“Ахмадаа сонсъё” анхдагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа

 

   Архангай аймгийн Ардчилсан намын хорооноос “Ардчилал-30 жил” аяны хүрээнд, “Ахмадаа сонсъё” анхдагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Архангай аймгийн 18 сумдыг төлөөлөн нийт 400 орчим ахмадууд хүрэлцэн ирсэн юм. Мөн ардчилсан хувьсгалын анхдагчдын төлөөлөл болон “Ардчилсан ахмадын холбоо”-ны удирдлагууд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, улсын бага хурлын дарга, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, Архангай аймгийн Ардчилсан намын дарга асан, ЗДТГ-ын ХШҮДАХ дарга Б.Лхагвасүрэн, Архангай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга асан, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Бадрах, Архангай аймгийн Ардчилсан намын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга М.Батжаргал нар чуулга уулзалтанд оролцлоо. Уулзалтын үеэр ахмад төлөөлөгчид улс эх орныхоо хөгжлийн төлөө гар бие оролцсон тухайгаа “Эдүгээ 30 нас хүрсэн Ардчиллаа цаашид төгөлдөршүүлж, хамгаалахын тулд ахмадаа сонсож, анхдагчдын уулзалтыг зохион байгуулсанд талархаж байна. Бид 30 жилийн өмнө ухуулах хуудас шөнөөр нааж, хүмүүст адлагдаж явган гүйж явахдаа шантарч, гар хумхилгүй өнөөдрийн энэ их амжилтыг бүтээн байгуулалцсан түүхтэй. Бид ард түмний хүсэл мөрөөдлийн төлөө ажилласан учраас иргэд бидэнд итгэж, дэмжиж ялалт байгуулсныг мартах учиргүй. Тиймээс өнөөдөр бид нийтээрээ Ардчиллын 30 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.