Б.Болор: Эрх баригчид Ардчилсан хувьсгалыг яаж бүдгэрүүлж, булингартуулах вэ гэдэг зүйлийг л хийж байна

Сангийн сайд асан Б.Болортой ярилцлаа.


-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа та ажлаа өгснөөс хойш нэг хэсэгтээ л нам гүм байсан. Дараа нь таныг дунд сургуульд багшилж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Одоо багшилж байгаа хэвээрээ юу?

-Тийм ээ. 2016 оны сонгуулиас хойш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Миний хувьд улс төрд орохоосоо өмнө хувийн бизнестэй байсан. Энэ бизнес маань явдгаараа явж байна. Багш болох тухайд миний багийн мөрөөдөл байсан. Өмнө нь  их, дээд сургуулиудад урилгаар лекц уншдаг байсан. Төрөлх сургуулиас  маань багшлаач гэдэг санал ирэхэд баяртайгаар хүлээж авсан.

-Эдийн засаг, тооны талын хичээл зааж байна уу?

-Ахлах ангиудад эдийн засаг, тооны хичээл заадаг. Би багаасаа л тооны хичээлд сонирхолтой, олимпиадад оролцоод явдаг хүүхэд байсан.

-Анх багшаар очиход хүүхдүүдийн хувьд хэрхэн хүлээж авсан бэ. Улстөрч хүн хичээл орж байна гэдэг ч юм уу?

-Намайг Сангийн сайдаар ажиллаж байсныг манай сурагчид бүр сүүлд нь мэдсэн байх. Орос хэлээр хичээлээ заадаг болохоор анхандаа намайг орос хүн гэж боддог байсан юм билээ. Би чинь өөрөө Орос школтой хүн шүү дээ. Нөгөө талаар миний улстөрч байсан эсэх нь шавь хүүхдүүдэд сонин биш байх.

-Боловсролын салбарын алдаа, оноог та тогоон дотроос нь харж байгаа байх. Энэ салбарт болж, бүтэхгүй зүйл олон бий. Салбарын сайд нар нь тогтворгүйгээс эхлээд сургалтын чанар хангалтгүй гэх шүүмжлэл байнга гардаг. Бодит байдлыг нь та нүдээрээ харж байгаа хүний хувьд боловсролын системийг яаж харж байна вэ?

-Мэдээж салбарын сайд нь үе үе солигдох нь сайн зүйл биш. Хоёрдугаарт, бага ангийн боловсролд нь түлхүү анхаарах ёстойг олж харсан. Хүүхдэд суурь боловсрол хамгийн чухал. Тэр утгаараа гаднын ихэнх орнууд бага  ангийн боловсрол болон зөв хүн болгох хүмүүжилд нь түлхүүтэй анхаардаг. Эрдмийн ажил тал руу нь биш хүүхдийн хүмүүжил рүү анхаардаг гэсэн үг. Бага ангид нь хүүхдийг хичээлээр дарахыг бусад орнуудад төдийлөн сайшаадаггүй. Харин хүүхдийн хүмүүжил,  харилцаанд нь анхаарч дунд ангиас нь  ачаалал даах чадвартай болгоход сургадаг. Тэгэхээр энэ чиглэлд манай боловсролын тогтолцоо анхаарах шаардлагатай байна. Аль ч нам нь гарсан, Боловсролын сайд нь хэдэнтээ солигдсон байлаа ч өмнөх хийж байсан ажлыг нь  үгүйсгэдэг энэ байдлыг өөрчилмөөр байгаа юм. Нэгэнт эхлүүлсэн бол тэр системийг эцсийг нь хүртэл хардаг байх хэрэгтэй. Гуравдугаарт, бага ангийн багш нарын үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй. Бага ангийн бага нар тухайн хүүхдийн суурь боловсролыг олгодог чухал хүмүүс.

-Манайд гардаг нийтлэг жишиг болох хүүхдүүд дүнгийн төлөө сурдаг, өрсөлддөг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Харьцангуй дүнгийн араас хөөцөлдөх нь багассан гэж бодож байна. Гол нь зөв хүн болгох нь чухал.

"МАН ЯАЖ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ БҮДГЭРҮҮЛЭХ ҮҮ, ЯАЖ БУЛИНГАРТУУЛАХ УУ ГЭДЭГ ИЙМ Л ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА"

-Хоёулаа одоо ярианы сэдвээ өөрчилж, улс төрийн талаар ярилцъя. Сая та хөдөөгүүр намынхаа ажлаар яваад ирэв үү?

-Тийм ээ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэ ойн хүрээний арга хэмжээнүүд Архангай аймгийн сумуудад болсон. Үүнд оролцоод хамтран зохион байгуулж яваад ирлээ.

-Тэгэхээр улс төрөөс хөндийрөөгүй байх нь ээ?

-Улс төрийн ажлаа орхигдуулаагүй. АН-даа Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байна.

-Ардчиллын 30 жилийн ойг дан ганц АН-ын баяр мэтээр ойлгодог нь ардчиллыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн шинж мэт. Яг ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж чадаж байна уу?

-Энэ хувьсгал бол нэг намын баяр биш, бүхэл бүтэн хаалттай нийгмийг өөрчилсөн ийм том хувьсгал. Өнөөдөр энэ ардчиллын буяныг эдлээгүй хүн бараг байхгүй. Бид энэ хувьсгалыг тайлбарлан таниулж ардчиллаа хамгаалах ёстой. Эрх баригч нам тогтоол шийдвэр гаргаад Ардчиллын 30 жилийн ойн баярыг улс орон даяар тэмдэглэх ёстой. Харамсалтай нь МАН яаж ардчилсан хувьсгалыг бүдгэрүүлэх үү, яаж булингартуулах уу гэдэг ийм л зүйлийг хийж байна. Харин С.Эрдэнэ дарга хөөцөлдөж байж  “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг батлууллаа. Уг нь бол Засгийн газрын хийх ажил шүү дээ.

-АН 2016 оны сонгуулийн ялагдлаас хойш бодлогын шинэчлэлт өрнүүлсэн нь төлөвшлийн шинэ үе шатанд ирж байгаа гэж тодорхойлж байгаа. Мөн АН шинэчлэгдсэнээр Монголын ардчилал шинэчлэгдэнэ гэх нь ч бий. Энэ шинэчлэлийн үр дүн нь 2020 оны сонгуулиар харагдах байх. Ер нь та ирэх жилийн сонгуулийн өнгө төрхийг  хэрхэн харж байна вэ?

-2020 оны сонгуульд эрх баригч нам дүнгээ тавиулна. АН-ын хувьд бүтээлч нам гэж би хувьдаа үздэг. Магадгүй энэ дундаа алдаа, оноог байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орныг хөгжүүлэхэд хамгийн бүтээлч санаануудыг гаргасан нь АН юм. АН дотроо өөрчлөлт шинэчлэлт хийж, гишүүн төвтэй нам болохыг зорьсон. Энэ нь магадгүй зарим хүнд таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Ардчиллын суурь зарчим намын дүрмээ олонхоороо батлах явдал. Бидний хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө сайтар анхаарч ажиллах шаардлага байгаа. Сонгуулийн хувьд болдгоороо болж, эрх баригч 65 нөхдийн ажлыг Монголын ард түмэн дүгнэнэ. Эрх баригчдын үйл ажиллагаанд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Иргэд, олон нийт ч ялгаагүй ам муутай байх шиг байна. Тийм учраас иргэд ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоороо ардчиллаар олдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломж нь 2020 оны сонгууль. Зөв сонголтоо хийх нь чухал байна.

-Ер нь сонгогчийн боловсрол дээшилсэн болов уу?

-Дээшилсэн байх гэж найдаж байна. Гурил, будаа, түмпэн саваар хуураад сонгогдчихно гээд бодчихсон нөхөд их байна.

"МАНАЙ НАМЫН АХ НАР  ДЭЭД ҮЕГҮЙ УЧРААС БИЕ БИЕЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ТАЛ  АЖИГЛАГДДАГ"

-С.Эрдэнэ АН-ын дарга болсноор гишүүдээ дураараа хөөдөг, хасдаг, хувийн компани нь болсон мэт аашилж байна гэх шүүмжлэл гардаг. Ер нь танай намд дотоод ардчилал бий болж чадсан уу. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн фракц нь задарч саллаа. Энэ нь АН нэгдэл цул биш байгааг илтгэж байгаа?

-Дотоод ардчилалтай байгаагийн нэг шинж нь энэ байх. Нөгөө талаасаа манай намын “ах нар” гэгдэх  хүмүүс дээрээ үе байхгүй. 30 жилийн өмнө л ардчиллын хувьсгал хийсэн хүмүүс. Тэдэнд дээд үе гэж байхгүй. Тийм болохоор дандаа өөрийнхөө байх гэдэг хандлага байдгийг  үгүйсгэхгүй. Жишээ нь миний хувьд дээд үетэй, бас доод үе ч байна.  Гэтэл манай ах нарын хувьд дээд үегүй учраас бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй тал  ажиглагддаг. Жишээ нь Н.Алтанхуяг дарга АН-ын даргаар зургаан жил ажилласан. Хамгийн удаан ажилласан намын дарга шүү дээ. Тэр үед АН ийм, тийм байна гээд шүүмжилдэг л байсан. Одоо ч мөн ялгаагүй тэр яриа хэвээр л байна. Тэр, энэний зөв гэж ярих нь миний хувьд илүүц. АН гэдэг ганц хүн биш шүү дээ. АН-ын гишүүд намынхаа бодлогоор л өрсөлдөнө.

Түүнээс биш нэг хүний нам гээд байх зүйл байхгүй. Энэ нь ердөө манай дээд ах нарын бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй үгүйсгэдэг байдлын илрэл. Ингэлээ гээд АН-ын бодлого, үйл хэрэг бүдгэрч, унтрахгүй. Үргэлжилдгээрээ үргэлжилнэ.

 -Ардчилсан Нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн дэнчинг ил тод зарласан. Эрэгтэй нэр дэвшигчид 100 сая, эмэгтэйчүүд 60 төгрөгийг намдаа төлснөөр 2020 оны сонгуульд нэр дэвших эрх нь баталгаажна. Өнгөрсөн дөрвөн жил өрнүүлсэн  намынхаа  шинэчлэлийг 100, 60 саяын босгоор үгүйсгэлээ гэсэн шүүмжлэл ч байна. Таны хувьд  100 эсвэл 60 сая төгрөг хэр их мөнгө вэ?

-Их мөнгө. Гэхдээ улс төрийн үйл ажиллагаа явуулж буй аль ч нам санхүүжилтээ ийм л байдлаар босгодог. Манай нам л ил тод зарладаг болохоос биш бусад нам санхүүжилтээ “хав дардаг”-гийн цаана энэ байтугай дэнчин байдаг л гэж дуулддаг шүү дээ. Хоёрдугаарт, сөрөг хүчин байгаа ийм үед намын санхүүжилт хамгийн чухал байдаг л даа. Ирэх жил түүхэн сонгууль болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ улс орны хөгжлийг цааш хэрхэх үү гэдэг нь гагцхүү ард түмний сонголтоос хамаарна. Попуудтайгаа үлдэх эсэхийг шийдвэрлэх сонголт болно. Харамсалтай нь попууд өөрчлөлт, шинэчлэлтийг хийдэггүй юм. Тэд хийж ч чадахгүй. Ард түмэн ядуу байх хэрээр попуудад тустай. Попууд гэдгийг манайхан надаар хэлүүлэлгүй ялгадаг л болоо байлгүй дээ. Орон нутгаар айлуудаар ороход иргэд мэддэг болсон байна лээ. Үнэндээ ард түмэн минь гэж хамгийн их орилдог хүмүүс яг юу хийчхэв гээд харахаар хийсэн, бүтээсэн зүйл байдаггүй.

-2020 оны сонгуулийг олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар боллоо. Та томсгосон мажоритар тогтолцоог дэмжиж байгаа юу?

-Бага ч гэсэн сайжруулсан хувилбар. Жижиг 76 тойргийн системээр МАН-ынхан биднийг мөнгөөр цохиод л гарна. Харин тойрог томсох хэрээр энэ байдал нь багасна гэсэн үг. Ер нь бол цааш цаашдаа  пропорциональ тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зөв. Тойрог томссоноор Монгол Улсыг хөгжлийг нэгдсэн цонхоор харна. Эсрэгээрээ 76 жижиг тойргоос сонгогдсон гишүүн бүр тойрогт тойрогтоо төсвөөс чангаадаг.Одоогийн эрх баригч нам хуучнаараа буюу 76 тойргоор сонгуульд оролцвол ялахгүй гэдгээ мэдэрсэн байх.Түүнээс биш сонгуулийг хуулийг өөрчлөхгүй шүү дээ. Аль болох олон суудал авч орж ирэх хувилбар нь томсгосон мажоритар тогтолцоо гэж харсан байх. Хэрэв 2016 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулсан бол манай нам доод тал нь 20 суудал авах байсан. Өөрсдөө л жижиг тойргоор явуулсан. Нөгөө манай “ах нар” шийдсэн гэх үү дээ. Тухайн үед манай намын залуу гишүүд 76  тойргийн эсрэг байсан. Гэхдээ ах нарыг дийлээгүй.

  Ирэх сонгуулиар та даагаа нэхэх үү?

-2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн.

Ардчилсан намынхан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?

-Үүнийг хэлж мэдэхгүй юм.  Намайг нэр дэвшүүлэх үгүй эсэхийг нам л шийднэ.

 "ТӨВСИЙГ НАД ШИГ  ТАНАЖ ОРУУЛЖ БАЙСАН САЙД НЭГ ШИРХЭГ Ч БАЙХГҮЙ"

-Улс төрөөс яриагаа холдуулъя. Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд ирэх оны төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд байдалд ямар бодолтой явна. Манай улс төрд тогтсон муу жишгийн нэг нь бусад руу буруугаа чихэж арьсаа хамгаалдаг. Үнэхээр танай нам 2016 оны сонгуулийн дараа МАН-д хоосон төсөв  хүлээлгэж өгсөн юм уу?

-Тухайн үед буюу 2016 онд АН руу хамаг буруугаа чихэж ярьж болох байх. Гэтэл одоо МАН засаг аваад дөрвөн жил өнгөрч байхад дахиад АН-руу муу, муухай бүхнээ чихэх нь сонин биш гэж үү. МАН-ын сонгуулийн амлалтыг санаж байгаа байх. “Бид нар хийнэ, чадна” гэж л амласан. Одоо тэр амлалтаа  хий л дээ. Түүнээс биш юм бүхэнд биднийгээ муулаад байна гэдэг зохисгүй. Одоо уг нь эдийн засгийн нөхцөл байдал сайн байна. Дэлхийн зах дээл дээр түүхийн эдийн үнэ өсч байгаа ийм боломжтой үед ажиллаж байгаа нөхдүүд. “Бид хийнэ, чадна” гэж хэлчихээд биднийгээ муулсаар  өнөөг хүрлээ. Ирэх сонгуульд МАН хийсэн ажлаа тайлагнахын оронд дахиад л АН-ынханыг муулж оролцох  юм уу. Эсрэгээрээ бидний үед эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байсан. Түүхий эдийн үнэ доогуур байсан ийм үеийг бид даваад л гарсан.

Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд нэг ч доллар, төгрөгийн зээл авахгүй гэж амалж гарч ирсэн атлаа өр нь яагаад бидний үеийнхээс  нэмэгдчихэв. Ирэх оны төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсныг нь би гайхаж байна. Намайг  Сангийн сайд байхад төсвийн алдагдлыг  тэглээч гэдэг байсан хүмүүс шүү дээ. Бид төсвийн алдагдлыг 2 хувьд барих гэж чамгүй  хичээсэн. Ирэх жилийн төсвийн орлого биелэгдэх ямар ч боломж харагдахгүй байна. Биелдэг бол сайхан л байна. Би 2016 онд сонгуулийн жилийн төсвийг маш зоригтой боловсруулж УИХ-аар  оруулж байлаа. Их хурлын босгын давахыг нь давж, төсвийн зарлагыг байж болох хэмжээнд нь танасан. Тухайлбал, дэд сайд нарыг цомхотгож, Гааль, Татварыг нийлүүлэх зэргээр  нийтдээ 1.7 их наяд төгрөгийн зарлага танаж сонгуулийн жилийн төсвийг оруулж байсан. Сонгуулийн жилд ийм төсөв барьж орсон сайд нэг ширхэг ч байхгүй. Одоо эсрэгээрээ төсвийн зарлагыг хэд дахин нэмэгдүүлчихсэн. Ирэх жилийн төсөв сонгуульд зориулагдах нь тодорхой. Баахан барилгын суурь ухаж, нээлт хийж, тууз хайчилна. Үүнээс хэтрэхгүй.

 -Та Сангийн сайдад  Ч.Хүрэлбаатарт шүүмжлэлтэй байх шиг байна?

-Ч.Хүрэлбаатар сайд сайн эдийн засагч. Бид хоёр эдийн засаг, мөнгө санхүүгийн асуудалд их ч маргалддаг байлаа. Өнөөдөр харж байхад шүүмжлэлтэй гэхээсээ илүү Сангийн сайд байх амар биш алба шүү дээ. Яагаад гэвэл би Сангийн сайдын зовлонг мэднэ. Энэ хэдэн гишүүд чинь Сангийн сайдыг зүгээр байлгахгүй, ажлыг нь хийлгэдэггүй. Тэг, ингэ, манай тойрог, дүүрэгт  тийм хэмжээний мөнгө суулга гээд л бөөн зовлон тулгадаг. Сангийн сайд хүн эдийн засгаа бодмоор байдаг, нөгөө талд нь төсвийг гишүүдийн дэмжлэгээр баталдаг гээд их түвэгтэй байдалд ордог. Би зовлонг нь мэдэх учраас Сангийн сайдыг шүүмжилмээргүй байна. Намайг сайд байхад Ч.Хүрэлбаатар бид хоёр УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаануудын үеэр хоорондоо яаж үзэлцдэг байлаа. Тухайн үеийн миний зовлонг одоо ойлгож эхэлсэн байлгүй дээ.

"ЭРХ БАРИГЧДЫН ОУВС-ГИЙН НЭРИЙГ БАРИХ НЬ ИХДЭЖ БАЙНА"

-Монгол Улсын эдийн засгийн бодлого, чиглэл ОУВС-ийн асаргаа сувилгаанд ороод үндсэндээ 2.5 жил  өнгөрч байна. ОУВС-гийн хөтөлбөрөөс ирэх оны тавдугаар сард гарна. Бид цааш олон улсын байгууллагын тусламж, дэмжлэггүйгээр өөрөө өөрсдөө эдийн засгаа аваад явчих чадамж бий болсон уу?

-Байгаа. Эрх баригчдын ОУВС-гийн нэрийг барих нь ихдэж байна. ОУВС зөвхөн зөвлөмж өгдөг байгууллага. Энэ байгууллага  “Та нар татвараа нэм, ингэ, тэг” гэж хэзээ ч хэлдэггүй юм. Би ОУВС-тай олон ч удаа уулзаж, хэлэлцээрт орж байсны хувьд үүнийг сайн мэднэ. МАН нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэж гарчхаад одоо есөн төрлийн татвар нэмсэн буруугаа ОУВС-руу тохож байгаа. Малчдын бууных нь татварыг хүртэл нэмчихлээ. Газрын татвар бараг найм дахин нэмэгдсэн ийм л нөхцөл байдалтай байна. Бизнес эрхлэгчид бухимдаж байна. Үнэндээ хувийн хэвшлийнхний татвар дээр Монгол Улсын эдийн засаг оршин тогтнодог. ЖДҮ эрхлэгчдэд өнөөх дуулиантай гурван хувийн зээл нь олдоггүй. Нарантуул дээр наймаа хийж байгаа иргэд хоногийн зээлээр амьдралаа залгуулж байна. Гэтэл энэ талаар нөгөө  шударга гишүүд нь ярьж байгаа ч юм алга.

-Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага / FATF /-ийн ээлжит хурлаараа Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо хангалттай бус гэж үзэн саарал жагсаалтад оруулсан. Үндсэндээ саарал жагсаалтад орсон шалтгаан нь дахиад л танай намтай холбогдчих гээд байгаа, эрх баригчдын тайлбараар?

 -FATF-ийн зөвлөмжид Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар  нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин ч зөв хууль батлагдсан. 2017  онд FATF манай улсад сануулга өгсөн. Түүнээс хойш хоёр жил өнгөрсөн. Энэ хооронд МАН засгийн эрх барьж байгаа биз. Хоёрдугаарт, үүнээс өмнө буюу 2014 оны төгсгөлд Монгол Улс FATF-ын саарал жагсаалтаас гаргасан. Тэр үед аль нам нь засаг барьж байв. Угтаа 2011 онд FATF-ийн саарал жагсаалтад оруулахад мөн аль нь Засаг барьж байв гээд яривал зөндөө юм байна. 2014 онд саарал жагсаалтаас гарсан атал 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийнэ гэж байхгүй. Одоо нэгэнт орсон хойно нь буруутныг хайх гэхээсээ илүү яаж гарах уу гэдгээ бодох ёстой.

-Шийдэл гарц нь юу вэ?

FATF-аас өгсөн дөрвөн зөвлөмжийг хангаж ажиллах. Үндсэндээ сая саарал жагсаалтад орохгүй байх лоббиг Засгийн газар талаасаа бага хийсэн болов уу гэж харж байгаа. FATF-ийн сүүлийн хуралд Монгол Улсын төлөөлөл хойрго хандсан, цөөхүүлээ ч оролцсон юм билээ. Гэтэл Исланд улсын хэд хэдэн сайд нь очиж гуйж, зөндөө юм болсон гэсэн. Манайх  ач холбогдол бага өгсөн үү эсвэл орчихгүй байх гэж найдсаных уу, бүү мэд. Манай улс долларын хангалттай нөөцтэй байгаа. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 2733 төгрөгт хүрлээ. Намайг ажлаа өгч байхад ам.доллар 1960 төгрөг байсан.

-Тантай уулзаж байгаагийнх асуухад, Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгсөн гэсэн шүүмжлэл байдаг. Таны оролцоо байсан юм уу?

-Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтад би оролцоно гэж байхгүй. Эрүүлээр бодоод үзсэн ч ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. 49 хувийг Монголын компани авах гэж байна гэж Засгийн газрын хуралдаан дээр орж ирсэн. Тухайн үед Засгийн газрын хуралдаан дээр байсан сайд нар бүгд дэмжсэн. Нэг зүйлийг олон нийт сайтар ойлгох хэрэгтэй.  Монгол Улс тухайн үед 51 хувийг эзэмшдэг байсан. Өнөөдөр ч гэсэн 51 хувиа эзэмшиж байгаа, ямар ч өөрчлөлт ороогүй. Харин 49  хувийн асуудлыг улс төржүүлсэн. Миний ойлгож байгаагаар манай томчууд “Чи авчихлаа, би авсангүй, яагаад тэр авав” гэдэг асуудал л байгаа байх. Одоо Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоосныг би хувьдаа ойлгохгүй байна. Яагаад Оросууд эзэмшиж байхад нь онц байдал тогтоогоогүй юм. Монгол компани эзэмшчихээр нь дээрэлхэж байгаа мэт онц байдал тогтоож байгаа юм уу.

Ингэж хэллээ гээд “Эрдэнэт” үйлдвэрт миний эрх ашиг гэж юу ч байхгүй. Таньдаг хүн нэг ширхэг ч байхгүй, шалтгаан ч байхгүй. Тухайн үед  худалдан авалт явагдсаных нь дараа би  ТУЗ-өө цэгцэл, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүл, захирлуудынхаа тоог цөөл гэдэг чиглэл өгч байсан. Үүнийг гуйвуулсан тал байж магад. Магадгүй Монгол Улсын эзэмшлийн 51 хувьд өөрчлөлт орсон бол Сангийн сайдын хувьд оролцох байх.

-Таныг шүүхээс шалгасан билүү?

-Тодруулж, лавлах зүйл байна гэхэд нь очсон, тэгээд л тэр.

-“Эрдэнэт” үйлдвэрийн  онцгой дэглэмийн цаана хардлага бас бий?

-Онц дэглэм тогтоосноор ямар ч хууль үйлчлэхгүй байгаа гэсэн үг. Миний ойлгосноор хувийн компани 49 хувийг нь авч хяналт тавьж байхад “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ төлж байгаагүй татварыг улсад төлсөн. Хоёрдугаарт тендер, худалдан авалтын үйл ажиллагаанууд нь бүгд ил тод болсон гэж ойлгосон. Одоо бол онц дэглэм тогтоосноор хууль үйлчлэхгүй. Цаана нь юу болж байгааг мэдэх боломж байхгүй. Хэвлэлийн түвшинд л мэдээлэлтэй байна. Ер нь бол Монгол Улс Оюутолгой, Тавантолгойн  төслүүдээ явуулах ёстой. Дэлхий удахгүй түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах гэж байна.

-Оюутолгойн төслийн гэрээг сайжруулах үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээс эхлээд өнөөг хүртэл маргаан тасарсангүй. Оюутолгойн төсөл үнэхээр Монголчуудад ашиггүй байгаа юм уу эсвэл асуудлыг хэт улстөржүүлдэг юм уу?

-Оюутолгойн төслийг өдөр, шөнөгүй ярьдаг гишүүдээс асуусан нь дээр байх. Тухайн үед Их хурлаас баталчихсан гэрээ. Би тэр үед УИХ-д байгаагүй. УИХ-ын батлаад эхлүүлчихсэн төслийн сайн, мууг нь одоо дүгнэхэд эртдэх байх. Ер нь бол миний бодлоор тухай үед манай хэдэн улстөрчид нь заавал 34 хувийг нь авна гэж зүтгэсээр байгаад энэ гэрээг хүчээр хийлгэсэн. Үүний оронд татвараа  авах гэрээг байгуулсан бол өнөөдөр ингэж маргаан дагуулахгүй байх байсан. Тухайн үед эх оронч гэгддэг гишүүдийн шахаасаар хийгдсэн гэрээ. Одоог гэрээг сайжруул гээд нэгэнт УИХ-аас тогтоол шийдвэр нь гарчихсан бол хэлэлцээрийн ширээний ард сууж л таараа. Гэрээг сайжруулж чадвал мэдээж сайн. Гаднын том компани асуудалд зөвшилцлөөр хандаж  энэ том төслөө урагшлуулъя гэж бодож байгаа байх.

 

Эх сурвалж: news.mn

Сэтгүүлч: Ш.АДЪЯАМАА