Ардчиллаа баталгаажуулсан "BIG DAY"

Ардчилсан Үндсэн хуулийн 28 жилийн ой энэ сарын 13-нд тохиолоо. Энэ өдрийг залуус BIG DAY хэмээн нэрийдэж,  ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, боломжийнхоо талаар ярилцсан юм. Тухайлбал, хуульч Х.Номингэрэл “Монголд үгүйлэгдсэн INTEGRITY”,  С.Бямбасайхан “Эдийн засгийн эрх чөлөө-өрсөлдөх чадвар”, Д.Эрдэнэсувд “Эрүүл Монгол-Эрхэм баян”, Д.Амартүвшин “Урлаг-Эрх чөлөө”, С.Эрдэнэболд “Технологи: Боломж-шийдэл” сэдвийн хүрээнд ярилцаж, Үндсэн хуулиар залуус бидэнд ямар боломжууд олгогдсон тухай санал бодлоо хуваалцлаа.

Энэ тухай АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Залуус Үндсэн хууль гэхээр улстөрчдийн асуудал юм шиг, эрдэмтэн, судлаачдад хамаатай  мэт ханддаг. Гэтэл цагаан дээр хараар бичигдсэн  Үндсэн хуулийн үг, өгүүлбэр бүхэн бидний амьдралд өдөр тутам үйлчилж байдаг. Тиймээс ч  Үндсэн хууль бол хэн нэг хуульч, судлаачийн асуудал биш Монгол Улсын иргэн бүрт хамаатай. Ялангуяа залуус бидэнд Үндсэн хуулиар ямар эрх, боломжууд олгогдсоныг мэдэж, мэдрэх нь чухал. Тиймээс ч өнөөдрийн арга хэмжээнд залуусыг урьж, чөлөөтэй ярилцаж байна” гэлээ.

Өдгөө  20-н настай О.Хулан бол Z үеийн төлөөлөл. Тэр Монгол Улсын шигшээ багийн тамирчин бөгөөд сагсан бөмбөгийн спортоор олимпод оролцох эрхээ өвөртлөсөн нэгэн. Энэ өдөр тэрбээр “Мөрөөдөлд хүрэх зам”-ынхаа талаар үе тэнгийнхэнтэйгээ ярилцаж, өөрийн түүхээсээ хуваалцахдаа нүдэндээ доголон нулимстай байв. Мөрөөдөлд хүрэх зам дардан байдаггүй. Асар их хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа зарцуулан байж Монголчууд анх удаа багийн спортоор дэлхийд өрсөлдөх “тасалбараа” өвөртлөөд байна. Харин энэ боломжийг ардчилсан Үндсэн хууль залууст олгож, хүсэл зорилгыг нь баталгаажуулсныг 20 настай О.Хулан онцолсон юм.

Эдийн засагч С.Бямбасайхан 1990-ээд онд дунд сургуулийн сурагч байжээ. Тэрбээр “Намайг гуравдугаар ангиа онц төгсвөл  эцэг, эх минь Москва үзүүлнэ хэмээн амласан юм.  Би онц төгссөн. Харин Москва явж чадаагүй. Учир нь надад гадаад пасспорт олгоогүй юм. Харин өнөөдөр жилдээ давхардсан тоогоор 2.4 сая хүн гадаадад чөлөөтэй зорчиж байгаа” гэлээ. Үүгээр ч зогсохгүй 1990 онд Монгол Улсад хувийн компани байгаагүй  бол өнөөдөр 90 орчим мянган компани идэвхтэй үйл ажиллагаа  явуулж, олон зуун ажлын байрыг бий болгосон талаар түүний илтгэлд дурдагдсан.

Түүнчлэн залуусын дунд “комедиан” нэрээрээ алдаршсан Д.Амартүвшин ардчилсан Үндсэн хууль залууст үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгосныг онцолсон юм. Тэрбээр сүүлийн таван жилд Монголд комеди хурдацтай хөгжиж байгааг жишээ болгон дурдав. Гэтэл Сингапур, БНХАУ зэрэг оронд залуусын үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал байгааг онцлоод тэдний Монголчууд өөрт байгаа эрх чөлөөг эрхэмлэж явах учиртайг ч санууллаа.  

Үндсэн хуулийн өдөрт илтгэл тавьсан хуульч Х.Номингэрэл “Зөвхөн хариуцлагын тогтолцоо бус иргэн бүрийн оролцоонд тулгуурлаж Үндсэн хуульт ёс оршдог гэдгийг залуустайгаа хуваалцахыг хүссэн. Мэдээж төрийн алба, бодлого боловсруулагчид, хууль тогтоогчдод хийх ажил маш их байгаа. Гэхдээ  бусад нь болоод байхад би яагаад гэсэн энэ аюултай сэтгэлзүйгээс залуус бид ангижрах ёстой. Тиймээс залуус хариуцлагатай сонголтын өмнө ирсэн гэдгийг сануулахыг хүссэн юм” гэлээ.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хойш 28 жил буюу 10220 хоног өнгөрчээ. “Монголчууд ардчиллаа баталгуулж, ирээдүйгээ зурагласан өдөр” хэмээн Элчин сайд асан Хатанбаатар дурссан юм.