Б.Түвшин: АН инновацид суурилсан хүртээмжтэй, чанартай боловсрол, эрүүл мэндийн бодлого хэрэгжүүлнэ

АН өнөөгийн эрүүл мэнд боловсролын тогтолцоог үндсээр нь өөрчилнө. Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, АН-ын Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн дарга Б.Түвшинтэй ярилцлаа. Тэрээр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр долоо дахь жилдээ ажиллаж байна.

-Өнөөгийн НИТХ-ыг өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулбал та ямар дүн тавих вэ?


-Өмнөх дөрвөн жилийн НИТХ тодорхой зорилоготой, хөтөлбөртэй, хийх ажилтай байсан. Өнөөгийн хурлыг харахад тодорхой зорилго алга. НИТХ-д ялах итгэл байсан ч юм уу, үгүй ч юм уу гэхээр харагдаж байгаа юм.


-Юу тодорхой биш байна?


-Мөрийн хөтөлбөр тодорхой биш байна. Ялах итгэл байгаагүй гэж үзээд байгаа юм. Ерөнхийдөө гурван удаа хий эргэлээ. Одоо сонгууль дөхсөн учраас олонх ямар нэгэн юм хийх хэрэгтэй болж байна. 2012-2016 онд асуудлыг гаргаж тавиад шийдэх гарцыг тодорхойлоод хэрэгжүүлдэг байсан. Өнөөдөр асуудлыг ужигруулаад, иргэдийг хашраах замаар шийдэж байна. Сонгууль дөхсөн учраас асуудлыг шийдэж буян үйлдэж байгаа дүр үзүүлж байна.


-Жишээлбэл?


-Нийслэлийн бүтээн байгуулалт, замын түгжрэл, гэр хорооллын бүтээн байгуулалтын талаар гурван жил ширхэг ажил хийгээгүй байж сонгуулийн жил угтаад асар их хөрөнгө тавьсан. Энэ бол иргэдэд таалагдах гэсэн, дүр үзүүлсэн шоу.


-Яагаад?


-Төсөв мөнгөний хувьд тодорхой нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй. Зөвхөн төлөөлөгчдөд зориулсан төсөв болсон.


-Танай бүлэг эрх баригчдыг сүүлийн гурван жил утаа, нийтийн тээвэр, гэр хорооллын талаар арга хэмжээ аваагүй гэж байнга шүүмжилдэг. Тухайн үеийн сонгуулийн дараа та нар ямар санал гаргаж байсан бэ?


-Гэр хорооллын асуудал угаасаа АН эрх барих үед эхлээд алдаатай, оноотой ч маш амжилттай хэрэгжиж байсан. Гэтэл нэг өглөө л улс төржсөөр байгаад унагаасан. Одоо бүр унтуулсан. Утааны асуудлыг шийдэж байгааг нь ч цаг хугацаа харуулах байх. Гэр хорооллыг зөвхөн утаа гэж хараад байна. Бид цогцоор нь шийдэх бодлого ярьж байна. Хөрсний бохирдлыг таслан зогсоох, инженерийн байгууламжийн тухай гээд асуудлыг цогцоор нь шийдэхийн оронд утааны тухай яриад байгаа юм. Гэр хороолол гэдэг бол Улаанбаатарын тал нь энэ хүмүүсийн амьжиргааны түвшин, амьдралын чанарыг дээшлүүлэх нь НИТХ-ын үүрэг. Энэ том хөгжихийн тулд гэр хорооллыг хөгжүүлэх ёстой. Зөвхөн утаа ярих нь нэг л талын асуудал. Гэр хорооллын наад захын дэд бүтцийг байгуулах хэрэгтэй.


-Их хэмжээний орон сууцны барилга тухай ярьж байгаа шүү дээ.


-Өрх бүрийг орон сууцаар хангана гэдэг нь хөрөнгө санхүү, цаг хугацаа ихээр шаардана.


-Өрх бүрийг орон сууцаар хангах боломжгүй бол гэр хорооллынхон яах бол?


-Анхнаасаа гэр хороолол ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн. Гэр хорооллыг нэгдсэн байдлаар дэд бүтцээр хангах чиглэлээр төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Энэ бүхнийг нь эсвэл хэсэгчилсэн байдлаар шийдэж болно л доо. Үүнийг шийдэх орчин цагийн олон технологиуд бэлэн байна. Гэр хорооллын дэд бүтцийг л шийдээд өгчихвөл өөрсдөө цаашдаа бүх юмаа цэгцлээд явчихна. Одоо ч дэд бүтэцгүй болохоос сайхан байшингууд бариад суучихсан иргэд олон бий.


-Энэ бүхнийг хийхэд юу саад болж байна?


-Эрх баригчид анхаарлаа хандуулахгүй байна. Бас нэг том хүндрэл нь замбараагүй буусан айлууд дээр төлөвлөлт хийхэд хүндрэлтэй. Өнөөдөр утаанаас гадна хөрсний бохирдол утаанаас илүү аюул дагуулсан. Зарим хүмүүс “Бид жорлон дээр амьдарч байна” гэж ярьж байна.


-Юу гэсэн үг вэ?


-Хашааныхаа өнцөг булан бүрт жорлон ухсаар байгаад эрүүл газаргүй болсон. Зун байнга жорлон нь халиад гудам руугаа урсдаг маш олон газар байна. Энэ бүхэн чинь нэг өдөр халдварт өвчний голомт болно. Хүний эрүүл мэндэд ямар ч аюул учруулна шүү дээ. Үнэхээр хүний эрүүл мэндэд аюулгүй байж чадаж байгаа бол шахмал түлш ярих асуудал мөн. Гэхдээ асуудлыг цогцоор нь шийдэхийн оронд нэг л өнцгөөс хараад байвал гэр хорооллын асуудал дахиад л хаягдана биз дээ. Нийслэлийг хөгжүүлэхэд нэг ч иргэн хаягдах ёсгүй. Гэтэл нэлээн их хэсгийг эзэлж байгаа гэр хорооллыг зөвхөн утаа гэж хараад байгаад л бидний бодлого зөрөлдөөд байгаа юм. Бодлого иргэн рүүгээ гэхдээ гэр хорооллын иргэд рүү түлхүү чиглэх цаг ирсэн гэдгийг л эрх баригчид ойлгох ёстой юм.


-Энэ бодлогыг хэргжүүлэхэд хөрөнгө санхүүгийн боломж байгаа юу?


-Өнөөдөр нийслэлийн төсөв маш их өссөн. Гэхдээ энэ их мөнгөнөөсөө Засгийн газар луугаа алдаад байх шиг байгаа юм.

-Юуг Засгийн газартаа алдаад байна?


-270 тэрбум төгрөгийг Засгийн газарт дотац болгоод өгчихсөн. Тэр яахав тэдний хоорондын зохицлын асуудал байдаг байх. Өмнө нь хотын бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгийг нийслэлтэйгээ зохицоод явж болдог л байсан. Нийслэл өөрийн хөрөнгөө төв Засгийн газартаа төвлөрүүлчхээд, түүнийгээ нийслэлд мөнгө төгрөг дутаж байгаа юм тайлбарлаад байгаа. Тэгээд татвар нэмээд замын түгжрэлийг арилгах юм яриад байна.


-Татвар нэмэх нь буруу юу?


-Ер нь бол татвар нэмж болно л доо. Гэхдээ эхлээд нийтийн тээвэр иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж байгаа эсэхийг харах хэрэгтэй. Тохитой, дулаан үйлчилгээг цагтаа, хүртээмжтэй хүргэж чадаж байна уу. Эхлээд иргэддээ боломж олгочхоод, дараа нь татварын тухай ярих хэрэгтэй байхгүй юу. Одоо гудманд хүүхдээ тэврээд зогсч байгаа эмэгтэйг яах юм. Нийтийн тээвэр нь явахгүй унаа барихыг зөвшөөрөхгүй. Ийм байж татвар нэмэх тухай яриад байгаа байхгүй юу. Шууд хүний эрхэнд халдаад эхлэхээр маш том эсэргүүцэлтэй тулж байгаа биз дээ. Хаа ч өндөр татвартай зам байдаг л даа. Түүгээрээ хүн бүр зорчих эрхтэй байдаг. Гэхдээ эхлээд боломжийг бүрдүүлж байж татварын асуудал ярих хэрэгтэй шүү дээ. Энэ нь хот төлөвлөлтийн суурь ойлгоц байхгүйг харуулаад байгаа юм. Хот төлөвлөлтийн талаар маш буруу бодлого үүнээс үүдээд байгаа юм.


-Яг юунаас?


-Эхний ээлжид нийтийн тээвэр дээр санхүүгийн хэд хэдэн анализ хийх хэрэгтэй. Мөнгө хурааж байна. Хураах мөнгө нь хураах зардлаасаа их гарч байна уу гэдэг нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, нийтийн тээвэрт 120 тэрбум төгрөгийн дотац өгч байгаа асуудал байна. Энэ их мөнгө өгч байгаа юм бол нийтийн тээврийг үнэгүй болгож болно шүү дээ.


-Нийслэл нийтийн тээвэрт хэдийг өгөөд хэр хэмжээний орлого олдог вэ?


-Өндөр настан, оюутан хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтээр 120 тэрбум төгрөгийн дотоци өгөөд эргээд 40 тэрбум төгрөг хурааж байна.


-Нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсний дараахан нийтийн тээврийн орлого 30 хувиар өссөн гэж мэдэгдэж байсан шүү дээ...


-Хандлагын ялгаа байна. Анх смарт картыг нэвтрүүлэхдээ мөнгө төлөлтийг шударга болгох, дата анализ хийх зорилго тавьсан. Тохь тухтай болгох бодлого хэрэгжүүлсэн. Гэтэл өнөөдөр мөнгө хураах биш, рейс хийгээд мөнгө авдаг болсон. Тохь тухын тухай ямар ч ойлголт байхгүй. Ийм байдлаар ханддаг болчихсон. Программыг хөгжүүлэх талаар дараагийн алхмуудыг хийх ажлыг орхигдуулсан. Дараагийн инноавцлаг санаанууд байхгүй учраас энэ программ хангамж үндсэндээ хөлдсөн гэж болно. Нийслэлчүүдийн төлөө гэсэн сэтгэл, ажилдаа хандах хандлага гэж байхгүй болсон.


-Юунаас болж ийм байдал үүсэв?


-Нийтийн тээврийг сайжруулах хүсэл алга. Бүр зорилго ч байхгүй зоргонд нь хаясан. Тийм учраас зүгээр л туршилтууд хийж эхэлсэн. Ингээд нэг үзвэл яасан юм гэсэн маягаар ажилдаа хандаж байна. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ямар ч ахиц гарахгүй байгаа юм. Бид гэр хорооллын хөгжлийг нийслэлээр зогсохгүй улсын маань эдийн засгийн хөгжлийн үндэс гэж хардаг. Та бүхэн санаж байгаа бол 2012-2016 онд гэр хороололд амьдрал буцалж байсан шүү дээ. Одоо нам болсон. Тэдний эрүүл ахуй, нийгмийн орчинг сайжруулах тухай асуудал одоо царцчихаад байгаа. Удирдлагын стратеги алга учраас тэр он жилүүдэд эхэлсэн ажил одоо унтарсан.


-Танай нам ялагдал хүлээснээсээ ямар нэгэн сургамж авсан болов уу?


-Би авсан гэж боддог. Ер нь нийслэлийг удирдахад асар том мөрөөдөлтэй байх ёстой байна. Бид залуухан, алдаж онож байсан ч нийслэлээ хөгжүүлэх халуун сэтгэлтэй байж. Энэ утгаараа АН өнөөдөр улам их итгэл үнэмшилтэй болж байна.


-Өмнөх дөрвөн жилд та нар жаахан хөөрлийн байдалтай байсан уу?


-Яах вэ зарим үед тэгж нэрлэж байсан. Нийгмийн томоохон өөрчлөлт хийхэд нийгмийн бүх гишүүдийг хамруулах хэрэгтэй юм байна. Нийгэм даяар нэгдсэн ойлгоцтой болж байж томоохон өөрчлөлтүүдийг хийх ёстой юм байна. Нийгмийн ойлгоц дээр суурилж томоохон өөрчлөлтүүдийг хийхээс хэдэн дарга нар өөрчлөлтийг хийдэггүй юм байна гэж ойлгосон. Тийм учраас тэр үед хөөрөл ч байсан байх. Гэхдээ томоохон бүтээн байгуулалтууд явж л байсан байхгүй юу. Одоо эрх баригчид хөтөлбөргүй учраас иргэд унтаа байдалд орсон. Энэ нь манай улсын хөгжил дэвшлийн саад тээг болж хувирсан.


-Ирэх дөрвөн жилд боловсрол, эрүүл мэндийн салбарт танай намаас ямар бодлого хэрэгжүүлэх вэ?


-Зарчим бол байгаа. Одоогоор судалгаа хийгээд мөрийн хөтөлбөр боловсруулагдаад явж байна. Ерөнхий чиг хандлага гарсан. Эхний ээлжинд нийслэлд олон улсын боловсролын системийг нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн. Технологи дээр суурилсан хүртээмжтэй, чанартай боловсролын системийг нэвтрүүлнэ. Нийслэлийн сургуулиудын хөтөлбөр, дэд бүтцийн ялгаатай байдлыг арилгана. Үүнээс болоод сурагчдын боловсролд чанарын ялгаа үүсээд байгаа юм. Ялгаатай давхаргууд үүсээд байна. Нэг хэсэг нь хэт боловсорсон нөгөө хэсэг нь чанаргүй боловсролтой гэсэн ангид хуваагдаад эхэлсэн.


-Эрүүл мэндийн салбарт.


-Бас л хүртээмжтэй байдлын асуудал яригдана. Одоогийн эрүүл мэндийн зардлын тогтолцоог өөрчилнө. Зардлын хуваарилалт хүн амын төвлөрсөн бүсдээ асар ачаалал авчирдаг. Үүнээс болж хүртээмжтэй байдал алдагдаж байна.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Сэтгүүлч: Х.БАТТӨГС