Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан спортын наадамд 400 гаруй хүн оролцож байна

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын их наадам Хандгайтын аманд байрлах "Үндэсний олимп" цогцолборт үргэлжилж байна.

Спортын наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдээс бүрдсэн баг оролцож, сагс, волейбол,  ширээний теннис зэрэг  спортын таван төрөлд  өрсөлдөнө. Тус арга хэмжээ өнөөдөр /2019.11.09/ "Үндэсний олимп" цогцолборт нээлтээ хийсэн бөгөөд  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга  С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын холбогдох албаны хүмүүс  оролцож, тамирчдад амжилт хүслээ. 

Спортын наадам энэ сарын 9, 10-ны өдрүүдэд "Үндэсний олимп" цогцолборт үргэлжлэх бөгөөд нийт 400 гаруй гишүүд, дэмжигчид энэ удаагийн арга хэмжээнд оролцож байна.

Тус наадам бүтэн сарын турш үргэлжилж, бүстээ тэргүүлсэн багууд шилдгийн төлөө өрсөлдөж байгаа юм. Ардчилсан нам 2019 оныг "Залуусын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд залуусыг идэвхжүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилгоор шат дараалсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү спортын наадам юм.