ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ ГЭВ

УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж, үүнтэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд хүргэлээ. Хуралдаанаар "Үнийн өсөлт болон инфляци өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлсийн талаар, мөн өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн байнгын хороо, болон чуулган дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн асуудлаар олон санал бодол гарч байгаатай холбогдуулан Ардчилсан намын Зөвлөлөөс байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Д.ЭРДЭНЭБАТ: ӨНГӨРСӨН ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ ОРОНД СҮЙРЛИЙН ЖИЛҮҮД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

 

   Өнөөдөр улс оронд болон иргэдийн амьдралд эдийн засгийн нөхцөл байдал хүндээр нөлөөлж байна. Ийм үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Хэнтий аймагт ажиллажээ. Хэнтий аймаг болоод улс орны хувьд хамгийн чухал асуудал бол нэг тойргийн нөхөн сонгууль биш. Хэнтий нуруунд гарсан гал түймэр олон километрт хүрч байна. Энэ нь Хэнтийн нурууны зүүн хэсгийг тэр чигт нь хамарч, онц байдал үүссэн. Гэтэл Засгийн газар нөхөн сонгуулийн нэг тойрогт ийнхүү анхаарч байгааг буруу гэж харж байна. Олон хоног үргэлжилж байгаа энэ түймэрт Засгийн газар дорвитой арга хэмжээ аваагүй, тэнд хэрэгтэй байгаа хүн хүч, техник хэрэгсэл болон хоол хүнсний дутагдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. Үүгээр зогсохгүй сонгуулийн хуулийг зөрчиж сурталчилгаа хийхийн тулд Засгийн газар бараг тэр чигээрээ Хэнтийд очжээ. Мөн төсвийн хуулийг зөрчиж олон тэрбумын амлалт өгч байна.

 

Үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол оронд сүйрлийн жилүүд болж өнгөрлөө. Олон сая ам.доллар орж ирж  эдийн засаг сайжирч байгаа гэх боловч бага дунд орлоготой иргэдийн амьдрал хүнд хэцүү байдалд хүрээд байна. Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж буй энэ цаг үед Ерөнхий сайдыг бодит нөхцөл байдал буюу хөрсөн дээрээ бууж ажиллах шаардлагыг бидний зүгээс албан ёсоор хүргүүлж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6,8 хувьд хүрсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар инфляци 10 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ урьд хожид байгаагүйгээр өсөж, иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгааг эрх баригчдад анхааруулах нь чухал гэж бид үзэж байна. Инфляцид маш ихээр нөлөөлж буй хоёр хүчин зүйлийг нэрлэвэл:

 

Нэгдүгээрт: Шатахууны үнийн өсөлт. 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж өнөөдрийн байдлаар шатахууны дундаж үнэ 500 төгрөгөөр өсчээ. 

 

Хоёрдугаарт: Махны үнийн өсөлт. Хэдийгээр махны экспорт нэмэгдэж байгаа сайн тал байгаа боловч үүнийг дагасан сөрөг үр дагавраар нийт үнийн өсөлтийн 20 хувийг махны үнэ дангаараа эзэлж байна.  Ард иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа хэдий ч энэ нэмэгдэл нь үнийн өсөлтөд өртөж,  ахуй амьдралд дэм болсон зүйл огт алга.Мөн дараагийн хэлэлцсэн асуудал болох Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаарх ташаа ойлголтод мэдэгдэл хийсэн юм.

 

33 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ХУВААГААД ИДЧИХСЭН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт 33 их наяд төгрөгийг хулгайлсан байх магадлалтай гэх ташаа мэдээлэл явсан. Энэ хуулийг 2015-08-07-ны өдөр баталсан. Хууль хэрэгжсэний дараа нийт 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол Ардчилсан намын Засгийн газрын үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй. Тус хуулийн хүрээнд 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас нийт иргэд бизнес эрхлэгчид чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл 34.7 их наядын 11 их наяд төгрөг нь иргэдийн болон бизнес эрхлэгчдийн татварын орлогын чөлөөлөлт байсан. Үлдсэн мөнгө нь бол нийгмийн даатгалын шимтгэл болон санхүүгийн тайлан бүртгэлийн бичилтийн өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зөрүү зэрэг багтаж байсан.

 

Ард түмэн энэ хуулиар дамжуулан өөрийн даатгал шимтгэл болоод бизнес эрхлэгчид санхүүгийн тайлан бүртгэлээ ил болгож чадсан юм. Тэрнээс энэ 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хуваагаад идчихсэн зүйл огт байхгүй. Хэрвээ төр нэг хууль гаргачихаад үүнийгээ буцаад адалж эхлэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана. Бондын зарцуулалт нь 33 их наядтай огт холбоогүй гэдгийг тодорхой жишээ дээр тайлагнахад: Нийтдээ АН-ын үед авсан бондын хэмжээ 2.5 тэрбум. Бондыг  Хөгжлийн банк болон Арилжааны банкаар дамжуулан зээл олголтоор хийж, Монгол улсын бүтээн байгуулалтад зарцуулагдсан. Төслийн хүрээнд 3405км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замаа улсын хэмжээнд 2,2 дахин өсгөж чадсан. Буянт-Ухаа 1,2 дугаар хороолол баригдаж, жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, гудамж төслийн хүрээнд нийт 33 уулзварын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэс таван толгойд өгсөн дэмжлэгийн зээл, ЖДҮ-ийг дэмжих төслүүд,  96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжсэн гээд үр өгөөжөө өгсөн олон санхүүжилт олгосон. Эдгээр нь цаанаа эзэнтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, гүйцэтгэлтэй зээлүүд байсан. Тэр 33 их наядаас хамаарахгүй зүйл бишээ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашдаа Ардчилсан нам энэ асуудлаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс ажиллах болно гэлээ.