С.Эрдэнэ: СӨХ-дын хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай байна

УИХ-ын баасан гаргийн (2019.11.29) нэгдсэн чуулганаар Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнийн 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар танилцуулав.
 
    -СӨХ орон сууцны томоохон засвар үйлчилгээ хийх ямар ч боломжгүй-
 
   УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
 
  -Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, төр хүний эрх эрх чөлөөг хангах, эдийн засаг, нийгмийн хууль эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөний зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг үүрэгтэй байх тухай заасан байдаг. Мөн Иргэний хуульд Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна гэсэн заалт бий. 1996 онд Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны (СӨХ) эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Ингээд 1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Үүний 881 нь нийслэлд, орон нутагт 141 СӨХ ажиллаж ирлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дод нийт 153 мянга 312 орон сууц бүхий 2368 байр хамрагдаж байна. Орон нутагт 42 мянга 267 орон сууц бүхий 1009 байр хамрагдаж байгаа юм. 
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байнга гарч байна. 
 
-Засгийн газрын дэмжээгүй саналуудад судалгаа хийсэн. Засгийн газраас ийм ийм шалтгаанаар энэ саналыг дэмжих боломжгүй  гэсэн тодорхой санал ирээгүй. Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй гэсэн санал л ирсэн. Сууц өмчлөгдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, СӨХ-дын бие даасан байдал, СӨХ-ын төв зөвлөл гээд олон нийтийн үүсгэл санаачилгаар ажилладаг байгуулагуудын хувьд  төрийн оролцоо эрх зүйн талаасаа байдаг ч бусад чиглэлд хязгаарлагдмал юм.  Хуулийн зарим нэг заалтаар нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, лифтний засварыг улсын хөрөнгө оруулалтаар нэг удаа хийж болно гэдэг зохицуулалт бий. Өөр оролцоо төрийн зүгээс байдаггүй. Тэгэхээр энэ хуулиар  СӨХ-дын тодорхойгүй байгаа асуудлыг зохицуулахаар тусгасан. СӨХ-дын дээд  зөвлөл нь бусад холбоодоос татвар авч амьдардаг. Мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэхээс өгсүүлээд хяналт шалгалт тавих зэрэг чиг үүрэг тодорхойгүй явж ирсэн. Эдгээр асуудлуудыг тодорхой болгож өгсөн. СӨХ-ын дээд зөвлөлийн ТББ-ын статусыг хадгалах нь зүйтэй гэж хуульд тусгасан байгаа. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудал бий. Тухайлбал, газар, нийтийн шугам сүлжээ, подваль, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хариуцсан тодорхой эзэн байдаггүй. Хуулийн шинэчлэлтээр энэ дундын өмчийн асуудлыг зохицуулахаар тусгасан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналыг тусгаад явах боломжтой. Хамгийн гол нь газартай холбоотой асуудал бий. Жишээ нь 36 айлын орон сууц байлаа гэж бодъё. Тэр байрны доод газар нь хэний өмчлөл вэ, үүнийг хэрхэн хууваарилж тооцох юм бэ гэдэг маргаантай асуудал байгаа. Энэ талаар нарийвчилсан судалгаа хийж цаашид холбогдох Улсын Бүртгэлийн ерөнхий хууль,  Газрын тухай хуулиудаар зохицуулах боломжтой гэж харж байна.
 
 
-Нийтийн эзэмшлийн орон сууцны засвар үйлчилгээ, насжилт зэрэг асуудлыг нарийвчлан судалсан. Шинэ орон сууцны СӨХ-дын ачаалал харьцангуй бага. Хураамжийн орлого нь өндөр, үйл ажиллагаа явуулах боломж нь давуу байдаг. Олон жил болсон насжилт өндөр орон сууцны СӨХ-д ямар ч өндөр хураамж тавиад засвар үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийгээд явах боломж бараг байхгүй. Хайс хашаа янзлах, будаг шунх хийх, үйлчлэгчийн цалин гээд мөнгө нь дуусдаг. Тэгэхээр Д.Лүндээжанцан гишүүний ярьсан засвар үйлчилгээний хөрөнгө оруулалтыг одоогийн СӨХ-д хийх ямар ч боломжгүй. Одоогийн хуулиар дээвэр, лифтний засварыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж төсвийн хөрөнгө оруулалтаар нэг удаа хийх зохицуулалт байгаа. Хуулийн төсөлд ханын дулаалга, засвар үйлчилгээг хэрхэн хийх зохицуулалтыг хөндсөн. Орон сууц хувьчлахдаа цаашдын засвар үйлчилгээг хэн хариуцахыг орхигдуулсан юм билээ. Ялангуяа дундын өмчлөлийн асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа юм.
 
Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН