"Монголын түүх-Монгол бахархал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна. Уралдааны талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал нар өнөөдөр олон нийтэд хүргэв. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах эсээ бичлэгийн уралдаан нь эх түүхийн мэдлэгийн хүрээгээ тэлэх сонирхолтой, сэдлийг төрүүлэх,  өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд тус дэм үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Эсээ бичлэгийн уралдаан нь   арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс  арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдана. Үүнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчид оролцох юм.
 
Тэргүүн байр -1. Өргөмжлөл – 3 000 000 төгрөг

Дэд байр – 2. Өргөмжлөл, хүн тус бүр 2 000 000 төгрөг

Гутгаар байр – 3. Өргөмжлөл, хүн тус бүр 1 000 000 төгрөг

Тусгай байр -3. Өргөмжлөл, хүн тус бүр 500 000 төгрөг
 
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://president.mn цахим хуудаснаас авч болох ажээ.