Б.Пүрэвдорж: Хуулийн онол, практикийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг нөхөж тоолох боломжгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхээр боллоо. Энэ хэр зөв шийдвэр байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байх үедээ тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай амлалтыг ард түмэндээ өгч байсан. Энэ амлалтаа биелүүлэх талаар тодорхой ажил хийлээ. Энэ санаачлагыг гаргаж, Салхитын ордын баялгийг ашиглах замаар тэтгэвэрийн зээлийг тэглэх саналыг оруулж ирсэн. Үүнийг өнөөгийн эрх баригчид авч хэлэлцлээ. Дээрээс нь тэтгэвэрийн зээлгүй иргэдийг ялгаварлаж болохгүй гэж үзсний үндсэн дээр нэг сая төгрөг олгох шийдвэр гарган баталлаа. Мэдээж энэ дунд асуудлууд байгаа. Ихэнх зээл аваагүй хүмүүс амьжиргааны түвшин доогуур байгаа. Учир нь өөр орлого байхгүй учраас зөвхөн тэтгэвэрийнхээ мөнгөөр амьдардаг. Зориглож зээл авч чаддаггүй. Энэ утгаараа ахмадуудыг талцуулсан шийдвэр болж хувирлаа л даа. Нэг хэсэг хүмүүсийнх нь зээлийг зургаа хүртэлх сая төгрөгөөр тэглэчихээд, нөгөө хэсэгт нь нэг сая төгрөг өгсөн нь тодорхой хэмжээгээр буруу шийдвэр байлаа.

-Тэтгэвэрийн зээлгүй 194 мянган иргэдэд олгох нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сараас эхлэн мөнгөжүүлнэ. Мэдээж шинэ парламент гарчихсан байна. Залгамж халаагүй гэгддэг төр өмнөх парламентыхаа шийдвэрийг биелүүлэх үү. Тэтгэвэр авагчдад хоосон хүлээлт үүсчих юм биш үү?

-Өнөөдрийн МАН нэг сумаар хоёр туулай буудаж байна гэж бодож байгаа. Тодруулбал, 200 гаруй мянган ахмадуудынхаа зээлийг тэглэх замаар Их хурлын сонгуульд ялна гэсэн зорилготой байна. Улмаар нэг сая төгрөгийнхөө үнэт цаасаа 2021 оны тавдугаар сараас мөнгөжүүлэх замаар үлдсэн 194 мянган ахмададаа мөнгө тарааж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэсэн бодолтойгоор энэ хуулийг баталлаа. Хэзээ ч нэг сумаар хоёр туулай бууддаггүй. Энэ бол ялгаатай шийдвэр. Нэг хэсгийг нь өнөөдөр, нөгөө хэсгийг нь баярлуулах эсэх нь ч тодорхойгүй. Ийм нөхцөл байдалд аваачиж байгаа нь маш харалган шийдвэр боллоо.

-Сөрөг хүчний зүгээс энэ шийдвэрийг дэмжсэн. Мэдээж өөрсдийн санал дэмжигдлээ гэдэг утгаар дэмжсэн байх. Гэхдээ сөрөг хүчний зүгээс бодит нөхцөл байдлыг харж, мэргэжлийнхний хэлж буй эдийн засагт эрсдэлтэй, сөрөг үр нөлөөтэй талаарх байр суурь илэрийлж болоогүй хэрэг үү?

-Манай нам өөрөө баруун төвийн үзэлтэй. Тийм учраас халамжийг хавтгайруулах, татвар төлөгчдийнхөө татварыг үр өгөөжтэй, эдийн засгийг сайжруулах чиглэлд зарцуулах, үүнийхээ үр дүнд тодорхой хэмжээний цалин, тэтгэвэр нэмэх, зөрүүг арилгах замаар ард иргэдээ илүү сайхан боломжийн төлөө явах ёстой. Гэхдээ хамгийн гол нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийнхөө санаачлагыг энэ удаад дэмжиж явахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон.  

Тэтгэвэрийн зээл тэглэх хуулийг хэлэлцэх явцад миний зүгээс нэг санал гаргасан. Нэгэнт л бонд гаргаад 194 мянган ахмадад өгөх мөнгө нь тэтгэвэрийн зээл тэглэхтэй хамтдаа шийдэгдэж байгаа юм чинь цагаан сарын өмнө тэр нэг сая төгрөгийг нь өгчихье гэх санал гаргасан юм. Ахмадуудад өгөх 194 тэрбум төгрөгийн зардал нь ойролцоогоор 16.5 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, бондын хүү нь жилийн хувь. Ингэж тооцохоор ойролцоогоор 16.5 тэрбум төгрөгийн хүү төлнө. Үүнийг улс өөр дээрээ авч эсвэл бондоо нэмж гаргах замаар шийдээд явах боломжтой. Нэг мөсөн л нийт 400 гаруй мянган ахмадуудаа баярлуулчихъя гэсэн энэхүү санал маань харамсалтай нь дэмжигдээгүй.

-Бонд босгоход удаашрах нөхцөл байдал үүсэх үү?

-Бонд гаргах тухай асуудал Засгийн газар болон түүний харъяанд байдаг төрийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагааны асуудал болсон. Бондыг мөнгөжүүлэх нь Монголбанкны асуудал болж байгаа. Салхитын ордыг баталгаатай, 900 тэрбум төгрөгийн бондыг төлөх эдийн засгийн үндэслэл байна уу, байхгүй юу гэдгийг тооцож байгаад Монголбанкыг мөнгөжүүлэх тухай асуудал яригдана. Энэ нь цэвэр бонд гаргаж байгаа болон үүнийг мөнгөжүүлж буй Монголбанк, баталгаа гаргах Хөгжлийн банкны албан тушаалтнуудын хийх ажил юм.

-Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт орсноос үүдэн маш олон гэмт хэргүүд хэрэгсэхгүй болсон. Та энэ талаар тодруулаач?

-2017 онын тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга мөн оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ийнхүү хэрэгжиж эхэлснээс хойш хөөн хэлэлцэх хугацаа арван жил байсныг таван жил болгож багасгасан. Үүнтэй холбоотойгоор нийтдээ 800 орчим гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон 1500 орчим гэмт хэрэгтэн бидний дунд ял завшаад явж байгаа. Энэ гэмт хэргүүдийн ард хэдэн мянган хүн хохирч үлдсэн. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг АТГ-аар шалгагдаж байсан ч мөн л хөөн хэлэлцэх хугацаар хэрэгсэхгүй болсон. Энэ бүх хэргүүдийн нийт хохирол хоёр их наяд орчим төгрөг. Тиймдээ ч тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооныхон, хуулийг ахалж ажилласан хүмүүс хуулийн ноцтой алдаа гаргасан. Үр дүнд нь оймсондоо 25 сая, албан өрөө, гэртээ нэг тэрбум төгрөгийн авилга нуусан нөхрийн хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болсон. Хөөн хэлэлцэх хугацаагаар тэрээр ямар ч ялгүй болж байх жишээтэй. Мөн Жастын Батхүүгийн улсад 143 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дурьдаж болно. Энэ хэргийг өнөөдөр шүүх рүү шилжүүлээгүй. Шүүх рүү шилжүүлэх юм бол хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болно. Хэрвээ хэрэгсэхгүй болчих юм бол энэ 2020 оны сонгуульд МАН-д хортойгоор нөлөөлнө. Ингэж үзсэн учраас ч мөрдөн байцаалт, прокурор хоёрын дунд шидсэн байдалтаагаар байна.

-Саяын Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр дээрх байдал засагдаж чадав уу?

-Энэ алдаагаа засаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор болсон. Ингэснээр 2017 оны хуулиас өмнө хэрэгжиж байсан заалт руу очиж байна гэсэн үг.

-Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгана. Энэ зохицуулалт нь бодит үр дүнг үзүүлж чадах уу?

-Энэ нь хуулийн онол, практикийн хувьд хэзээ ч байх боломжгүй. Шүүх гэмт хэрэгтэнд эрх зүйн байдлыг нь заавал дээрдүүлсэн шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар баталгаажуулаад өгчихсөн. Хэдийгээр нөхөж тоолох тухай хууль гарлаа ч гэсэн шүүх практик дээр энэ хугацаанд гарсан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлсөөр л байх болно. “Бид ийм хууль гаргасан боловч хэрэгжихгүй байна” гэж дараа нь хэлэхийн тулд л энэ өөрчлөлтийг оруулж байгаа юм.

-Сонгуулийг томсгосон тойргоор явуулна. Сөрөг хүчинд энэ нь хэр боломжит хувилбар вэ?

-Сонгууль болгоны өмнө тухайн үеийн эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг. Өөрсдөдөө их аятайхан нь гэж бодож өөрчилдөг. Гэхдээ бодит байдал дээр тэдний эсрэг шийдвэр гардаг. МАН Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар баталчихлаа гэж бодож байгаа бол эндүүрэл. Сонгуулийн хуулийг ямар ч хэлбэрээр өөрчиллөө гэсэн ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийнх нь хийсэн зүйлийг үнэлэж сонголтоо хийдэг.

МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдийг 25 сая төгрөгийн өртэй болтол нь гадаад өрийг нэмэгдүүллээ. Эдийн засгийн нөхцөл байдал огт сайжирсангүй. Иргэдийн амьдрал дээшилсэнгүй. Дээрээс нь МАН мөрийн хөтөлбөрөө хэдэн арван заалтаар нь биелүүлсэнгүй.  Татвар нэмэхгүй гэсэн хэрнээ 10 гаруй төрлийн татвар нэмлээ. Төлбөр, хураамжууд бүр тоогоо алдсан. Зөрчлийн тухай хуулиар нэг сая 300 мянган иргэн нийтдээ 240 тэрбум төгрөгөөр торгуулсан. Үүнийг Монгол Улсын нийт иргэнд ногдуулаад үзвэл нэг хүнд 75 мянган төгрөг болж байгаа юм. Энэ мэт маш олон асуудалтай зүйлүүд байна.

 

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"