С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгал бол эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа

Тэртээх 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгал 30 нас хүрлээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ардчиллын анхдагчид, ахмад зүтгэлтнүүд, гишүүд, дэмжигчиддээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал гардуулж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Баянхонгор, Архангай, Хөвсгөл аймгийн ардчиллын ахмад зүтгэлтнүүд, гишүүд, дэмжигчдэд төрийн шагнал гардууллаа. С.Эрдэнэ “Одоогоос 30 жилийн өмнө өвлийн хүйтэн жавар тачигнасан өдрүүдэд бид эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан юм. Өнөөгийн залуусын өсч, бойжсон энэ ардчилсан нийгмийг бий болгохын төлөө тэмцэж байсан өдрүүдийг одоо ч тод санаж байна. Ардчилсан хувьсгал  бол тусгаар улсын жинхэнэ баталгаа. Ардчилал бол хэн нэгний өмч биш. Монголын нийт ард түмний үйл хэрэг. Өнөөдрийн 30 настай залуус ардчилсан нийгэмд өсч, бойжсон. Тиймээс ч өнөөгийн залууст Ардчилсан хувьсгалын түүхийг үнэнээр нь үлдээх, ардчиллын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах нь чухал. Ардчиллын дараагийн 30 жилийн түүхийг залуус та нар бичиж үлдээх хариуцлагатай цаг үед амьдарч байгаа шүү” хэмээн онцоллоо.