Л.Сантцэрэн: Ардчилал бидэнд аавыг минь өгсөн

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан “Ардчилал бидэнд юу өгөв” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны нийтлэлийн төрөлд хоёрдугаар байрт шалгарсан "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Х.Уянгын ярилцлагыг  хүргэж байна.

 

Амьдрал алагтай, цоогтой гэвч Цогт-Очирын Лоохууз агсны туулсан шиг нь олон биш. Сэргэлэн, авхаалжтай төрж, өндөр боловсрол эзэмшин, дарга нараас өөрөөр сэтгэснийхээ “шагнал”-д насаараа “улс төрийн гэмт хэрэгтэн” хэмээгдэж, хэлмэгдсэн түүнийг дурсаж, хүүтэй нь ярилцлаа.

-Аав тань өмнөх нийгмийн үед хэлмэгдэж явсан сэхээтэн, одоогийн залуус кино, зохиолоос л олж үзэх амаргүй хувь тавиланг туулсан хүн. Хүүгийн хувиар аавынхаа талаар дурсаач?

-Би аавыг 48, ээжийг 40-тэй байхад, аавыг хэлмэгдэж, сайдын албан тушаалаас малчин болж, хөдөө цөлөгдсөн үед нь төрсөн. Аав, ээж хоёр маань ханилаад олон жил өнгөрсөн ч хүүхэдтэй болж чадаагүй. Сайд дарга байхдаа гадаад, дотоодын эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгээд ч нэмэр болоогүй учраас хүү, охин хоёр өргөж авсан юм билээ. Аав минь 1964 онд нутаг заагдан, Өвөрхангай аймгийн Эрдэнэсант сумд хоньчин болсон. Хөдөө гарч, мал ахуйн ажил хийгээд бие хаа нь чангарсан юм уу, 1971 онд би төрсөн. Аав минь намайг төрөхөд их баярлаж, өлзийгөө өгсөн нутаг усаа бэлгэшээн, Сант гэдэг нэр хайрласнаа хааяа очдог мэргэн өвгөндөө хэлтэл “Цэрэн гэж нэм” гээд, Сантцэрэн болгосон юм гэнэ билээ.

-Яагаад нутаг заагдаж, хоньчин болсон талаар нь залуус тэр бүр мэдэхгүй байж магадгүй.

-Аав Санхүүгийн техникум, Намын дээд сургуулийг онц дүнтэй төгсөөд, “Нам, төрийн шилдэг, ирээдүйтэй залуу гишүүн” хэмээн шилэгдэж, МАХН-ын Төв хорооны Лекторын товчоонд ажиллаж байгаад ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд явсан. Уг сургуульд сурсан анхдагчдын нэг болж, орос хэлийг сайн эзэмшсэн тул БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэл рүү хөрвүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байсан гэдэг. Тэр үеэсээ л нам, төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар дарга нарын санаанд таарахгүй зүйл ярьж, болохгүй этгээдийн тоонд орж эхэлсэн бололтой юм билээ. Улсын өмнөө барих боловсролтой сэхээтэн хэмээн үнэлж, түүхээ орчуулах үүрэг хүртэл өгч байсан нам, төр нь түүнийг төгсөөд ирэхэд хөдөө томилсон байдаг.

Аав Говь-Алтай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байхдаа ажлыг гялалзуулсан. Ажил үйлс нь сайн байсан болохоор МАХН-ын Төв хороо татаж, Сангийн аж ахуйг удирдах газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар дэвшүүлж. Тэр үед ч аав нам, төрийн ажилд шүүмжлэлтэй хандсаар байж. 1964 онд, ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт суралцаж байхдаа аав МАХН-ын Төв Хорооны 1964 оны VI бүгд хуралд оролцож, нам, төрийн удирдлагыг хүчтэй шүүмжилсэн юм билээ. Энэ талаар нь “МАХН-ын товч түүх” номд “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар урьд өмнө гаргаж байсан эрүүл бус үзэл, алдаатай бодлогоо улам гүнзгийрүүлж, МАХН түүний Төв хороо болон намын бодлогыг марксизмленинизмд харш үзлийн үүднээс ямар ч ул үндэсгүй гүтгэн дайрч, намын интернационалч чиг шугамыг хянан үзэх гэсэн үл бүтэх оролдлого хийснийг Намын Төв хорооны гишүүд, орлогчид гүнээ жигшин, нэгэн дуугаар эрс буруушааж, намын жанжин шугамыг эсэргүүцэгч эдгээр этгээдээс намын дотор хагарал гаргах зорилготой, зохион байгуулалт бүхий бүлэглэсэн явуулгыг илчлэн, бут цохив” гэсэн байдаг. Ингээд “улс төрийн дайсан” хэмээгдэж, хөдөө цөлөгдөн, хоньчин болсон хэрэг.

Манайхыг Эрдэнэсантад нэг айлын хаяанд буулгаад, 200 төллөх хонь өгсөн. Аав бүтэн сар хонь хариулаад цалингаа автал 17 төгрөг өгч. Тэгэхэд ах хоёрдугаар анги, эгч сургуульд арай ороогүй, аав, ээж, аавын ээж, эгч гээд манайх ам бүл зургуул. Юм хямд байсан л даа. Гэхдээ л 17 төгрөгөөр дөрвөн том хүн, хоёр хүүхдын хоол хүнс, хувцас хунарыг яаж болгох вэ. Мал дагаж яваа ч нэгдэл нийгмийн “ялтай” өмчийг гаргаад идэх эрх байх биш. Махнаас эхлээд бүхнийг худалдаж авна. Нар, салхинд гандаж, бүтэн сар хонь хариулчихаад 17 төгрөг авахдаа аав сэтгэлээр унасан гэдэг. 1500 төгрөгийн цалинтай сайдын алба хашиж байсан хүн аргагүй шүү дээ.

Нам, засгийн зорилго бол ингэж сэтгэлээр унагаж, далайсан газар нь далд орж, далласан газарт нь ил гардаг нэгэн болохыг нь харах гэсэн байх. Харин тэдэнд бууж өгөхгүй, амьдралаа босгоно гэж зүтгэсэн юм билээ. Тэр түүхээ өөрөө их гоё ярьдаг сан.

 -Шоронд яагаад орсон юм бэ?

-Наймаа хийсэн, хувийн өмчтэй болсон гэж шоронд хийсэн шүү дээ. Аав 17 төгрөгөөр зургаан ам бүлээ яаж тэжээх вэ гэж толгойгоо гашилгаж яваад хурганы арьс элдэж эхэлсэн юм билээ. Малчдын мал, төл бүгд тоотой, төлөвлөгөөтэй, үхсэн хурганы арьсаа ч авч хэрэглэж болдоггүй цаг байв шүү дээ. Хорогдсон малын арьс шир, чихийг тушааж, үхсэнийг нь нотлон, тоо бүртгэлээс хасуулдаг байж.

Аав үхсэн хурганы арьсаа тушааж яваад сумын бараа баазын агуулахаар дүүрэн хурганы арьс хураалттай, түүнийг хэн ч хэрэглэхгүй, хог болоод л хэвтэж байхыг харж л дээ. Нэг өдөр сумын даргынд ортол эхнэр нь үрчийж хорчийсон, муухан элдүүртэй хэдэн хурганы арьс дэлгэчихсэн дээлийн дотор эгнэх гээд сууж байж. Хурганы арьс ямар үнэтэй байдаг тухай сонирхтол “Манай энд хурганы арьс элддэг хүн ховор, олдоц муутай. Ийм муу элдүүртэй, цөөхөн арьс 15 төгрөгөөр арай гэж олж авсан” гэж үглэсэн байгаа юм. Тэгэхэд аавын толгой ажиллаж “Хурганы арьс сайхан элдээд аваад ирвэл авах уу” гэтэл “Авалгүй яах вэ” гэж. Бараа баазаас нэг арьс таван төгрөгөөр нэг худалдаж авч, нөгөөхөө гараа гарган элдээд, аваачиж өгтөл сумын даргын эхнэр элдүүр зөөлөн болсныг нь магтаж, “Дахиад ийм арьс байвал авна шүү” гэсэн байна.

Аав бөөн баяр Бараа бааз руу хүрч, даргын эхнэрийн өгсөн дарайсан шинэ тавтын дэвсгэртүүдээр гурван ширхэг арьс аваад харьж. Ингэж бага багаар мөнгөө өсгөсөөр сүүлдээ хангайн сумд руу явж, үхрийн шир олж ирээд сур хийдэг, сураа чөдөр, ногт, аргамжаа, бугуйл болгоод малаар сольдог болж. Яваандаа улам өргөжин, эмээлийн гөлөм, бүрэн тоногтой, мөнгөн чимэглэлтэй эмээл урладаг болсон. Ах, эгч, ээж, эмээ нар бүгдээрээ оёж шидэх, сүлжиж, томох ажилд нь тусална. Ингээд хоёр жилийн дотор идэшний цөөхөн хонь, саалийн хэдэн ямаатай, мах, сүүгээ хүнээс царайчлахааргүй товхийсэн амьдралтай айл болж. Намайг төрөх үед манайх сумдаа юм юмтай, баян гэгдэх айлын тоонд орсон байсан гэдэг. Хүн хичээж, арга эвийг нь олбол юуг ч бүтээж, сайхан амьдарч болно гэдгийг хувийн аж ахуй, наймаа арилжаа бүгд хориотой хаалттай нийгмийн үед аав харуулсан.

-Ингэхдээ улсад ямар нэг хохирол учруулаагүй биз дээ?

-Улсын даалгасан ажлыг цалгардуулаагүй, малаа малласаар л байсан. Аав, ээж хоёул хөдөө өссөн, мал маллах арга ухааныг мэддэг, маш хөдөлмөрч хүмүүс учраас төл алдана, үрэгдүүлж, хорогдуулна гэж ярихгүй. Улсын мал төллөдөгөөрөө төллөж, өсдөгөөрөө өсөж байсан. Улсыг ямар нэг байдлаар хохироохгүйгээр амьдралаа өөд нь татсан. Тэгээд буруудсан.

-Шоронд орсон шалтгааны тухай асуулт руугаа буцъя.

-Аавыг шийтгэж, хөдөө цөлсөн Төв хорооны тогтоолд, таван жил мал маллуулаад, баригадын даргын хэмжээний суурин ажилд томилохоор заасан ч долоон жил өнгөрчихөөд байхад тогтоолоо биелүүлээгүй. Эрдэнэсант арван жилийн сургуульгүй тул ах есдүгээр ангид дэвшихдээ өөр сум руу явах болж л дээ. Аав “Хүүхдийн сургууль ийм боллоо, бас оногдуулсан шийтгэлийн хугацаа ч дууссан” гэсэн утгатай өргөдөл, шилжих хүсэлт хоёр жил дараалан бичээд, зөвшөөрч өгөхгүй болохоор нь эртний танилындаа очиж, хэрүүл маргаан, хутга шөвгөндөө тулж байж зөвшөөрүүлсэн гэдэг юм. Ингээд Хархоринд гахай, тахиа үржүүлдэг туслах аж ахуйн баригадын тоо бүртгэгчээр очсон. Манайхан гахай, тахиа, туулай маллах мэдлэггүй, тэр баригадынх нь ажил муухан байсан болохоор тийш нь томилсон хэрэг биз. Аав тэнд очоод хашаа хороог нь засаж сэлбэж, байрыг нь халаахаас эхлээд өөд нь татсан. Ер нь аавын гар хүрсэн, оролцсон ажил сэвхийгээд л явчихдаг байлаа. Хархоринд манайх зургаан жил болсон.

Сангийн аж ахуйн дарга “хар” Гомбосүрэн гуай дээрээс тушаал авдаг байсан юм уу, аавыг их хяхаж, шахдаг байж. Хэлсэн, ярьсан, санаачилсныг дандаа үгүйсгэж, няцааж, юм юман дээр өөнтөглөнө. Гэвч аав Хархоринд очоод бас хөөрхөн орой зайгаа бий болгочихсон. Хашаандаа гахай, тахиа үржүүлж, гэртээ тоорой шаран, тэнд ажилладаг польшуудад гахайн мах нийлүүлдэг байлаа. Ингэсээр хувийн машинтай, гурван дугуйт мотоциклтой болсон. Хувийн машин гэдэг хөдөөгийн буйд сангийн аж ахуйд бүү хэл улсын хэмжээнд цөөхөн байв шүү дээ. Тэр нь даргад таалагдаагүй учраас дамын наймаа хийсэн, хувийн үйлдвэрлэл эрхэлсэн гэсэн ял тулгаж, зургаан жилийн хорих ял өгсөн. 1976 онд аав шоронд орж, манайх хот руу нүүж ирсэн.

-Ээжийг тань дөнгөж төрөөд, эмнэлгээс гарч амжаагүй байхад аавыг тань шоронд хийсэн гэж сонссон?

-Намайг таван настайд дүү минь төрсөн. Орой төрөлт болохоор төв газраа бараадсан нь дээр гэж эмч нар хэлж, аав ч тэгсэн нь зөв гээд бид хотод ирж, айлын хашаанд илүү гэр бариад түр амьдарсан юм. Тэгэхэд гудамжны дээд, доод үзүүрт суулын хоёр хар машин өдөржин зогсдог байлаа. Одоогийнх шиг машин тэрэг элбэг биш, тэр тусмаа гэр хорооллын гудамжинд тийм хар машин харагдана гэдэг маш содон, тод үзэгдэл байхгүй юу. Тэгтэл аавыг харуулдаж, ажиглаж байсан юм билээ.

Ээж эмнэлэгт хэд хоноод төрж, аав 50 гарсан хойноо дахин үртэй болсондоо хөл газар хүрэхгүй баярлан, хашааны эзэнтэй нэг шил “Кагор” дарс хувааж уусан юм. Аав хэзээнээсээ архи уудаггүй, онцгой баяр ёслолын үеэр багахан дарс балгадаг хүн л дээ. Тэгтэл гэнэт баахан хүмүүс орж ирээд, авдар савыг маань лацдаж, аавыг баривчлаад явчихсан. Тэрнээс хойш аавынхаа барааг хараагүй байж байгаад шоронд эргэж очсон доо. Аав Зүүнхараагийн Бэрлэг гэж хөвчид байдаг шоронд зургаан жил шахам суусан. Бэрлэгийн шоронгийн хоригдлууд мод бэлтгэх ажил хийдэг байсан ч аавыг таван жил гаруй болоход хашаанаас ганц ч гаргаагүй гэдэг юм. Эрх чөлөөгөө хасуулаад, хоригдож байгаа хүн чинь алхаж гишгэх нь хүртэл хязгаартай газраас түр ч болов гарахыг хүснэ шүү дээ. Гэтэл “шоронгийн сувилагч” гэсэн нэр зүүчихээд, гаргадаггүй байсан гэдэг. Их л аюултай этгээд гэж тооцсоны шинж шүү дээ.

Тэр үед унаа унаш ховор. Би 5-6-тай, дүү нялх. Ээж минь дүүг тэвэрч, би өөрөөсөө том цүнх чирээд, гурван өрөвдмөөр амьтан галт тэргээр Зүүнхараа орж, тэндээсээ модны машинд дайгдан хорих ангид очиж аавтай уулздаг байсан минь тод санагддаг юм. Би юмны учир ойлгохооргүй жаахан, ээж минь зовж, зүдэрч байна гэж хэлдэггүй байж дээ.

-Аав эзгүй жилүүдэд амьдрал амаргүй л байсан байх даа?

-Ээжийг эмнэлгээс гараад удаагүй байхад биднийг Хархорин руу дуудсан. Очиход манай бүх юмыг хураачихсан, хоосон байшин, хашааг маань хүлээлгэж өгсөн. Хархоринд манайх нэлээд дээгүүр орох хөрөнгөтэй айл байсан ч аавын бий болгосон өмч хөрөнгөөс юу ч үлдээгээгүй, бүгдийг нь улсын орлого болгосон. Ээж хашаа, байшингаа цөөхөн төгрөгөөр зарж, гэрээ замын машинд гуйж ачаад хотод ирсэн.

Энд айлын хашаанд буугаад, хүүхдүүдээ тэжээхийн тулд ажил хайсан ч хотын пасспортгүй гээд авахгүй, хотын пасспорт авъя гэхээр өгөхгүй их зовоосон. Тэгж байгаад Хүүхдийн болницийн эмийн санд арай хийж ажилд орсон. Ах цэрэгт явчихсан, эгч хичээлтэй. Би гэртээ дүүгээ харна. Өөрөө юмны учир олохгүй нялх амьтан чинь яаж ийгээд л тоглох аргаа олно. Дүүгээ тоононы нар дагуулаад тавьчихдаг, нөгөөх нь харж чадахгүй нүдээ аньж байгаад унтчихдаг, тэгээд л өөрөө тоглодог байсан сан. Гэхдээ бас ч гэж дүүгийнхээ даавууг угааж, цэвэрлэхтэйгээ. Аав, ээжийн танил хөгшин биднийг эргэж, манайхаар ортол би дүүгээ наран дээр тавиад унтуулчихсан, “Манай дүү өнөөдөр тав баалаа” гээд өмдийг нь угаагаад сууж байсан гэж намайг өхөөрдөн ярьдаг байж билээ. Ингэсээр дүү маань хөтлөөд явахтай болохоор нь хоёулаа гудамжны шороон дээр өнждөг болсон. Өвөл жалга руу асгасан угаадасны мөсөн дээр гулгаж тоглоно. Тэр үеийнхэн бүгд л тэгж өссөн юм чинь.

Манай хамар хашаанд Цэвэлмаа гэж сайн хөгшин байсан юм. Бид хоёрыг бээрээд, осгох шахсан явахад мөн ч олон удаа гэртээ оруулж, дулаацуулан, цай, хоол өгсөн дөө. Би сургуульд ороогүй байхдаа хоол хийж сурсан. Ээж ээлжээр ажилладаг, ээлжтэй өдрөө 21.00 цагт тарна. Хоолоо хийчихээд, автобусны буудлаас ээжийгээ тосно. Одоо бодоход эрт амьдралтай танилцаж дээ.
-Лоохууз агсныг гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч чадахгүй их олон жил болсон гэдэг. Шоронгоос гарангуут нь дахиад нутаг заачихсан юм уу?

-Аав шиг нам, төрөө шүүмжилдэг улс төрийн гэмт хэрэгтэн бүү хэл гэм хоргүй жирийн иргэн ч “Би хотод амьдармаар байна” гээд л энд суурьшчихаж болдоггүй цаг үе байлаа шүү дээ. Аав шоронгоос гарч ирээд гэртээ ганц сар л болсон байх. Тэгээд Хөвсгөлийн Баянзүрх гэж хил дээр шахам байдаг сумд нутаг заагдаж очсон. Аав “Та нар намайг дагаад хэрэггүй. Дахиад хэзээ ч бариад хорьчих юм билээ. Ажил төрөлтэй газраа, надаас холхон байсан нь дээр. Хүүхдүүдийн ирээдүйд ч тэр нь дээр” гэсэн ч ээж аавыг яаж ганцааранг нь явуулах вэ гээд намайг хамт явуулсан. Манай дүү аавтайгаа огт хамт амьдарч үзээгүй, хааяа эргэлтээр очихдоо л хардаг байсан. Шоронгоос гарч ирснээс нь хойш ч хамт амьдарч чадалгүй арваад жил болсон гээд бод доо. Баянзүрхэд би хоёр жил гаруй амьдарсан. Аав тэнд туслах баригадын даргаар ажилладаг байлаа. Хөгшин, хөвөө хоёр юу хийх вэ дээ, аав үзэж, туулсан амьдралынхаа зах зухаас ярьж өгнө. Тэр нь надад адал явдалтай ном уншиж байгаа юм шиг санагддаг байж билээ.

-Тэнд наймаа арилжаа, өрхийн үйлдвэрлэлээ хийсэн үү?

-Үгүй. Нас нь 60 шахсан, цалин нь ч бас гайгүй (450 төгрөг) байсан болохоор тийм юм хийгээгүй байх. Тэндэх ажиллах хугацаа нь дуусаж, тэтгэврийн нас нь ч болсон тул “Нас өндөр боллоо, эхнэр хүүхэдтэйгээ хэдэн жил хамт амьдаръя” гэсэн өргөдөл өгсөн чинь “Гэр бүлтэйгээ хамт амьдармаар байгаа бол бүгдээрээ хөдөө яв” гээд, ээжийг ажлаас нь хөөж, биднийг хамт нутаг заах болсон. Ингээд болохгүй тийшээ эргэсэн тул аав гэрлэлтээ цуцлуулаад, төрсөн нутаг ГовьАлтайн Чандмань руугаа явсан. Бидэнд гай болохгүй гэсэндээ тэр шүү дээ. Тэглээ гээд ээж, ах, бидэнд пасспорт өгөөгүй.

-Хөдөөний пасспортоо хот руу шилжүүлэх гээд чадахгүй байсан юм уу?

-Ээж, ахын пасспортыг хураагаад авчихсан юм уу, яасан юм, бүү мэд, огт пасспортгүй, авах гэж хөөцөлдөөд бүтдэггүй байсан. Намайг 16 нас хүрээд пасспорт авах гэтэл бас өгөөгүй. 1989 онд цагийн жавар жаахан зөөлрөхөд л бид хэд пасспортоо авсан. Ер нь би хүний тоонд ч ордоггүй байсан. Үеийнхэн цэргийн албанд татагдаад байхаар нь би дагаж онгироод, “Явъя” гээд очтол “Зарлан дуудах ирээгүй, ирэхээр нь яв” гэсэн. Тэгээд хэзээ ч зарлан ирээгүй. Өмнөх нийгмийн хэлмэгдлийн сүүдэр одоо ч бидэнд мэдрэгдсээр байгаа. Аавыг таалал төгссөнөөс хойш байр сууцыг нь янзлах гээд дүү, ээж, бид гурав ИБЕГ-аас лавлагаа автал ээжийг хүүхэдгүй гэж бүртгэсэн байдаг юм билээ. Дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүн шүү дээ. Үрчилсэн хоёр нь байг гэхэд төрүүлсэн хоёр нь бүртгэлд баймаар юм.

-Надаас болоод хүүхдүүд минь хүртэл хэлмэгдсэн, сургууль соёлд сурч чадаагүй гэж аав тань сэрүүн тунгалагтаа ярьж байсан.

-Ах, эгч маань сурлага сайтай хүүхдүүд байсан. Би ч бас муугүй байлаа. Аавыг албан тушаалаасаа бууж, хөдөө цөлөгдөхөөс өмнө ах орос цэцэрлэг, сургуульд сурч, хүмүүжсэн. Унаган орос хэлтэй ч дээд сургуульд шалгалт өгөхөд нь орос хэл дээр унагасан. Эгч арван жил онц сурч, ЗХУ-д суралцах хуваарь авсан чинь овог, нэр, эцэг эхийн пасспорт гэсэн шалтаг гаргаж ирээд явуулахгүй гэсэн. Ээж хөөцөлдөж байгаад, эгчийн овгийг сольж, төрсөн ааваар нь овоглож байж явуулсан. Манайхаас гадаадад дээд сургууль төгссөн ганц хүн нь эгч.

Би наймдугаар анги төгсөөд сургуулиа орхисон. Аав, ээж нь ийм, тийм, бичиг баримтгүй гээд дандаа хүн гуйж, царайчилж явдаг маань намайг залхаасан. Намайг сургууль соёлоор яв гэж аав, ээж минь ч хэлээгүй. Аав өөрөө хэдэн дээд сургууль төгсөж, тухайн үеийнхээ хамгийн өндөр мэдлэг боловсролтой сэхээтний нэг болсон ч тэр олон жил хичээж чармайж сурсан зүйл амьдралд нь огт хэрэг болоогүй. Зөвхөн амьд явахын төлөө, хоногийн хоол олж идэхийн төлөө зүтгэсээр амьдралаа дуусгасан. Тиймээс биднийг “Улс төр бол өөдтэй зүйл биш. Улс төрөөр оролдсон хүн нэг бол амьдралгүй болдог, нэг бол амьгүй болдог. Ямар ч нийгэмд, ямар ч орчинд очсон гараараа хийж сурсан юмтай хүн хоосон хононо гэж үгүй, юм хийж сур, амьдрах чадвартай бай” гэж хүмүүжүүлсэн.

-Аав тань өмнөх нийгмийн үед хэлмэгдэж зовсон, ардчилсан нийгмийн буянд нуруу тэнийсэн гэж ярьдаг байсан нь аргагүй юм байна.

-Үнэн шүү дээ. У.Черчилль “Ардчилалд дутагдалтай зүйл их бий. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг бодож олж чадаагүй байна” гээд хэлчихсэн шүү дээ. Аав ч тэгж хэлдэг байсан. Аав коммунизмын үзэл сурталд бүрэн боловсорсон хүн шүү дээ. Тийм хэрнээ ардчиллын фэн байсан. Би ч ялгаагүй. Ардчилал бол өнөөдөртөө хүн төрөлхтний бодож олсон төгс загвар. Зарим улс орон ардчиллаас ухраад юу болж буйг харж байгаа биз дээ.

-Ардчилал танд, танай гэр бүлд юу авчирсан бэ?

-Аавыг минь. ЗХУ-д өөрчлөн байгуулалт өрнөж, манайд ч цаг арай наашилсан нь мэдрэгдээд эхэлсэн тул 1989 онд ээж аавыг дуудаж, авчирсан. Аав ирчихээр сэтгэл өег, гэр дүүрэн, сайхан болчихдог юм билээ. Тэгэхэд аавын нас нэлээд дээр гарчихсан, олон жил ганцаараа амьдарч, ганцаардаж, сэтгэл зүйн асар их дарамт мэдэрч явснаас болоод сэтгэл санаа нь тогтворгүй, үе үе гутралд орчихдог, ер нь жаахан хэцүүхэн болчихсон байсан. Ардчилал бас бидэнд эрх чөлөө өгсөн. Бид эрх чөлөөгөөр үнэхээр дутагдаж байсан. Хүмүүсийг социализмын үед сайхан байсан гэж ярихаар би гайхдаг. Энэ бол муухай явуулга. 40- өөс дээш настай, социализмыг мэдэх хүмүүсээс асуу л даа. Бүх л зүйл хэцүү байсан шүү дээ. Хоол унд ховор, ийш тийшээ чөлөөтэй явж болохгүй, гадаад руу явах бол энгийн иргэдэд мөрөөдөөд ч хэрэггүй зүйл байлаа. Гадаад явах нь бүү хэл дотооддоо, зэргэлдээ аймаг, сум руугаа аялж зугаалах боломж ч хомс, бүгд хорио, хязгаартай, базуулчихсан байх юу нь сайхан бэ.

-Та дээр аавыгаа сэтгэл гутралд ордог болчихсон байсан талаар цухас дурдлаа. Тэр нь эдгэрсэн үү, айдас, болгоомжлол нь ардчиллаас хойш гайгүй болсон уу?

 -Би жаахан болохоороо л мэдээгүйгээс биш Баянзүрхэд байх үеэс л тийм болж, даамжирсаар байсныг нь бүр хожуу, цаг сайхан болж, эмнэлэг хөгжсөн хойно мэдсэн. Баянзүрхэд байхад заримдаа жигтэйхэн бодолд дарагдаад, тэр чигтээ хэдэн цаг ч хамаагүй суучихна, ажлаасаа орж ирээд хувцсаа ч тайлахгүй хэвтчихнэ. Тэр үед Д.Төмөр-Очир гуай алуулсныг ч хэлэх үү, “Намайг бас ингэх байх” гэж боддог байсан болов уу. Ийм амьдрал туулахаар хэчнээн эр зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүн ч гэсэн нас яваад ирэхээр юмнаас айдаг, хэзээ, хэн намайг хорлох бол, яах бол гэсэн байнгын түгшүүртэй болчихдог юм билээ. Сүүл рүүгээ нэлээд хүндэрсэн дээ. Бид сэтгэл судлаач, эмч нарт нэлээд үзүүлсэн ч “20-30 жилийн явцтай, эдгэрдэггүй өвчин” гэж хэлсэн. Нэг сэргэхээрээ жигтэйхэн сэргэлэн цовоо, эрч хүчтэй болчихно. Шөнө ч бараг унтахгүй. Бизнесийн төлөвлөгөө гаргаад л, янз бүрийн юм бичээд л, өглөө 05.00 цаг гээд гараад явчихна. Тэгээд айл амьтнаар хэсэж, хүн хартай уулзаад, бужигнуулж өгнө. 1-2 сар тэгж яваад, нэг хэсэг унжийна. Тэгэхээрээ нам сууна. Орноосоо ч бараг босохгүй, дуу нь ч гарахаа байчихна. “Намайг шоронд хийх гээд байна. Хэзээ л бол хэзээ хийнэ. Та нар амьдралаа бод. Надаас холхон бай” гэнэ.

Ид насандаа нэг бол өндөрт гарч, эсвэл доошоо унаж, сэтгэл зүйн их савлагаатай байх, депресст орох нь ийм болгодог. Аав биеэ эрүүл байлгахыг хэнээс ч илүү мэддэг байсан. Харин сэтгэлийг яаж ч болдоггүй, тэр олон жилийн нийгмийн, сэтгэл зүйн дарамт гэдэг чинь яаж ч болохгүй хамгийн хэцүү зүйл юм билээ. Уг нь зовлонгоо ярих ч юм уу, уйлж орилох, хэд хоног унтах гэх мэтээр тархиа амрааж, цэвэрлэж байсан бол арай дээр байх. Гэр бүлээсээ хол, нийгмээс гадуурхагдчихаад хэндээ зовлонгоо ярьж, сэтгэлээ онгойлгох вэ дээ. Ганцаараа юу ч бодож суудаг байсан юм, хөөрхий минь.

-Та уран дархан хүн юм байна. Дархны эрдмыг ааваасаа өвлөсөн үү?

-Аав шоронд байхдаа дарх хийж сурсан. Сүүлд Говь-Алтайгаас ирээд хашаандаа жижиг гэртээ дарх хийдэг болсон. Эхний үед надад зааж өгөөгүй. Би өөрөө дагаж гүйж, ойр зуурт нь тусалж байгаад овоо дөр суусан. Нэг өдөр аавыг эзгүй хойгуур дээлийн товч хийгээд үзүүлтэл жигтэйхэн баярлаж, мэддэг, чаддаг бүхнээ заагаад, бүх багажаа надад өвлүүлж өгсөн. Түүнээс хойш аав дарх хийгээгүй. Би сонирхлоороо дарх хийсээр явна. Нэг хэсэг Уртцагаанд сууж, алт, мөнгөний дархнаар ажилласан. Тэгээд бизнес хийж, овоо ч ашигтай ажиллан, байр орон, унах унаа, зуслангийн байшинтай боллоо. Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ, дуртай ажлаа хийе гэж шийдээд компанийн хувьцаагаа зарж, одоо урландаа тайван суугаад дархаа хийж байна. Би дархны ажилдаа дуртай. Дуртай ажлаа хийгээд, хүссэнээрээ амьдарч болдог нийгэмд байгаадаа талархдаг.

 

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

Сэтгүүлч: Х.УЯНГА