БАЯНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХАМТДАА ХЭЛЭЛЦЛЭЭ

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны санаачлагаар Гэр бүлийн тухай хуулийг орон даяар хэлэлцүүлэх аяныг энэ оны гуравдугаар сарын 1-нд эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн АЭХ-ноос “Гэр бүлийн хуулийг хамтдаа хэлэлцье”  сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, дүүргийнхээ эмэгтэйчүүдийн саналыг сонссон юм. Арга хэмжээнд АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Баянгол дүүргийн АЭХ-ны тэргүүн Н.Нинжбадгар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлын талаар хамтдаа ярилцсан юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, архидалт, хүүхдийн тэтгэмж, боловсролын ялгаатай байдал зэрэг өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг Баянголчууд хөндлөө. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх боломж хязгаарлагдмал байгааг сануулаад Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох шийдвэрээсээ ухарсанд бухимдаж байгаагаа  илэрхийлж байлаа.

 

Ардчилсан намын Үзэл баримтлалын хүрээнд гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн бодлогыг дэмжсэн иргэний нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ нь орон даяар өрнөж буй Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэг юм. Энэхүү хэлэлцүүлэг ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон хүн бүрийн санал санаачлагыг тусгасан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулан холбогдох хүмүүст өргөн барих юм.