

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Цэцэгмаатай ярилцлаа.

-Монголын улс төр эмэгтэй хүнд босго өндөртэй, хатуу шүү дээ. Яагаад улс төрд орох болсон юм бэ?


-Улс төрд ч бай өөр салбарт ч бай хүний амьдралыг эргээд харахад хүн хэнтэй нөхөрлөж найзалж явсан нь туулах замналд нь маш их нөлөөлдөг. Би С.Одонтуяа даргын компанид зөвлөөд явж байтал нэг өдөр надад менежер болох санал тавьсан. 2006 онд болсон явдал шүү дээ. Тэр үед надад юун улс төр, юун менежер надаас үнэхээр хол сонсогдсон. Улсын их хурлын гишүүний менежер гэдэг чинь хариуцлага өндөртэй өмнө нь өндөр албан тушаалд ажиллаж байсан хүн л хийдэг гэж боддог байлаа. Надад тэр үед улс төрийн талаар мэдэх юм байгаагүй ирээд нөхөртөө хэлсэн. Манай хадам ээж бас өмгөөлөгч мэргэжилтэй хүн л дээ. Харин ээж маань надад “Хүн аливаа зүйлээс татгалзах шиг амархан юм үгүй. Хийх шиг хэцүү юм байхгүй. Сорилт ирж байгаа бол хүлээж авах нь зөв” гэж зөвлөсөн.

Тэгээд л үзээд алдъя гэж шийдсэн дээ. Ингээд С.Одонтуяа дарга бид хоёр нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар “Иргэн та баялаг сан”-г үүсгэн байгуулсан. Бас би БГД-ийн Ардчилсан намын гишүүн болж С.Эрдэнэ даргаас намын батлахаа гардаж авлаа. Ингээд 2008 онд анх удаа сонгуульд үзлээ дээ. Анх удаа болохоор миний хувьд жинхэнэ бужигнасан халуун үйл явдал л болсон. Энэ үед л ямар ч цензургүйгээр нийлсэн тэр олон хүн яаж нэгдэж, нийлж болдгийг харсан даа. Аливаа лидер олны сэтгэлийг хураахгүйгээр амжилтад хүрэх боломжгүй гэдэг. “Энэ хоёр эмэгтэй түмэн олон болоод улс эх оронд хэрэгтэй юм хийчих байх” гэж итгэж дагасан тэр олон хүний нүдийг харахаар л ухрах эрхгүй болдог юм билээ. 2008 онд сонгууль томсгосон тойргоор явагдсан. Тэгээд яах вэ ялагдсан. (инээв)

-Ялагдах мэдрэмж ямар байв?


-Алдаа байсан түүнийгээ ойлгож ухаарсан. Өнөөг хүртэл дахин давтахгүйг хичээж яваа. Одоо бид зурагтаар улстөрчдийг хараад тэд ямар их хайрцаглагдсаныг шүүмжилдэг. Өмнө нь хэлж ярьж байснаа мартчихсан л байдаг шүү дээ. Тэгэхгүйн тулд хүн ер нь унах ёстой юм билээ. Ялагдаж сурна гэдэг бас том ололт. 2016 оны ялагдлыг ч гэсэн боломж гэж харж байгаа. Унаж байж босдог, алдаж байж ойлгодог. Түүнээсээ ухаарал аваад өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой гэдгээ мэддэг ч байж болно. Ямар ч хүн төгс төрдөггүйтэй л адил юм.

-Анхны ялагдлаасаа өөрөө юуг олж харав?


-Миний хувьд ч гэсэн болгож байна, бүтээж байна гээд л гүйгээд байсан юм бишүү. Улс төр гэдэг айхтар хатуу дэвжээн дээр амны салиа нь арилаагүй хүн гүйж гараад шууд менежер болчхоод л бүтээгээд өгье гээд гүйгээд байж л дээ. (инээв) Энэ ялагдлыг гишгэсэн мөрөө сайтар эргэж хараад илүү бодлоготой урагшил гэж ирсэн сануулга гэж боддог. Хүн ер нь заримдаа хийж буй зүйлдээ улайрчихаар эргэн тойрноо ажиглаж, хааяа амсхийж эргэцүүлж бодохоо мартчихдаг шүү дээ. Тийм юм болсон ч байж магадгүй. Гэхдээ хамгийн сайхан нь зөндөө ололт байсан.
Улс төр гэж юу юм, багаа яаж бүрдүүлэх ёстой байсан юм, хүмүүсээ яаж зангидаж хайрлах ёстой байсан юм гээд олон ололтуудыг өөрсдөөсөө харсан. Унасан ялагдсандаа гол нь биш улс төрийн туулах ёстой зам, давах ёстой даваагаа л давсан. Алдаа бол тэр чигээрээ сургамж. Хувь хүн ч өөрөө илүү их боловсорч төлөвшдөг. Олон хүний өмнө үүрэг хариуцлага үүрч тэдэнд амлалт өгөх, амтлалтаа биелүүлэхийн төлөө явах тэр зам бол тэр чигээрээ хүнийг хүн болгодог зам юм билээ. Улс төрд орсон хүн ялагдлаа гээд хамаг юмаа хаяад гүйгээд явчхаж болохгүй шүү дээ. Маш олон хүний итгэл гэдэг тэгэхээр хүнийг байх ёстой газар нь байлгаж чаддаг зүйл.


-Ялагдлын сургамжаа ялалт болгож чадсан биз дээ?


-Тэгэлгүй яах вэ. Тэр намар нь орон нутгийн сонгууль болсон. С.Одонтуяа дарга нэгээрээ гараад НИТХ-ын төлөөлөгч болсон. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа багаараа бид үргэлжлүүлээд явсан. 2012 онд УИХ-ын сонгуульд бас ялсан. Бүх юм жамаараа л явж байна. 2016 онд харин унасан. Тэгсэн ч бид ажлаа үргэлжлүүлсээр зорьсноо хийсээр байгааг хүмүүс мэдэж мэдэрч байгаа.

-Хувийн амьдралаа ч бас орхиогүй...?


-2009 онд төрийн албанд ажиллахаар болоод Төмөр замын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болов. Удаагүй хоёр охиноо төрүүлэх гээд ажлаасаа жаахан завсардлаа. 2012 оны сонгуулиар хоёр жаахан хүүхэдтэй сууж байсан. Цаанаасаа зүгээр сууж чаддаггүй хүн чинь гэртээ сууж байхдаа өөрийнхөө тухай, ажлынхаа тухай их бодсон. Ямар ажил хийвэл илүү хүмүүст хүртээлтэй, тус нэмэртэй байх вэ гэж бодож үзсэн. Хүн ер нь дөч хүрэхээрээ их юм боддог юм бишүү. (инээв)
Одоо нөхөр бид хоёр дөрвөн охинтой эцэг эх. Би алдарт эхийн II зэргийн одонтой ээж. Эмэгтэй хүн амьдралдаа хоёр сугалаагаа зөв сугалах хэрэгтэй гэж би хэлдэг. Нөхрийнхөө сугалааг маш зөв сугалсан байна. (инээв) Хувь заяагаар би сайн ханьтай учирсан. Дараагийнх нь мэдээж мэргэжил. Хуульч мэргэжил хүнийг хүн чанарын хувьд, амьдралыг үзэх үзлийн хувьд айхтар сайн төлөвшүүлдэг сорилготой мэргэжил. Хуульч гэдэг хүний хувь заяаг шийддэг учраас муу хүн байх эрхгүй болдог. Гэтэл би бурхан биш учраас туйлын үнэнийг шийдэж чадах уу, үгүй юу гэдэг маш хэцүү сорилт. Өмгөөлөгч хийхэд би нэг хоёр хүний амьдралыг шийддэг бол улс төрийн ажил илүү олон хүний асуудалд тусалж, түүнийг шийдэх гарц шийдлийг хамтдаа олж чадах ажил. Тэгээд л улс төрд эргээд ирсэн. Намайг мэргэжлээ эзэмшихэд нөхөр маань их тусалсан. Бид хоёр оюутан байхдаа танилцаж гэрлэсэн. Нөхөр маань намайг бүх талаар дэмждэг.

-Ийм их хэл амтай улс төрийн ажлыг хийх гээд үү?


-Ер нь энэ хорвоод амархан ажил гэж байдаг юм уу. Амархан ажил байгаа бол тэр нь үр бүтээлгүй, ач холбогдолгүй л ажил байгаа байх. Жишээ нь би чиний ажлыг маш хэцүү гэж боддог.

-Миний ажил амархан бас амттай.


-Тийм байгаа биз дээ. Юунд итгэж үнэмшиж, зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө явж байгаа хүнд ажил нь хэзээ ч хэцүү санагддаггүй. Мэдээж хэл амтай юу гэвэл хэл амтай. Тэртэй тэргүй хэн нэгэн ажил хийж амьдрах нь зайлшгүй. Тэр хэрээрээ аль болохоор олон хүнд үр нөлөөгөө өгч чадахаар юм руу зүтгэвэл хүн болж төрснийхөө хувьд утга учиртай амьдрал болно. Хэчнээн амиа бодлоо ч энэ нийгэмд гав ганцаараа амьдрах боломжгүй шүү дээ.

 

-Эмэгтэй хүн улс төрд ажиллахад эрчүүдээс өндөр даваа давах болоод байна уу?


-Үнэн. Эрчүүд янз бүрийн асуудалд орооцолдохоор тэгсгээд л өнгөрчихдөг. Өмд оймсны асуудал байлаа ч эр хүн нэг алдаа л биз гэх мэтээр “уучилчихдаг”. Харин эмэгтэй хүн тийм алдаа гаргавал нийгмээрээ жигшиж хүний тооноос хасна. Тэгэхээр улс төр эмэгтэй хүнээс алдаа гаргахгүй байхыг шаарддаг. Нөгөө талаараа улс төр эмэгтэй хүнээс гадаад үзэмж, өмсч зүүх, ар гэрээ авч яваа байдал гээд өв тэгш байхыг бараг л төгс байхыг шаарддаг нийгэмд бид амьдарч байна. Монголын улс төр эмэгтэй хүнд маш өндөр шаардлага тавьдаг.

-Намын гишүүдтэй, ард иргэдтэй тулж ажиллана гэдэг их хэцүү санагдах юм. Тийм биш гэж үү?


-Эхлээд олон янзын ажил, мэргэжил, өөр өөр насны хүмүүстэй ажиллахад нэг хамт олон, баг дотор байснаас хэцүү санагдах үе байсныг нуугаад яах вэ. Ажлын хамт олон гэвэл ойлгомжтой шүү дээ. Мэргэжил нэгтэй өдөр бүр нэг зорилгын төлөө амьсгалж байдаг болохоор ойлголцоход маш амар. Гэхдээ цаг хугацаа өнгөрөөд эргээд бодоход хамгийн ойр дотно, хамгийн элэг нэгтэй хүмүүс гэвэл намынхан л байдаг юм билээ. Намын тогоон дотор чинь жинхэнэ амьдрал буцалдаг гэхэд болно. Яагаад гэвэл нэг тогоон дотор энэ олон янзын ааш аяг, зан чанар, үзэл бодолтой хүмүүс багтаад хамтраад байж байдаг гээд боддоо. Гайхамшигтай шүү. Үзэл санаа гэгч тэр олон ааш аягийг нэг зүгт харуулаад нэг тогоонд асуудалгүй багтаагаадаг байх нь.

-Илүү олон хүний амьдралыг сайнаар өөрчлөхөд оролцож чадна гээд улс төрийг сонгожээ. Хамгийн түрүүнд санаа сэтгэлийг тань эмзэглүүлдэг ямар асуудлууд байдаг вэ?


-Эмэгтэй хүнийхээ хувьд хамгийн түрүүнд гэр бүл, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн асуудал гээд маш олон сэтгэл эмзэглүүлдэг асуудлууд бий. Дөрвөн хүүхдээ өсгөх явцад гэр бүлүүд зүтгээд зүтгээд шийдэж чадахгүй асуудлууд байдгийг биеэрээ мэдэрнэ. Дээрээс нь эргэн тойрны маань гэр бүлүүдэд ямар ямар бэрхшээл тулгарч байгааг харж байна. Өмгөөлөгч хийгээд явж байхдаа ч олон асуудлууд байдгийг мэдэрч хүнээ хориулчхаад уйлж унжаад хүртэл явж л байлаа. Энэ нийгмийн амьдрал өөрөө юу болж, юу болохгүй байгааг ил тод хэлээд өгч байна. Манай хүн амын 60 хувь нь 18-аас дооших насны хүүхдүүд байна. Жишээ нь эцэг эхчүүдийн хувьд 500 мянган төгрөгөөр нэг хүүхэд өсгөх, 500 мянгаар олон хүүхэд өсгөх газар тэнгэр шиг ялгаатай. Эцэг эх хэчнээн зүтгээд хийдгээ хийгээд, авдгаа аваад дээрээс нь олон хүүхэдтэй бол тэр айлд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Одоо ямар ч энэ төрлийн зохицуулалт алга. Гэтэл олон хүүхэдтэй өрхүүд бүх хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүйдээ хүрээд гэртээ цоожилчхож байна. Өнөөдөр Монголд 238 мянган одонтой ээж байна. Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүдийг орхиод дөрвөн хүүхэдтэй эцэг эхүүдийн тухай ярья л даа. Тэгвэл сая хүний асуудал яригдаж байгаа биз. Хүн амын тал шахуу хувийг эзэлж байгаа энэ хүмүүст цогц бодлого хэрэгтэй байна. Энэ мэтээр маш олон асуудал байна. Мөн тэтгэврийн насны 300 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга орчим хүн байдаг. Энэ хүмүүст цогц бодлого байна уу...?

-Энэ асуудлуудыг намын бодлогод яаж тусгуулж ажиллаж байгаа вэ?


-2020 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийнхээ саналыг илүүтэй тусгах ажлын бэлтгэлийг хангах багт ажиллаж байна. Тэгэхээр 2020 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт яг энэ асуудлыг судалгаа шинжилгээтэй, тодорхой гарц шийдэл олсон байдлаар тусгуулахад хичээл зүтгэл гарна байх. Миний хувьд олон нийтийн сүлжээнд ч тэр одонтой ээжүүдтэйгээ байнгын идэвхтэй харилцаа холбоотой, санал бодлыг нь хажуугаас нь сонсч байдаг хүний хувьд өөрт оногдсон үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа. Мөн идэвхтэй ээжүүд маань нэгдээд “Алдарт эх хөгжлийн түүчээ” төрийн бус байгууллага байгуулсан. Үүгээрээ дамжуулаад бид Ерөнхийлөгчийн тамгын газар, ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөлд нэгэнт л бид ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орондоо гавьяа байгуулсан гээд одон авдаг учир, ерөнхийлөгчийн бодлогоор одонтой ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх эрхзүйн боломжийг бий болгож өгөх талаар хүсэлт хүргүүлэхээр ажиллаж байна.


-Улстөрчдийг намыг худлаа амладаг гээд хүмүүс залхсан маягтай байна. Гэхдээ одоо эмэгтэйчүүдэд илүү найдвар тавьж байгаа тал харагдаж байна уу?


-Улс төрд орсон хүн чаддаг, мэддэг юмаа л хэлж, ярьж хийдэг байгаасай гэж боддог. Жишээ нь би батлан хамгаалах салбар яриад байвал тэнэг хэрэг болно шүү дээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны хувьд олон улсад квот тогтоох зэрэг янз бүрийн аргаар дэмждэг. Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрэм, улс төрийн тогтолцоогоор бол УИХ-ын сонгуульд л нэр дэвших квотод 20 хувь эмэгтэйчүүд байна. Харин бусад нийслэл, аймаг, орон нутгийн сонгуульд ямар нэгэн квотын дэмжлэг байдаггүй. Магадгүй аймаг, нийслэл орон нутгийн түвшиндөө хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, хөгжлийн хөтөлбөрүүд нь хазгай муруй байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоо муу байгаатай холбон тайлбарлаж болохоор байна. Ардчилсан нам анх удаа дүрмэндээ бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувь байхаар квот тогтоож өгсөн нь маш том улс төрийн шинэчлэл, дэвшил гэж эмэгтэйчүүдийнхээ төлөөллийн хувьд харж байна.


СХД-ийн дүүргийн хувьд анхан шатандаа эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр байдаг. Анхан шатны ухуулагч, шадар туслах, намын үүрийн ихэнх гишүүдийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эсрэгээрээ дундаас дээш шатны сонгуульт гишүүд нь эрэгтэйчүүд голдуу байдаг. Энэ нь олон шалтгаантай, дотоод шалтгаан нь эмэгтэйчүүд өөрсдөдөө итгэлгүй байдал, гадаад шалтгаан нь мөнгө санхүүгийн асуудал байдаг. Одоо бол намын Үндсэн дүрмэнд заасны дагуу 20 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байх учир бид эмэгтэйчүүдээ бэлтгэн ажиллаж байна. Манай эмэгтэйчүүд улс төрд үнэхээр идэвхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг. Гол нь яг өөрсдийнхөө хувийн амбицыг илэрхийлээд ахиж дэвших тал дээрээ хойш суудаг, өөрсдөдөө итгэх итгэл муу байгаа сул тал байна. Энэ нь мэдээлэл дутмаг, бидэнд итгэл өгөх түшиж тулах, боломж бололцоог нь нээх тэр сонгууль гишүүд тааруу ажиллаж байна уу гэж ажигладаг. Сүүлийн үед энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Тиймээс эмэгтэйчүүд маань энэ нийгмийг илүү сайхнаар өөрчилж чадна гэдэгт би хувьдаа зуун хувь итгэдэг.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН