Д.Алтангэрэл: Интернэт хэрэглээ өндөртэй манай оронд цахим боловсролын чадавх 30 гаруйхан хувьтай байна

АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцаа холбооны Бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэлтэй цахим боловсрол сэдвээр ярилцлаа.

-Цахим боловсрол гэдэг ойлголтын талаар ярина уу? Олон хүн үүнийг зөвхөн интернэтээр ямар нэг зүйлд суралцах тухай гэж ойлгоод байдаг?


-Үгүй л дээ. Онлайнаар сургуульд сурлаа гэхэд и-мэйлээр харилцаж чаддаг уу гэх энгийн асуултаас яриагаа эхэлье. Дэлхий даяар өнөөдөр хүний амьдрах, сурах, ажиллах бүх үйл явцад дижитал орчин түрээд ирлээ. Гэтэл үүнд Монгол Улс бэлэн байна уу? Энэ асуултад хариулахад цахим боловсролын тухай сэдэв хөндөгдөх юм. Харин өнөөгийн бидний хэрэглээ ТҮЦ машинаас хэтрээгүй л байна. Уг нь цахимаар шийдчих гарц, гаргалгаа байсаар байхад манайхан уламжлалт сэтгэлгээгээр нөгөөх л бичиг цаас барьж, очер дараалал үүсгэдэг хэвээрээ. 
 Дэлхийд цахим боловсролын түвшинг хэмжих болсон. Монгол Улсын тухайд, мэдээлэл харилцаа холбооны мэдээлэл ашиглах чадвараар эрэгтэйчүүд 30, эмэгтэйчүүд 32 хувьтай байна гэжээ.

 Тэгвэл манай улсын хүн амын 94-97 хувь нь буюу давхардсан тоогоор 3.2 сая хэрэглэгч ухаалаг гар утастай бол интернэт ашиглалт 63-73 хувьтай. Энэ нь бусад хөгжингүй оронтой харьцуулахад өндөр тоо боловч яг цахим боловсролын чадавхын хувьд дөнгөж 30 гаруйхан хувьтай байгаа нь тун чамлалттай. 
 Улс орнууд цахим боловсролоо дээшлүүлэх чиглэлд хэдийн анхаараад эхэлсэн. Тухайлбал, Казахстан улс цахим боловсролын чадавхаа 83 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилтынхоо хүрээнд дүүрэг бүртээ Цахим боловсролын төв нээж, иргэдэд үнэгүй сургалт явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улс орнууд цахим боловсролын ач холбогдлыг мэдэрч, хөгжиж буй орнуудаас хоцрохгүйн тулд төрийн бодлогоор хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Дэлхийн цахим эдийн засаг гэх салбарт эргэлдэх хөрөнгө оруулалт тэрбум биш, их наяд, миллиардаар яригдах болсон. Асар богино хугацаанд асар их мөнгө олж, хэмнэж буй салбар нь цахим эдийн засаг. Анзаарсан бол “олж” гэдэг үгтэй “хэмнэлт” гэдэг үг байнга хамт хэлэгдэж байгаа биз. Уул уурхайн салбарт хөрөнгө орууллаа гэхэд худалч хүнд ашгаа 100 жилийн дараа хүртэхээр байна шүү дээ. Тэгвэл цахим орчинд хөрөнгө оруулбал нэг жилийн дотор хэд дахин өсгөх боломжтой. Үүний нэг жишээ нь Lend.mn. Хөрөнгийн зах зээл дээр яаж гарч, хэрхэн босч ирснийг хүн бүр харсан. Нэг хүн программ зохиогоод iCloud, Apple game рүү явуулахад гурван сарын дотор тэрбум доллар олсон жишээ олон. Энэ хөгжлийн түвшинд хүрэхийн тулд бид иргэдийнхээ цахим боловсролын түвшинг бүх салбарт шат шатаар ахиулах шаардлагатай.

-Хамгийн их шүүмжлэлд өртдөг боловсролын салбарт цахим боловсролыг хэрхэн, яаж нэвтрүүлэх ёстой вэ?


-Казахстан улс шиг Цахим сургалтын төв байгуулж, мэдлэг түгээснээр дунд, их, дээд сургууль, коллеж болон 30-80 хүртэлх насны иргэн цахим боловсролтын тухай ойлголттой болж, амьдралаа хөнгөвчилж, үр дүнд нь улс оронд эдийн засгийн маш их хэмнэлт гарах боломжтой. Даатгал, татвар, цахилгаан гэх мэт төлбөрийг өмнө нь банкинд очиж төлдөг байсан бол одоо цахимаар бүх төрлийн төрийн үйлчилгээг авах платформ үүссэн. Гэтэл өнөөдөр бид бэлэн мөнгө ашигласан, банкинд дугаарласан хэвээр буюу хуучин сэтгэлгээнээсээ салаагүй л байна. Энэ нь цахим боловсролгүй, мэдээлэлгүй байгааг харуулах нэг үзүүлэлт. Тиймээс боловсролын бүх шатанд цахим боловсролын хичээлийн хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлага байна. Дунд сургууль болон их, дээд сургуулиа төгсөөд хүн ямар цахим мэдлэгтэй болсон байх ёстой вэ гэдэг сургалтын бие даасан стандарттай болох хэрэгтэй. Дэлхийн 200 гаруй орноос Монгол Улс боловсролын чанараар 101, багш нарын чадавхаар 92, ур чадвартай ажиллах хүчнийхээ үзүүлэлтээр 130 дугаар байранд жагсч байгааг Nomads in digital age судалгааны байгууллага дурдсан байна билээ.

-Хөгжлийн нэг гарц нь цахим боловсролын тухай бие даасан салбартай болох гэж Та хэлэх гээд байна уу?


-Зарим том компани одоо хүртэл и-мэйл хаяг, вэб хуудасгүй байна. Утсаар холбогдоод мэдээллээ цахимаар явуулах хүсэлт тавихад ирээд үз гэж хэлдэг. Эсвэл “Зар мэдээ” сонинд рекламаа тавьсан гэх мэт хариу өгдөг. Орчин үед их, дээд сургууль төгссөн горилогчид ажил олгогч нар word, excel дээр ажиллаж, интернэтээс мэдээлэл олж, и-мэйл бичих наад захын чадвартай байх шаардлага тавьдаг болсон. Энэ бол зайлшгүй хөгжүүлэх ёстой салбар. Үнэндээ 32 хувь гэдэг маш хангалтгүй үзүүлэлт. Манай инженерүүд хүний амьдралын цаг хугацааг хэмнэж, эдийн засгийн асар их бодит хэмнэлт үзүүлэх хэчнээн гоё программ, сүпэр платформ зохиогоод хэрэглэгчид нь түүнийг ашиглаж чадахгүй юм бол энэ бүхнийг бүтээх ямар хэрэгтэй гэж. Бүгдээрээ малаа маллаад л сууж байя. Дэлхий биднийг хол хаяад хөгжиж л байна биз. Өнөөдөр Сингапурын цахим боловсролын чадавхын түвшин 95 хувьд хүрсэн. Яагаад үсрэнгүй хөгжилд хүрсэн олон шалтгааных нь нэг бол сая миний тоть шиг давтан давтан яриад байгаа цахим боловсролтой л холбоотой юм.

-Төрөөс мэдээллийн технологийн чиглэлээр гаргасан бодлогын баримт бичгүүд байдаг биз дээ? 


-Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Цахим засаглалын үндэсний хөтөлбөр гэх мэт Засгийн газраас гаргасан бодлогын бичиг баримт олон бий. Гэхдээ цаасан дээрх бодлого амьдрал дээр хэзээ ч буудаггүй. Уг нь 330 сумандаа шилэн кабел татаж, дэд бүтцийнхээ суурийг маш сайн тавьчихсан. Нэг хоолой татлаа гэхэд түүгээр дүүрэн ус урсч байх ёстой биз? Гэтэл шилэн кабелийн хоолой тун хангалтгүй, хамгийн ихдээ 15 хувьд хүрч байна уу, үгүй юу. Энэ нь цаасан дээрх төрийн бодлого хэрэгжихгүй байгааг, нөгөөтэйгүүр, хүмүүс цахим боловсролын талаар ямар ч ойлголтгүй, мэдээлэл урсахгүй байгаагийн тод илрэл.

-Бүх зүйл ухаалаг системд холбогдож байгаа нь үнэн шүү?


-“Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах чадвар” номонд бичсэнээр тусгайлсан есөн үйлдэл байдаг бөгөөд үүнд төхөөрөмжийг асаах, унтраах, цаасаар хувилах, сканнердах, и-мэйл бичих, код бичих чадвартай байхыг заасан байдаг. Ерөөс цахим боловсрол гэдэг нь интернэтийн нөөц, тоон технологийн үр ашигт тулгуурлан шаардлагатай нөөц баялаг бий болгох ур чадвар, мэдлэг юм шүү дээ. Дэлхийн хөгжил заавал танхимд дөрвөн жил суугаад, төчнөөн сая төгрөг төлөөд бакалавр, мастерын зэрэг горилдог сэтгэлгээг хол хаясан. Өнөөдөр 100 доллар төлөөд л магистрын зэрэг горилдог онлайн сургууль, сургалтууд олон болсон. Чамд гар утас, нөүтбүүк, зургийн аппарат өгөхөд ашиглаж чадахгүй байвал өөрийгөө дэлхийн хөгжлөөс хэдэн арван жилээр хоцорчээ, сармагчнаас долоон дор юм байна гэж л дүгнэ. Хандлага ийм л болсон. Энэ бүхэн өдөр тутам иддэг талх шиг л бидний амьдралд хэрэгцээтэй болсон. Зурагт, хөргөгч, шарах шүүгээ, будаа агшаагч, хаалга, тэр ч бүү хэл унтраалга хүртэл интернэтэд холбогдчихлоо. Хамгийн сүүлийн судалгаагаар, дэлхий дээр 35 тэрбум тоног, төхөөрөмж автомажсан байна. Цаашид ч хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс ухаалаг гэсэн бүхнийг ашиглах мэдлэгтэй байх нь цаг үетэйгээ хөл нийлүүлж буй зайлшгүй үйлдэл. Цахим боловсролгүй байна гэдэг нийгмийн доод түвшинд хөгжлийн бэрхшээлтэй оршиж байгаагийн илрэл. НҮБ-ын түвшинд дижитал боловсролын хоцрогдолд ихээхэн анхаарч байна. Үүнийгээ хөгжүүлээгүй орон бусад улс орноос улам их хоцрогдох аюул нүүрлэж байгааг анхааруулсаар байгаа.

-Мэдээж аливаа зүйл сайн, муу олон талтай. Бүх эд юмс цахимжихын хэрээр сөрөг асуудлууд урган гарч буй. Мэдээллийн аюулгүй байдлын тухайд ямар бодолтой явдаг вэ?


-Дэлхийн хамгийн түгээмэл нууц кодууд нь 1-5 хүртэлх тоо, password гэдэг үг өөрөө, эсвэл төрсөн өдөр байх жишээтэй. Нууц код гэдэг чиний хамгийн чухал мэдээлэл. Энэ мэтээр энгийн нууц кодтой байна гэдэг нь аюулгүй байдлаа та өөрөө хангаагүй, нөгөөтэйгүүр хангах боловсролгүй байна гэсэн үг.

 Цахим боловсрол гэдэг дараах гурван цогц ойлголтоос бүрдэнэ. Нэгдүгээрт, интернэтийн нөөц, хоёрдугаарт, техник, тоног төхөөрөмж, гуравдугаарт, энэ бүхний аюулгүй байдлыг хангах чадвартай байхыг шаардана. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна уу гэвэл тийм. Нөгөө талд ажлын байр байна уу, байна. Гэтэл яагаад залуучууд тэнцэхгүй гологдоод байна вэ? Үүний нэг шалтгаан нь нөгөө л цахим боловсролтой холбогдоно. Ганц и-мэйл бичих ур чадваргүй байна гэдэг дижитал эрэн үед эмгэнэл болчихсон. Хүн бүр боловсор гээд байгаа учир энэ. Гар утсаар дамжуулан нийгмийн сүлжээнд байдаг идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.1 сая буюу 95 хувьтай байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Боломж хангалттай байна гэсэн үг.

-Бичиг үсэг тайлагдсан хүнийг боловсролтой хүн гэж үздэг цаг үе өөрчлөгдсөн гэж Та хэлж байна. Гэвч заавал цахим орчинд ажиллах ур чадварыг эзэмших албагүй хүмүүс бий шүү дээ?


-Тоон бичиг үсгийн боловсрол гэдэг учир дутагдалтай хэллэг манайд нэвтэрсэн. Эндээс харахад, гадаадаас орчуулсан нэр томьёог баталж, нэг мөр үгсийн сангийн хэрэглээнд нэвтрүүлдэг стандартын байгуулллага Монголд алга. Ухаандаа, Хятадад л гэхэд гадаад үгийг орчуулдаг комисс гэж байдаг. Тухайлбал, тэд KFC-ийг орчуулахад яг ямар гурван ханз хэрэглэхийг тодорхойлдог юм. Харин бид өөр өөрийнхөөрөө л явсаар. Харахад бүгд нэг юмны талаар ярих боловч хоёр өөр нэр томьёотой байх юм. Анагаах ухаан, уул уурхай, мэдээллийн технологи, боловсрол, сэтгүүл зүйн салбарт шинээр орж ирсэн нэр томьёог нэг мөр болгоод явах хэрэгтэй. Амьдрал баян учраас хэл, соёл үргэлж хувьсч байдаг. Тиймээс үүнд анхаарлаа хандуулах цаг нь болсон л гэсэн санаа.

-Ирээдүйд устах мэргэжлүүдийн жагсаалт гарсан. Хүний хийдэг ажлыг роботууд хийдэг болно гэх. Тэгэхээр хүн IQ-гаа илүү хөгжүүлэх хэрэгтэй юү?


-АНУ-д тээврийн жолооч гэдэг мэргэжил устах мэргэжлийн жагсаалтад орсон байгаа бол Хятадад цагт 350 км хурдалдаг жолоочгүй галт тэрэг нэвтэрлээ. Энэ мэтчилэн хиймэл оюун ухаан, роботод суурилсан технологийн шийдлүүд хүний хийдэг ажлыг “булаах” болно. Ирээдүйд ажлын байрны 42 хувийг роботууд, 58 хувийг хүн хийдэг болно гэсэн судалгаа гарсан. Тиймээс ирээдүйд хүн дараах мэргэжлийн түвшний таван ур чадварыг эзэмшсэн байх ёстой болно. Үүнд,
-Сэтгэлгээний уян хатан байдал, 
-Асуудлыг цогцоор нь шийдвэрлэх буюу бүх зүйлийг системтэй олж харах чадвар
-Шүүмжлэлт сэтгэлгээ буюу англиар Critical thinking буюу бусадтайгаа санал нийлэвч нөгөө өнцгийг нь бас ширээн дээр гаргаж тавьдаг, why not буюу яагаад ийм байж болохгүй гэж гэсэн сэтгэлгээ. Грекийн суут ухаантан Сократ уламжлалт сэтгэлгээг халсан, асуудлыг олон талаас нь хардаг хүн байсан.
- Гуравт, чамд нэг ширхэг шүдэнз өгсөн бол үүнийг хайрцаг шүдэнз болгох creative буюу бүтээлч чадвар
-Би ялж байвал бусад нь хамаагүй гэхээс илүүтэй бид, хамтдаа ялалт байгуулна гэсэн хүнлэг чанартай байхыг хардаг болсон. 
 Эцэст нь, салбар хоорондын мэдлэг чухал. Би зөвхөн хуулийн салбарыг л мэднэ гээд суугаад байж болохгүй. Тал бүрийн мэдлэгтэй байхыг шаардана. Ийм учраас цахим боловсрол маш чухал гэж яриад байгаа юм.

-Цахим боловсролтой болсноор нэг хүний эдийн засагт ямар өөрчлөлт гарахыг жишээгээр тайлбарлавал?


-Монгол Улсын төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Тэгэхээр төдий хэмжээний урсгал зардал гарна гэсэн үг. Гэтэл тэдгээр урсгал зардлыг дижитал ертөнц ашиглан хэмнэх боломж байгаа бол яах вэ. Энэ чигээрээ явсаар л байх уу? Тухайлбал, хоёр төрийн байгууллага мэдээллээ цахимаар солилцох боломж байтал заавал цаасаар солилцож, эдийн засгийн зарлага гаргах хэрэгтэй юү? Бодоод үзье л дээ. Тэр цаасыг нөгөө хүнд хүргэхийн тулд ямар хэмжээний зардал гарахыг. Цаасаа худалдаж авна, цаас мэдээж хоосон байхгүй учраас дээр нь нэг юм бичиж таарна. Түүнийг бичсэн хүнийг цалинжуулна, бичихэд ашиглаж буй цахилгааны төлбөр, хэвлэж гаргах хорны зардал, тухайн цаасыг хүргэж өгөх шуудангийн ажилтны төлбөр, түүний зарцуулах түлш гээд маш их зарлага гарч байгаа биз. Хамгийн гол нь, хүний хамгийн үнэ цэнтэй цаг хугацааг ганцхан товчлуур дараад шийдчих зүйл дээр ингэж үрж байгаа нь харамсмаар. Энэ бол хамгийн энгийн жишээ. Энэ бүхнийг хэмнэж чадвал илүү үр дүнтэй зүйлд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулах боломж байна л гэсэн үг.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН