Н.АЛТАНГЭРЭЛ: ОНОН ГОЛЫН ЭХЭНД АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА АСУУДЛЫГ ТӨРӨӨС ӨНӨӨГ ХҮРТЭЛ ШИЙДЭЖ ӨГӨӨГҮЙ

Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Н.Алтангэрэлтэй Онон голын эх, аялал жуулчлалын бүс нутагт алт олборлож байгаа талаар ярилцлаа.

 

-Монголчууд Холын хүнээс үг сонс гэдэг. Хэнтий аймагт өвөл, хавар ямар болов?

 

-Сайхан өвөл, хавар боллоо. Мал төллөлт хэвийн байна. Би саяхан сумдаар явж ажиллалаа. Очсон газар бүрт малын зоо тэнэгэр, малчдын сэтгэл санаа өөдрөг байна. Мал төллөлт 70 орчим хувьтай байгаа.

 

-Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль удахгүй болно. Сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа бол?

 

-Сайн мэдэхгүй. Улс төрийн намууд сонгуульд оролцох бэлтгэлээ хувь хувьдаа базааж л байгаа байх. Ардчилсан нам энэ сонгуульд оролцоно. Ардчилсан нам өнгөрсөн жил үзэл баримтлалаа баталсан. Үүнийгээ бид гишүүд, дэмжигчдэдээ танилцуулж байгаа. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам улс төрийн намуудаас нэн тэргүүнд үнэт зүйл, үзэл баримтлалаа тодорхойлсон улс төрийн хүчин. Сэтгэдэг, уншдаг хүмүүс бидний ажлыг дэмжиж ойлгож харж байна. Ийм ч учраас биднийг үзэл баримтлалаа яриад явж байхад хүмүүсийн хандлага эергээр хүлээн авч байгаа юм.

 

-Аймгийн хэмжээнд тулгамдсан ямар ямар асуудал байна вэ?

 

-Хэнтий аймагт тулгамдсан асуудал хэд хэд бий. Тухайлбал, төрийн бодлого ард түмэнд хүрэхгүй байна. Учир нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд сонгогдсон нөхөр нь агентлаг, хэлтсийн дарга хийгээд явж байх жишээтэй. Нөгөө хууль эрх зүй нь хаана байна. УИХ дээр л давхар дээл өмслөө гээд сүр үзүүлж жагсч байсан хүмүүс орон нутагт болж буй үйл явдлаа мэдрэхээ больчхож. Үүнээс гадна хэтэрхий олонх болсон эрх баригч МАН дотроо, дороо болж байгаа зүйлээ олж харжах чадваргүй болсон байна. Бас нэг ноцтой асуудал бий. Тэр нь төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүй, хувь хүний эрх чөлөөний асуудал дарангуйлалд орсон. Хувь хүний эрх чөлөөг хэтэрхий боомилсон. Тухайлбал, биднийг намынхаа үзэл баримтлалыг танилцуулаад сумдаар явж байхад жирийн албан хаагч, эмнэлэг, сургуулийн үйлчлэгч хүрч ирээд сонсох эрхгүй болсон байна. Хэрэв ийм арга хэмжээнд очсон, оролцсон бол ажлаас халах жишээтэй. Хувь хүний эрх, эрх чөлөөнд ингэж хэтэрхий бүдүүлгээр халдаж болохгүй. Ийм асуудал зарим нэг сум, аймгийн төвд ч байна. Нэг жишээ хэлье. Хүн эмнэлгийн даргын эрхийг ноцтой зөрчсөн асуудал саяхан гарлаа. Эрүүл мэндийн салбар тангараг өргөсөн эмч нарын хариуцах асуудал. Гэтэл МАН-ынхан хоорондоо Хэнтий аймгийн эрүүл мэндийн байгууллагыг улс төржүүлээд бужигнуулсан. Эрүүл мэндийн байгууллагыг удирдаж байсан хүн нь намынхаа ямар нэг фракцын бүлэглэлд орж нэгийгээ халсан. Үүнээс үүдээд эмнэлэгт эмч нарын түр зөвлөл бий боллоо. Мөн Үйлдвэрчний эвлэлийн даргаа сонгож чадахгүй асуудал үүсээд байгаа. Тэгэхээр Хэнтий аймгийн хэмжээнд үүнийг зохицуулж чадахгүй байна гэдэг нь эрх баригч МАН бодлого чиглэлгүй байгаагийн тод илрэл. Төрийн алба руу дайрдаг, эрүүл мэндийн манаанд гарч тангараг өргөсөн, ёс зүйтэй эмч нарыг хүртэл талцууллаа. Энэ бол үнэхээр харамсмаар асуудал.

 

-Тэгэхээр таны ярианаас аймгийн хэмжээнд эрүүл мэндийн үйл ажиллагаа доголдож ээ дээ?

 

-Тэгсэн. Эмч нараа улс төржүүлж хоёр талцуулсан. Миний ойлгосноор эмч нарын түр зөвлөл нь “Эмч нарыг улс төржүүлэхээ болиоч ээ. Манай эрүүл мэндийн байгууллагаар битгий тогло. Бид өөрсдөө дотроосоо мэргэжлийн ур чадвартай, зөв хүнээ даргаар сонгож чадна. Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж болохгүй” гэж байгаа гэсэн. МАН-ынхан эмнэлгийн хоёр даргаа сонгосон. Гэтэл тэд хоорондоо талцаад эрүүл мэндийн салбараа бужигнуулчихлаа. Эндээс харахад эрх мэдлийн төлөөх тулаан МАН-ын дээд, доод шатанд өрнөж байна. МАН-ынхан дээрээ ЖДҮ, 60 тэрбум гэж талцсантай адилхан манай аймагт бас ийм хэмжээнд хүрчихсэн. Төрийн албан хаагчид, эмнэлэг, сургуулийн албан хаагчдыг энэ талцалдаа татан оруулна гэдэг бол үнэхээр харамсалтай асуудал юм.

 

-Энэ бүгдээс харвал танай аймгийн ИТХ-ийн ажил, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт базаахгүй дүнтэй гарах нь ээ?

 

-Үнэхээр хангалтгүй дүн мэдээ гарна. Яагаад гэвэл зөв, ажлын эрх ашгийн төлөө бус зөвхөн эрх мэдэл албан тушаалын “дайн байлдаан” өрнөж байна. Ийм зөрчилтэй байхад ажил ухархаас биш урагшлахгүй. Аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгч гэдэг нь бодлогоо тодорхойлоод хэрэгжилтийг нь хянах учиртай. Гэтэл өөрсдөө бодлого хэрэгжүүлэх байгууллагдаа хутгалдаж орчихсон. Иргэдийн хурлын Төлөөлөгчид нь гүйцэтгэх засаглалд орсон учраас шүүмжлэл, хяналтгүй болсон юм.

 

-Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг гэж зарласан. Гэтэл алт олборлож газар нутаг сүйтгэлээ гэсэн асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ асуудал үнэхээр даамжирсан юм уу?

 

-Тийм. Аялал жуулчлалын гол бүс нутагт алт олборлож байгаа. Өнөөдөр Батширээт суманд алтны гурван уурхай ажиллаж байна. Аялал жуулчлалын бүс нутаг болгоно гээд ярьж байх хооронд алт ухаж, гол ус хордуулаад эхэлсэн. Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд 2017 онд ирж үзсэн. Тэгээд нэг том сенсац тариад л “Энэ уурхайг хаана” л гэсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод энэ асуудлаар аймаг, орон нутгийн бүх удирдлагууд, манай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, иргэний хөдөлгөөнийхөн, компанийнхан оролцсон хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр Чингис хот, Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болсон учраас уул уурхай, алт олборлолтын асуудлыг цэгцэлнэ гэж ярьсан. Тэгээд үйл ажиллагаа явуулж буй компаниудад “УИХ-ын гурван гишүүний хувьд та нөхдийг хохиролгүй болгож алтны хайгуул, олборлолтын лицензийн асуудлыг нэг мөр шийднэ” гэсэн. Тэд “Бид баатрууд. Бид хийхгүй бол хэн хийх вэ” гэж хэлснээс хойш нэг жил өнгөрлөө. Ингээд нутгийн ард иргэд хүлээж ядаад Онон голын сав газрын долоон сумын ард иргэд УИХ-д хандаж өргөдөл өгсөн. Үүнд дөрвөн мянган хүн гарын үсгээ зурсан юм. Нутгийн иргэд “Энэ алтны хайгуул олборлолтыг зогсоо. Онон гол бохирдох нь. Аялал жуулчлалын өлгийн нутаг алт олборлолтын хөлд нэрвэгдэж эвдэрч сүйлдлээ” гэж шаардсан байгаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тухайн үед “Би энэ асуудлыг шийдэж өгнө. Өргөдлийн байнгын хороонд өгчих” гэж хэлсэн ч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй. Бид уг өргөдөл, шаардах бичгээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, УУХҮЯ, БОАЖЯ-нд өгсөн. Гэтэл нутгийн иргэдийн бичигт “Тэр яаманд ийм, энэ газарт тийм бичиг өгсөн” гэсэн хариу ирсэн юм.

 

-Саяхан Хэнтий аймагт алт олборлож буй асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр тодорхой шийдэлд хүрээгүй юм уу?

 

-Харин тийм. Дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр бас л нөгөө үлгэрийн далайгаа ярьж байгаа юм. Уг асуудал үнэхээр болохгүй. Лицензийг нь дахиад цуцалъя гэсэн шийдвэр гарсан. Одоо Өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж нэртэй зүйл гаргаад байгаа. Энэ хооронд нөгөө алтны уурхайн ажиллаж ухаж төнхөж л байна. Ийм асуудалд тэр нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь, аймгийн Засаг дарга нь хөдлөхгүй өдий хүрлээ. Аймгийн Засаг дарга зориг гаргаад хөдөлбөл алтны уурхайнуудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоож болно шүү дээ. Жишээлбэл, Дорноговь аймгийн Хамрын хийдэд уул уурхайн компани орох гэхэд Засаг дарга нь Засгийн газарт асуудал тавьсан. Тэгээд Засгийн газар үйл ажиллагааг нь зогсоосон шүү дээ. Гэтэл манай аймгийн Засаг дарга хөдлөхгүй байна. Ийм учраас миний хувьд үүний цаана хэтэрхий том ашиг сонирхол явж байна гэж харж байгаа. Ямар ч албан тушаалтантай уулзахад манай аймагт, тэр дундаа аялал жуулчлалын бүс нутагт уул уурхайг хориглох нь зүйтэй гэж хэлдэг. Гэвч цаг хугацаа нөхцөөгөөд аажуухан яваад байх жишээтэй.

 

-Ямар компани хаана алт олборлож байна вэ?

 

-“Пегматит майнинг” гэдэг компани Гутайн давааны алтны үндсэн ордоос олборлолт хийж том уулыг нүхлээд явж байна. БОАЖЯ, УУХҮЯ үнэхээр хариуцлага алга. Төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүй алдагдсан газар. Гутайн давааны хоёр талаар Гутайн уул, Наймангийн гол гээд дөрөв таван гол урсдаг газар. Гэтэл алт олборлох лиценз өгөхдөө гол усгүй гэсэн байгаа юм. Тэгээд иргэний хөдөлгөөн, ард иргэд “Гол устай газрыг гол усгүй” гэж лиценз олгосон хариуцлагаа үүр гэсэн. Одоо үүнд хариулна гээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Үүнээс гадна “Ю энд Би”, “Айвуун Тэс” гэсэн компани Гутай орчмын газрыг юу ч үгүй болгож байгаа.

 

-Тэгэхээр тэр нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд уг асуудлыг шийдэж чадахгүй байгааг та юу гэж харж байна вэ?

 

-Өөрсдөө ашиг сонирхолтой байна гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн Л.Оюу-Эрдэнэ одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсон. Эдгээр уурхайг хаах боломж нь байна. Салхитын мөнгөний ордыг Засгийн газар хаагаад хураагаад авч байсан шүү дээ. Тэр нутгаас УИХ-ын гишүүн болж байсан У.Хүрэлсүх одоо Ерөнхий сайдаар ажиллаж л байна. Чингис хааны төрсөн нутаг, ард иргэдээ, эх орноо боддог бол тодорхой арга хэмжээ авах бүхий боломж бий. Гэтэл уг асуудлыг шийдэхгүй л байгаа юм.

 

-Яг хэдэн га газар сүйтгээд байна вэ?

 

-Ер нь нэг уулын ар өвөр суга тэр чигтээ сүйдсэн. Наап талд нь бас л олон жил болж байна. Батширээт сумын Бахын голын эхэнд бас л уул уурхайн асуудал бий. Ингээд Онон голын эх, урт нэртэй хуулийн хязгаарлалтын бүст хамрагдсан газарт уул уурхай ажиллаж байгаа юм. Энэ нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд дарга нар ярих нь ярьдаг. Гэвч тодорхой шийдэлд хүрэхгүй хоног хугацаа алдаад байна.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

 

Сэтгүүлч: Т.ЖАНЦАН