С.Энх-Өнөр: П.Галиндэв нар нь гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл тараасан нь тогтоогдсон

П.Галиндэв тэргүүтэй хэсэг хүмүүс  Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид рүү дайрч, давшилсан буруу, ташаа мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар  түгээх болсон. Энэ тухай  Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын  Эрх зүйн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга С.Энх-Өнөрөөс тодруулахад тэрбээр “Галиндэв нар нь өөрсдийгөө Ардчилсан намын “Шинэчлэлийн хөдөлгөөн”, “Ардчилсан намын онц их хурал зохион байгуулах хороо” хэмээн нэрийдэж,  гүтгэлгийн шинж чанартай, худал мэдээллийг удаа дараа сошиал болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан. П.Галиндэв нь Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийн санд бүртгэлгүй бөгөөд  намын гишүүн биш. Ардчилсан намын Үндсэн дүрэм, холбогдох журмуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”, “Ардчилсан намын онц их хурал зохион байгуулах хороо”-д нь намын төлөөллийн төв байгууллагын шийдвэргүй, албан ёсны бүртгэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг асуудлын хүрээнд бид  хууль, хяналтын байгууллагад хандсан. Улмаар хууль, хяналтын байгууллагаас уг асуудлыг шалгаж, П.Галиндэв нар нь гүтгэлгийн шинж чанартай худал мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан нь тогтоогдсон тул өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих арга хэмжээг авсан ” гэлээ.