Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт оюутнууд өөрсдийн саналаа тусгуулахаар Ардчилсан намд хандав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлөөс  Монголын шилдэг 1000 оюутны нэгдсэн “Оюутны манлайлал-2020” чуулганыг зохион байгууллаа. Чуулганыг тус зөвлөлөөс гурав дахь жилдээ зохион байгуулж бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Л.Баян-Алтай, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нарын зочид оролцож, Монгол Улсын 150 мянга гаруй оюутнуудын төлөөлөл болсон залуустай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монгол хүний хөгжил-Монголын ирээдүй хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн томоохон ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, “Эерэг хандлага-хөгжил” лекцэд энэ онд 6000 гаруй залуус хамрагдсан бол “Англи хэлтэй залуус” хөтөлбөрт 5000 гаруй хүн хамрагджээ. Үүний зэрэгцээ “Ажилтай оюутан” хөтөлбөрт 4000 орчим залуус хамрагдаж, 800 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. Хамгийн гол нь энэ бүх ажлыг хэн нэг дарга, албан тушаалтны оролцоогүйгээр залуус өөрсдөө амжилттай зохион байгуулсанд нь талархаж байна. Монгол хүний хөгжил бол Монголын ирээдүй юм. Тиймээс ч оюутан, залуус оролцож байгаа энэхүү чуулганаас гарах аливаа санал, санаачлагыг дэмжин ажиллах болно” хэмээн онцоллоо.

Оюутан залуус тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал, ажлын байр, оюутны хөгжил- өнөөгийн байдал-шийдэл, сурах эрх, сургалтын орчин зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан юм. Эрх баригчдын бодлогын алдаанаас болж оюутан залуусын сурах эрх зөрчигдөж байгааг залуус хэлж байна. Тухайлбал, МУИС сургалтын төлбөрөө жил бүхэн нэмдэг ч суралцах орчинд дэвшил гараагүй талаар оюутнууд ярьж байна. Түүнчлэн нийтийн тээврээр зорчих эрхийг нь 22 болгож бууруулсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Нийтийн тээврээр 22 удаа зорчих эрх нь ердөө хоёр долоо хоноод дуусдаг  бөгөөд сарын үлдсэн хугацаанд хичээлдээ явахад маш хүндрэлтэй байдаг аж. Түүнчлэн үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгохыг оюутан залуус хүсч байгаа тухайгаа чуулганы үеэр хэлж байлаа. Залуус суралцах орчин, нөхцлөө сайжруулж, зөвхөн оюутан залууст зориулсан номын сан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх заал, танхим, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалтын бааз, дадлага хийх боломж нөхцлөөр хангах зэрэг тулгамдсан асуудлаа чуулганы үеэр ярилцаж, саналаа нэгтгэсэн юм. Нэгдсэн номын сан барих, ажлын байр-инноваци, тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал, оюутны хөгжил- өнөөгийн байдал-шийдэл, сурах эрх, сургалтын орчин зэрэг асуудлын хүрээнд Монголын нийт оюутнуудын төлөөлөл бүхий 10 мянга гаруй залуус саналаа нэгтгэж, гарын үсэг зуржээ. Энэхүү саналаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, НИТХ-д  өргөн барилаа. Залуус зөвхөн санал бус шийдлийг хүлээж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд ярьдаг бус хийдэг байхыг сануулж, төр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллахыг хүсч байгаагаа чуулганы үеэр илэрхийллээ.