УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хориг болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хориг болон бусад асуудлаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр бол онцгой өдөр, хүний эрх, эрх чөлөөг олгох, шударга ёсыг тогтоох, үндсэн хуулий өөрчлөх гээд энэ том шаардлагуудыг тавьсан Ардчилсан хувьсгалын анхны жагсаалын өдөр, тиймээс Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа эдгээр өдрүүдийг тохиолдуулан Ардчилсан эрх чөлөөт Монгол улсын нийт ард түмэндээ баярын мэнд хүргэе” хэмээн хэвлэлийн хурлын эхэнд онцлон хэллээ. Ингээд хэвлэлийн хурлаар эдгээр өдрүүдэд анхаарал татаж буй хэд хэдэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах ёстой

Ерөнхийлөгч үндсэн дөрвөн зүйл дээр хориг тавьсан. Эхний хоёр нь 2020-2024 онд хэрэгжих болон дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар, дараагийх нь нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хувийг нэмсэнтэй холбоотой асуудлаар, хамгийн сүүлд ирээдүйн өв сантай холбоотой асуудлууд дээр хориг тавьсан байгаа. Эдгээр асуудлууд дээр мэдээлэл хүргэж байна.

Нэгдүгээрт: Өчигдөр МАН байр сууриа илэрхийлэн хэвлэлийн хурал хийсэн. Ерөнхийлөгчийн хоригийн эдгээр зүйлээс нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хоригийг хүлээж авна, бусдыг авахгүй гэсэн байна. Ардчилсан намын зөвлөлийн зүгээс 2020 оны төсөв хэлэлцэж байх үед өөрсдийн дүгнэлтийг чуулган дээр тавьсан. Энэ нь өнөөдрийн Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой зүйл заалт нь Улсын эдийн засагт хор хохирол учруулахаар болсон байна гэсэн дүгнэлтийг маш тодорхой тавьж байсан учир өнөөдөр энэ талаар дахин байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж харж байна. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар анхаарал татаж байгаа сэдэв бол түүх соёлтой холбоотой барилга байгууламжийг нураах болон дахин төлөвлөх асуудлууд анхнаасаа бидний анхаарлыг татаж байсан. Байгалийн түүхийн музейг нураах явдал нь түүх соёлоо хүндэлдэг олон иргэдийн сэтгэлийг их эмзэглүүлсэн. Монгол улс анхны хотоо байгуулсан энэ түүхт барилга байгууламжийг ямар ч байдлаар дахин сэргээх, дахин шинээр барих ч байсан ямар ч нөхцөлд хуучин хэв шинжийг нь хадгалж явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд энэ түүхт өв соёлын барилга байгууламжтай холбоотой төсөвт өртөгийн хэмжээ 539 тэрбум төгрөг байгаа. Үүнээс нийт обектуудаас 2020 онд санхүүжих нь 94,7 тэрбум төгрөг байна. Тэгэхээр энэ УДЭТ, Дуурийн театр, Төв номын сан зэрэг энэ барилга байгууламжуудад маш бага хэмжээний төсөвт өртөг тусгаж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа учраас Ардчилсан нам үүнтэй санал нийлэхгүй байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтай холбоотой эдгээр асуудлуудад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй, цаашдаа алдаа оноогоо засаж залруулах ёстой хэмээн үзэж байна.

Хоёрдугаарт: Нийгмийн даатгалын асуудлын талаар Ардчилсан нам удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Энэ бол мэдээжийн асуудал байсан. Өнөөдөр цалин нэмсэн гэж ярьж байгаа ч цалин өсөөгүй. Сангийн сайд мэдэгдэхдээ инфляцийн өсөлтөөр цалинг нэмсэн гэж байгаа боловч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт адил хэмжээнд байхад үүнийг цалингийн өсөлт гэхгүй. Иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмж чадахгүй байж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, татварын дарамт учруулж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн нийгмийн даатгалын асуудалд тавьсан хоригийг бид дэмжиж байгаа.

Гуравдугаарт: Ирээдүйн өв санд нийтдээ 900-аад тэрбум төгрөг цугларсан. Бараг их наядруу дөхөж байна. Бид ирээдүйн өв санг батлахдаа бие даасан хараат бус байна гэж баталсан. Энэ бол ямар нэг төрийн байгууллагын хяналтанд хэрэгжихгүй, ард түмний сан байх ёстой гэсэн хуулийг 2015 онд баталсан. Гэтэл эрх баригчид эдийн засгийн энэ таатай нөхцөлдөө Ирээдүйн өв санг карпорацийн хэлбэрт оруулах ямар ч санаачлага гаргаагүй. Харин Сангийн яамны мэдэлд оруулах хуулийн өөрчлөлтийг бид нар тухайн төсвийн хууль дээр буруутгаж байсан хэдий ч эрх баригчид хүч түрэн баталсан. Тиймээс ирээдүйн өв сан бие даасан хараат бус байна гэсэн хуулийн заалт нь зөв гэж харж байгаа учир үүнтэй холбогдох Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бид үзэж байна. 2020-2024 онд засгийн газар 20,9 тэрбум төгрөгийн гадаад өр төлөх ёстой. Гэтэл бид нар 2020 оны төсөвтөө хөрөнгө оруулалт нэрийн дор 3,6 их наяд төгрөг бүхий ийм хөрөнгө оруулалтыг сонгууль дөхсөн нэрийдлээр тойргуудад хуваарилсан нь зарчмын хувьд буруу. Урд 2012 оны сонгуульд орохын тулд эрх баригчид 1 тэрбум доллорыг иргэдэд бэлнээр тарааж байсан. Энэ нь эдийн засгийн ямар ч үр дүн үзүүлэлгүй, өрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Одоо яг энэ аргаар 2020 оны сонгуульд хэлбэрийг нь багахан өөрчлөөд тойрог дээр ажилласан нэрийдлээр сонгуулийн үйл ажиллагаанд бэлдэж байгаа нь маш буруу. Ирэх он бол өр дарах жил эхлэх ёстой.

Дөрөвдүгээрт: УИХ-ын Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудал. ҮХНӨ-д холимог тогтолцоотой байх, нам болон хүнийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр оруулна гэсэн саналтай байсан боловч харамсалтай нь энэ санал унасан. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ хувь тэнцүүлсэн өөрчлөлтийг оруулж ирэхдээ Ардчилсан намын нэрийг барьж байгаа нь буруу. Ардчилсан ийм тулгалтыг хийх санал оруулаагүй. УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох маш харгис тулгалтыг оруулж ирж байна. Энэ бол Ардчилсан сонголтыг маш буруугаар хэрэглэх үүд хаалгыг нээж байна. Бид үүнтэй санал нийлэхгүй. Сонгуулийн тухай хуулийн процедурын асуудлыг Ажлын хэсгийн түвшинд зайлшгүй ярих хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх бүрхэг байдлаар оруулж ирэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Сонгуулийн хууль өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Зөрчлийн хуульд маш том өөрчлөлт орж байна. Зөрчлийн хууль ингэж өөрчлөгдөж байгаа нь сонгууль маш их маргаан болно гэдгийн дохио. Аливаа асуудлыг элдэв маргаанаас зайлсхийж сонгуульд ноцтой нөлөөлсөн зарим зүйл заалтуудыг нь шууд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулж ирэх нь шударга ёсонд нийцнэ. Сонгуулийн хугацаа нь дээр ч гэсэн эргэж харах зүйлүүд байна. Маргааш Ажлын хэсэг хуралдана. Бид саналаа хүргүүлсэн.

Ардчилсан нам өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлнэ. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг бол эрх баригчдын өөрсдийнх нь асуудал. АН зарчмын байр сууриа илэрхийлсэн, одоо ч хэвээрээ байгаа. Гагцхүү бидний байр суурийг буруугаар ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс өөрсдийнхөө хяналтыг тавиад явах болно.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй шалтгаанаар орон нутгийн төсвүүд эхнээсээ батлагдаад эхэлчихсэн болохоор хугацаа байхгүй гэх тайлбарыг өгч байна. Үүнийг шалтаг гэж харж байна уу? гэх сэтгүүлчийн асуултанд тэрбээр, - Энэ бол шалтаг. Төсвийг Төсвийн тухай хууль батлагдсанаас хойш хэлэлцэх ёстой. Өнөөдөр хууль хүчин төгөлдөр болоогүй байхад төсвөө баталж байгаа бол орон нутаг өөрөө хууль зөрчиж байна гэсэн үг. Сонгуулийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэж заасан байна. Энэ заалтын Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн гэдэг маш ойлгомжгүй байгаа юм. Үндсэн хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэж сонгогдох эрхийг нь хязгаарлах боломж бүрдүүлсэн нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэж харж байна. Тиймээс үүнийг Үндсэн хуульдаа нийцүүл гэж шаардаад байгаа юм” хэмээлээ.