З.Нарантуяа: Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зөвшилцөлд хүрсэн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.11.13) хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг  хийв.  Энэ хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс гаргасан “УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө” гэсэн саналыг дэмжлээ. Ингээд УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөх ажлын хэсгийн ажил ямар шатанд явна вэ?

-Зөвшилцөх ажлын хэсгийнхэн уулзаж хэлэлцэх ёстой гурван асуудлын эхнийхийг нь тохиролцсон. Энэ асуудал нь Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрөө бүрдүүлдэг болох тухай юм. Үндсэн хуульд энэ удаа нэмэлт өөрчлөлт оруулж буй хамгийн гол агуулга нь. Парламент, Засгийн газар хоёр өөр өөрийн үүргээ гүйцэтгээд бие биедээ харилцан хяналт тавьдаг механизм нь тэнцвэртэй байх ёстой.
 
 УИХ-аас Засгийн газрын сайд бүрийг томилоход хэт их оролцдогоос Засгийн газар багийн зарчмаар ажиллах, бодлого хэрэгжүүлэхэд нэгдэж  чадахгүй асуудал нэлээд гардаг. Үүнээс улбаатай төрийн бодлого тогтворгүй, залгамж халаагүй байна гэсэн шүүмжлэл олон жил яригдаж ирсэн. Энэ асуудлыг шийдэхээр оруулсан заалтыг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-ын олонх дэмжилгүй унагасан. Харин одоо зөвшилцөх ажлын хэсгээс уг асуудлыг дахин ярилцаж буцааж оруулахад санал нэгдсэн.
 
-Мөн сонгуулийн тогтолцооны асуудлыг Ардчилсан намын зүгээс бас тавьсан. Тодорхой зөвшилцөлд хүрсэн гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хоёр дахь зөвшилцөх асуудал нь сонгуулийн тогтолцоо. Ардчилсан нам анхнаасаа л Үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлтийн нэг нь сонгуулийн тогтолцоогоо тодорхой зааж өгөх асуудал гэж үзэж байсан. Сонгуулийн жижиг мажоритар тогтолцоо нь УИХ-ын 76 гишүүнийг 76 тойрогт анхаарал хандуулахад түлхдэг. Тэгээд төсвийн мөнгө, төрийн бодлогыг өөрийн тойрогтоо илүү хуваарилахын төлөө уралдахад хүргэдэг тогтолцоо гэж бүгд шүүмжилж ирсэн. Гэвч энэ тогтолцоог зоригтой засч залруулаагүй. Улсын хөгжлийн бодлого, ирээдүйгээ тодорхойлж, мөнгө санхүүгээ зөв зарцуулахад хамгийн тохиромжтой пропорционал тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх асуудал оруулсныг УИХ дах МАН-ын бүлгийн олонх гишүүн дэмжилгүй  унагасан. Энэ тогтолцооны шинэчлэлт хийхгүйгээр парламент төлөвших, улсын хөгжлийн бодлого ярьдаг болох тухай ойлголт байхгүй. Тэгэхээр ирэх сонгуулийн үр дүн, зөвхөн өөрөө сонгогдох хувийн эрх ашгийг  бодолгүй пропорционал, мажоратор хосолсон холимог тогтолцоо бүрдүүлэх шаардлага Ардчилсан намаас тавьсан.

-Зарим хүн энэ холимог тогтолцоог шүүмжилдэг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Жагсаалтаар УИХ-д орох буюу пропорционал тогтолцоог “Зөвхөн намын нэр дугуйлдаг. Нам чадваргүй хүмүүсийг жагсаалтад оруулдаг” гэсэн  шүүмжлэл дагуулдаг. Ийм учраас  тэр жагсаалтад орсон хүнийг нь сонгогчид дугуйлдаг, хүнийх нь төлөө санал өгдөг болгох юм. Өөрөөр хэлбэл аль нэг намаас сонгогчид хэдэн хүн дугуйлна, түүнтэй хувь тэнцүүлж сонгуульд ялсан намыг гаргана гэсэн үг. Энэ талаар нэлээд удаан ярилцсаны эцэст зөвшилцлийн ажлын хэсэг уг зарчмыг тохирсон. Одоо хэзээнээс эхэлж сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал үлдсэн. МАН-ынхан 2024 оноос эхэлж УИХ-ын сонгуулийг энэ шинэ тогтолцоогоор явуулдаг болъё гэж байгаа. Ардчилсан намын зүгээс “Хэрэв Үндсэн хууль батлагдаад 2020 оны зургадугаар сараас эхлэн мөрдөнө гэвэл энэ заалт Үндсэн хуультайгаа хамт энэ заалт хэрэгжих ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгээд уг асуудлыг УИХ дахь өөр өөрийн намын бүлэг, зөвлөлөөр ярилцаад эргэж уулзахаар болсон.   

-Засгийн газарт өнөөдөр УИХ-ын гишүүд сайдын алба давхар хашдаг. Ийм учраас “Давхар дээлийг тайлъя” гэсэн шүүмжлэл их гардаг. Тэгвэл Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлдэг болбол давхар дээлийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?

-Сонгуулийн тогтолцоог холимог болгоё гэж байгаа тохиолдолд энэ асуудал яригдана. Ийм учраас зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн, давхар дээлтэй байж болно. Засгийн газрын бусад сайд нарыг гаднаас томилохоор оруулъя гэдэг асуудлыг ярьсан.

-Тэгэхээр тодорхой асуудлуу­даар зөвшилцөлд хүрч байгаа юм байна. Харин сонгуулийн холимог тогтолцоог мөрдөж эхлэх цаг хугацааны талаар зөвшилцөлд хүрэхгүй бол яах вэ?

-Үндсэн хуульд нэмэлт оруулах зөвшилцлийн ажлын хэсэг хэлэлцэх ёстой гурван асуудлын хоёрт нь үндсэндээ зөвшилцөлд хүрч,  ажил амжилттай явж байгаа. Ийм учраас гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах болов уу гэж бодож байна. 

-Ардчилсан намаас тавь­сан гурав дахь асуудал нь Ерөн­хийлөгчийг парламентаас сонгодог болох тухай. Энэ асууд­лаар хэрхэн зөвшилцөж байна вэ?

-Энэ асуудлаар нэлээд удаан ярилцсан. Сонгодог парламентын зарчмаар дийлэнх оронд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог. Гэвч манай орны өнөөгийн нөхцөл байдал, учирч болох эрсдэлээ харгалзан үзэх ёстой гэсэн саналыг ажлын хэсгийн олон гишүүн гаргасан. Хэт эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын хооронд ямар асуудал үүсэх, зөв тэнцвэрээ хэрхэн олж ажиллаж чадах вэ гэдгийг харахад нэгдүгээрт, цаг хугацаа хэрэгтэй. Хоёрдугаарт, өнөөгийн УИХ шиг нэг нам хэт олонх болсон тохиолдолд эрх мэдэлтэй Ерөнхий сайдтай дээр нь, Ерөнхийлөгч нь парламентаас сонгогдвол төрийн гурван өндөрлөг гурвуулаа нэг намын гарт орох эрсдэл бий. Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн талаар хоёр чухал заалт орсон. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдохоор тусгасан. Хоёрт, Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ. Бусад хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл эдлүүлэхгүй гэсэн заалт бас орсон. Ийм учраас гүйцэтгэх засаглалд Ерөнхийлөгчийн оролцох нөлөөлөл хязгаарлагдсан гэж үзэж байгаа. Тэгэхээр эхний хоёр асуудлаар зөвшилцөлд хүрвэл гуравдахыг нь орхиё гэсэн саналыг олон гишүүн хэлж байна. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг хэзээ эхлэх төлөв байна вэ?

-Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй. Яг хэзээ эхлэхийг нь сайн мэдэхгүй. УИХ-ын даргын зөвлөлөөс шийдвэр гарна.
 
Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН