"Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол орноо Ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой өнөөдөр /2019.12.10/ тохиолоо. Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал батлагдсан өдөр МоАХ байгуулагдсанаа зарлаж Залуучуудын соёлын төвийн өмнө анхны цуглаанаа хийсэн өдөр. Энэ цуглаанаас Монголын Ардчилсан Холбоо олон намын систем тогтоох, хэлмэгдэгсэдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, хүний эрхийг дээдлэх зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан түүхтэй. Цагаан морин жилийн хэмээн нэрлэгддэг 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд улс төр, нийгэм эдийн засгийн цоо шинэ тогтолцоог тогтооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан. Чухам энэ цуглаан дээр тэрээр алдарт “Хонхны дуу”-аа дуулж олон түмнийг ардчиллын төлөөх тэмцэлд дуудсан.

Ардчилсан намын удирдлагууд жил бүрийн энэ өдөр С.Цогтсайхан агсаны хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Ардчиллын дуучинд зориулсан энэ хөшөөг Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилгаар анх цогцлоосон түүхтэй. С.Цогтсайхан агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Г.Энхболд, Нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Д.Баттулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хонх хамтлагийн гишүүн тэргүүтэй МУГЖ Н.Энхбаяр, С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр болон тус намын гишүүд, дэмжигчид, “Хонх” хамтлагийн дууг сонсох дуртай фэнүүд нь хүрэлцэн ирж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.