Ардчилсан хувьсгал бүрэн ялвал

Одоогоос 30 жилийн өмнө өвөл их цастай, хүйтэн, жихүүн байж. Монголчууд өдөр тутмын хүнс мах, гурилаа худалдаж авах гэж зүдэрч байсан үе. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн картын системд орж, иргэд уртаас урт дараалалд дугаарлан зогсоно. Алалцахын наагуур тэмцэж, тэвчиж байж авдаг хүнс нь хэмжээ, хязгаартай. Олон ам бүлтэй айлд хаанаа ч хүрэлцэхгүй. Хагас өлгөлөн, хагас итгэл найдвар. Иргэдийн амьдрал бүхэлдээ өл дарах төдий үргэлжилж байв.

Үүнийг өөрчлөх ухаан, зориг, тэмцэл гэр бүл, үр хүүхэдтэй энгийн ардаас яахан гарч чадах. Гэсэн ч тэдэнд энэ нийгмээ шинэчлэх гэсэн нэгдмэл их хүсэл тэмүүлэл байж. Энэ л байдлыг мэдэрч, ойлгож, зориглож чадсан хүмүүс бол Монголын Ардчилсан хувьсгалын анхны партизанууд буюу тухайн үеийн мэдлэг, боловсролтой, нийгмийн түүчээ болсон залуус юм. Тэдний туйлын зорилго бол Монгол орон бие даасан улс болон хөгжиж, ард иргэд чөлөөт нийгэмд элбэг, хангалуун, эрх чөлөөтэй амьдрах байлаа. Үүнийг бий болгоход амаргүй ч тэдний ард олон түмэн бүхлээрээ асаалттай танк шиг хамгаалан буйг залуус мэдэж байсан хэрэг. Тиймдээ ч тэд өвлийн хүйтэн шөнө өлсөж, даарахыг үл ажран, өөрийгөө ч марттал зүтгэсэн биз ээ.

АРДЧИЛЛЫН ЗАМААР…

Ардчилсан хувьсгалын тэргүүнд эгнээнд ингэж л зүтгэж явсан залуусын нэг бол Дэлэгийн Төмөр-Очир. Тэрбээр тухайн үед МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн гуравдугаар курсын оюутан байж. Түүний Ардчилсан хувьсгалд орох болсон шалтгаан бол тэнхимийн багш Санжаасүрэнгийн Зориг. Монголчуудын амьдрал нэг л биш байна, өөрчлөлт, системийн шинэчлэлт хэрэгтэй, залуус бид үүнд нэгдэж, нийлэх ёстой гэх багшийнхаа үзэл баримтлалыг тэр өөрийнхөө оюун ухаанд шингээж байв. Үүндээ бат итгэж, үеийн нөхдөө ч бас “уруу татаж” байлаа. Дараа жил нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ байгуулагдаж, Ерөнхий зохицуулагчаар МУИС-ийн багш  С.Зориг болсныг оюутан Д.Төмөр-Очир дуулжээ. Ингээд тэр маш олон шалгуурыг давж байж, Монголын Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн болсон байна. Түүний Ардчилалд насаараа үнэнч байх эхлэл товчхондоо ингэж тавигджээ.

ХӨВСГӨЛИЙН БАРИВЧИЛГАА

1990 оны дөрөвдүгээр сар. Цэлмэг, нартай мөртлөө жиндүү хүйтэн өвлийн өдрүүд. Хөвсгөл аймгийн төв Л.Даваадоржийн талбайд болсон цуглаанд олон мянган хүн оролцжээ. Уг цуглааныг МоАХ-ны зохицуулагч Д.Төмөр-Очир, Буянгийн Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс зохион байгуулжээ. Үүнийг эсэргүүцэж аймгийн удирдлагууд радиогоор үймээн, самуун тарих хүмүүс хууль бус цуглаан хийж байгаа талаар зарлаж, баривчлах тухай мэдээлжээ. Ингэхдээ шугамын радиогийн мэдээллийг дундуур нь тасалж “Та нарын юу хийж байгааг бид мэдэж байна, иргэдийг үймүүлсэн үйл ажиллагаагаа зогсоохгүй бол бид та нарыг баривчилна” хэмээж байв. Гэсэн ч тэд айж хулчийсангүй, цуглаанаа дуустал үргэлжлүүлжээ. Хөвсгөлийн ард түмэн угийн тэмцэгч хүмүүс учраас тэднийг маш сайн дэмжсэн байна.

Маргааш нь албан газруудаар явж ухуулга, лекц уншсаны дараа Б.Жаргалсайхан нийслэл рүү буцав. Харин Д.Төмөр-Очир дараа өдөр нь явахаар үлджээ. Гэвч тэр явж чадсангүй. Учир нь МоАХ-ны гишүүн Д.Төмөр-Очирыг салбар зөвлөлийн зохицуулагч дөрвөн хүний хамт жагсаал, цуглаан зохион байгуулсан хэргээр онгоцны буудлаас шүүхийн тогтоолгүйгээр Ардын Депутатын Хурлаас тогтоол гарган хүч хэрэглэн баривчилжээ. Цоо шинэ Цагдаагийн 69 машин онгоцтой тулж зогсоод тэднийг хүчээр суулгасан байна. Цааш  яг л кино шиг үйл явдал үргэлжилж, тэднийг аймгийн цагдаагийн мөрдөнд хорьчихож. Төдөлгүй нэмж салбар зөвлөлийн дөрвөн гишүүнийг баривчилж 20-25 хоног хорих, өөр дөрвөн гишүүнийг тус бүр 500 төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцэж Д.Чалхаажав тэргүүтэй МоАХ-ны салбар зөвлөлийн гишүүд Цагдан сэргийлэхийн байранд улс төрийн өлсгөлөн зарласан байна. Тэднийг дэмжиж МоАХ-ны арван гишүүн Л.Даваадоржийн талбай дээр улс төрийн өлсгөлөн зарлажээ. Уг тэмцэлд нутгийн иргэдээс гадна Дархан, Дорнодоос ч мөн хүмүүс нэгдэж байв. Тэд эрх баригчдад хандан дараах шаардлага тавьжээ. Үүнд:

  • БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны 86-р зарлигийг өөрчлөх
  • Мөрөн хотын Ардын депутатын хурлын Тэргүүлэгчдээс гаргасан “баривчлах” тогтоолыг хүчингүй болгох
  • Ардын түр хурал болон Ард түмний Онц зөвлөл байгуулах зэрэг юм.

Дөрөвдүгээр сарын 30-ны Даваа гаригт МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөл өлсгөлөн зарласан гишүүдээ дэмжиж, туслахаар Мөрөн хотод С.Зориг, Ц.Элбэгдорж хоёр Д.Баярсайхан эмчийн хамт ирэв. Тэд өлсгөлөн зарласан гишүүддээ эмнэлгийн үзлэг хийж, заавар зөвлөгөө өгч, хяналтандаа авчээ. Гэхдээ аймгийн төв талбайн эргэн тойронд иргэдийн дэмжлэгтэй МоАХ-ны гишүүдийн өлсгөлөн үргэлжилсээр. Ийнхүү Хөвсгөлд болсон өлсгөлөн Дорнод, Увс зэрэг бусад аймагт ч бас зохион байгуулагджээ. Энэ утгаараа МоАХ-ны салбар зөвлөлийн гишүүдийн оролцсон Хөвсгөлийн өлсгөлөн Монголын Ардчилсан хувьсгалд тодоор бичигдэх түүх болон үлджээ.

Энэ талаар Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын бага хурлын гишүүн Д.Чалхаажав дурсахдаа “Хөвсгөлийн өлсгөлөн бол Ардчиллын эрх зүйн үндэс суурийг тавьсан тэмцэл болсон” гэж тодорхойлсон. Тэрбээр мөн МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Төмөр-Очирын тухайд “Даруухан өндөр цагаан залуу Мөрөнд ирж байж билээ. Үүнээс хойш өдийг хүртэл нөхөрлөж явна. Их шаргуу, дайчин, зорилгодоо үнэнч, албан тушаалын шуналгүй хүн дээ” гэсэн юм. Нээрээ ч Д.Төмөр-Очир гуай албан тушаалын шуналгүй хүн мэт санагдсан. Ардчиллын төлөө тэргүүн эгнээнд тэмцэж явсан хэрнээ өдийг хүртэл өндөр албан тушаал хашиж байсангүй. Даруухан, энгийн, хүн ёсоор амьдрахыг илүүд үзжээ. “Хаягдал төмөр ачиж гаргахаас эхлээд хувиараа бизнес эрхэлдэг болохоор хоёр идэхгүй, хоосон хонохгүй сайхан л амьдарч байна” гэж тэр даруухан өгүүлнэ.

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БҮРЭН ЯЛААГҮЙ

Монголд Ардчилсан хувьсгал дутуу хийгдсэн хэмээн Д.Төмөр-Очир гуай үздэг. Тэрбээр ярихдаа “Ардчилсан нам Засгийн эрхийг бүрэн авч, мөрийн хөтөлбөрөө дангаар хэрэгжүүлсэн тохиолдолд Монголд Ардчилсан хувьсгал жинхэнэ утгаараа ялна. 1996 оны УИХ-д  Ардчилсан намаас 50 гишүүн сонгогдсон. Үүнийг ялсан гэж яриад байдаг. Гэтэл үгүй юм. Хуулиндаа 51 гишүүнтэй байвал олонх болно гээд заачихсан байдаг. Тэгэхээр сөрөг хүчин хурал хаях, Засгийн газрыг унагах асуудал гарна. Тэгээд хамтарсан Засгийн газар байгуулчихна. Яг бие дааж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олдоогүй. Сая 2012 онд Ардчилсан нам олонх болоод Засгийн газраа байгуулаад, ажил хийгээд эхэлтэл хор хутгаад унагачих юм. Уг нь намуудын эцсийн зорилго бол улс орноо л хөгжүүлэх биз дээ. Гэтэл байнга хоорондоо өрсөлдөнө, хор хутгана, нэгийгээ унагана. Тэгээд Ардчилсан нам юу ч хийсэнгүй гээд шүүмжлээд байдаг. Дангаар төрийн эрх барьж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжийг нь олгочихвол 1990 онд бидний хүссэн, зорьсон Ардчилсан хувьсгал бүрэн утгаараа ялна. Тэгвэл Монгол Улс Азийн бар орнууд шиг дороо л хөгжих болно” гэсэн юм.

АРДЧИЛАЛ, АНД НӨХДИЙН ТУХАЙ

Д.Төмөр-Очир гуай яриандаа С.Зориг, П.Нэргүй, С.Амарсанаа гэх хүмүүсийг байнга л дурдана. Санжаасүрэнгийн Зориг агсныг манай уншигчид сайн мэднэ. Харин П.Нэргүй доктор гэж хэн бэ? Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, эдийн засгийн ухааны доктор хүн. Монголд Ардчилсан хувьсгал бүрэн утгаараа ялах ёстой гэж үздэг хүмүүсийн нэг байв. Улс орноо хөгжүүлье, нийгмээ өөрчлөн шинэчлье, Ардчилсан чөлөөт тогтолцоо бий болгоё гэсэн зорилготой хэдэн залуус нэгдэн нийлсэн боловч чухам яаж гэдгээ сайн мэдэхгүй байлаа. Энэ л үед тэдний луужин болж байсан хүн бол П.Нэргүй доктор. Тэрбээр МУИС-ийн хичээлийн танхимд залуустай нууцаар уулзаж байхдаа “Юуны өмнө маш нарийн хөтөлбөр, өөрийн гэсэн дүрэмтэй байх хэрэгтэй. Энэ хоёр бүхэлдээ ардчилсан шинжээ хадгалсан байх ёстой. Эдийн засгийн тухайд нарийн концепци хэрэгтэй. Манай улс өнөөг хүртэл хүн рүү чиглэсэн хүнлэг эдийн засаг бий болгож чадаагүй. Монгол орон бага хүн амтай. Тиймээс үндэсний эв нэгдлийг байнга хангах хэрэгтэй” гэх мэтээр залууст зааж, чиглүүлж байсан тухай С.Амарсанаагийн “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номонд дурдагджээ.

П.Нэргүй доктор өөрийн гэсэн хөгжлийн концепцитой байсан учир залууст зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна гэртээ хүртэл байлгаж, Ардчиллын төлөө хамтдаа зүтгэхээр шийджээ. Тэднийд МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн Ерөнхий зохицуулагч С.Зориг, гишүүн Э.Бат-Үүл, Д.Төмөр-Очир нар 4-6 сарын хугацаанд амьдарч байв. Ардчилсан хувьсгалын бүхий л уриа, лоозон, мөрийн хөтөлбөр, зарчмыг эднийд л гаргадаг байжээ. П.Нэргүй докторын гэргий Н.Гантөмөр их сайхан цай чанана, хоол хийж өгнө. Яг л хүүхдүүдээ “өсгөж” буй ээж шиг ханджээ. Тиймдээ ч Д.Төмөр-Очир гуайн сэтгэлд П.Нэргүй доктор томоохон орон зайг эзлэн оршдог биз ээ.

Харин С.Амарсанаа бол Ардчиллын анхны партизануудын нэг. Д.Төмөр-Очирын тодорхойлсноор “Монголд Ардчилсан хувьсгал ялахад хамгийн их гавьяатай, хамаг л “гал тогоо”-ны ажил хийж байсан хүн. Одоогоор бол намын генсек. Бүхий л харилцаа холбоо, зохион байгуулах ажлыг С.Амарсанаа хийдэг байж. Тэрбээр 1990 оны тэмцлийн он жилүүдийг он, сар, цаг хугацаа, үйл явдалтай нь хамгийн сайн мэдэх хүн. Тиймдээ ч 30 жилийн өмнөх залуусын тэмцэл, нийгмийн амьдралыг тэр чигээр нь бодит архивтаа тулгуурлан “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” хэмээх номыг бичсэн байна.

Энэ номын нэг л хуудсыг эргүүлээд уншвал тэр үеийн залуусын эрчтэй, цогтой, зоригтой амьдрал нүдний өмнө бодит дүрээрээ бууна. Хэнээс ч, юунаас ч айхгүй хэлье гэснээ шуудхан хэлчихдэг эрх чөлөө. Энэ л залуусын тэмцлээр өнөөгийн бидэнд ирснийг мартаж болохгүй. Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байлгах гэж тэд өвлийн ийм л хүйтэнд өлсгөлөн зарлаж суусан юм шүү. Энэ цаг хугацаа, үйл явдал, өөрчлөн байгуулалт зөвхөн Ардчиллын түүх биш ээ. Ерөөс энэ Монголын түүх, Монголчуудын ололт, амжилт юм. Ийм л бодлыг өвөрлөн Д.Төмөр-Очир гуайн гэрээс гарахад гадаа зөөлөн цас бударч байлаа. Яг л бүх зүйл шинээр эхлэх мэт…