Д.БАТЦОГТ: АН ГИШҮҮД СУУРЬТАЙ БОДЛОГЫН НАМ

УИХ-ын гишүүн асан, АН-ын даргын зөвлөх Д.Батцогттой уулзаж намынх нь шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад удаагүй байна. Дүүргийн намын даргын ажлыг хүчээр авсан, энэ дүүргийн АН-аас “Алтан гадас”-ынхныг шахаж гаргасан гэх мэтээр таньтай холбоотой хэл ам ч гарлаа. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

 

-Сонгинохайрхан дүүргийн АН-ын оло ч гишүүнээс, “М.Чинболд даргыг солихгүй бол болохгүй нь, бид ялмаар байна” гэдэг гомдол төв намд ирсэн байсан. Сонгинохайрханы АН бол дүүргийнхээ сонгуульд хэзээ ч ялж үзээгүй нам. Тиймээс энд очиж ажиллах даалгаврыг намын даргаас авсан. Түүнээс биш ний нуугүй хэлэхэд би энэ ажлыг нэг их хүсч, дурлаж очсон юм биш шүү. Тэгээд яахав, намын даалгавраар хэрэгтэй газарт нь хэрэгтэй цаг үед нь очлоо. Дүүргийн намын гишүүд намайг сайхан хүлээж авч байгаа. Энд өөрчлөлт хэрэгтэй байсан гэдэг нь ч нотлогдож байна. Ажил маань жигдрэх тал руугаа орж байна.

 

-Таныг дүүргийн намын даргын ажлыг булааж авсан гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

 

-М.Чинболдыг өмнө нь Намын үндсэн дүрэм зөрчиж сонгосон байна гэдэг дүгнэлт гарчихсан байсан шүү дээ. Энэ нь нэгдүгээрт өрсөлдөөнгүйгээр сонгосон. Хоёрдугаарт 2012-2016 онд Засаг дарга хийж байсан мөртлөө намаа том сонгуульд ялагдуулсан гэх мэт гомдлыг намын гишүүдийн зүгээс Үндсэн дүрмийн хороонд тавьсан байсан. Тэр дагуу л гарсан шийдвэр. Тэгэхээр булааж авсан гэдэг ойлголт өрөөсгөл шүү.

 

-Сонгинохайрхан бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Та бүхэн УИХ-ын ирэх сонгуульд улс төрийн ямар бодлого, тактик барьж ажиллах юм?

 

-Сонгинохайрхан 330-340 мянган хүн амтай, монголын нийт хүн амын бараг 11 хувь нь амьдардаг том дүүрэг. Тэгсэн хэрнээ хөгжлөөрөө хоцрогдчихсон. Энэ дүүрэгт МАН тасралтгүй 30-аад жил засаглаж байна. Тэгээд хийж хэрэгжүүлсэн ажил бага. Хүмүүсийнх нь амьдрал ахуй, хөгжил тааруу, олонхи нь гэр хороололд амьдарч байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж муутай, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл нь туйлын тааруу. Хэдий тийм боловч МАН дандаа үнэмлэхүй ялалт байгуулдаг дүүрэг л дээ. Очоод л харахад дүүргийн маань намын гишүүдэд гэрэл гэгээ хүссэн хүлээлт хуримтлагдсан байгааг би шууд мэдэрсэн. Гишүүд маань ч алийн болгон сонгуулиас сонгуулийн хооронд “Ялагдсан” гэхээс өөр мэдээгүй сууж байх вэ гэдгээ ил цагаан хэлж байна. Цөхөрсөн байна. Ерөнхийдөө иргэд улс төрийн аль ч намд итгэхгүй, цөхөрлийн байдалд орчихсон байна шүү дээ. Тэглээ гээд намгүйгээр явдаг улс төр бас алга. Тэгсэн хэрнээ намуудынх нь төлөвшил буруу. Тиймээс намуудаа төлөвшүүлэх, гишүүдээ чадавхижуулах чиглэлийн ажлуудыг хийе гэж бодож байгаа. Энэ ч утгаараа саяхан сургалт зохион байгууллаа. Сонгинохайрхан дүүрэг нийтдээ 32 хороотой. Нэг хорооноос 50 гишүүн, нийтдээ 1600 гишүүнийг чадавхижуулах вакумжуулсан сургалтад ээлжээр хамрууллаа. Энэ маш үр дүнтэй байгаа. Гишүүдийн санал, хүлээж авч байгаа байдал нь маш эерэг, цаашид ажиллах урам зориг өгсөн сургалт болж байна. Энэ сургалтын дараа бид дүүрэг, хорооддоо томоохон судалгааг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэр нь намуудын рейтинг, эсвэл улстөрчдийн судалгаа биш. Харин бид яг өнөөдрийн амьдралын бодит чанарыг тогтоож, судлах ажлыг хийнэ.

 

Нийслэлийн хөгжил хорооноосоо эхэлдэг. ХХI зуун гарчихаад байхад хороонд хөрс, агаарын бохирдол, утаатай тэмцэх ажлыг сайжруулахад төр засгийн бодлого, дэмжлэг туслалцаа мэдээж хэрэгтэй. Дээрээс нь иргэдийн өөрсдийнх нь оролцоо, чиг хандлагыг өөрчлөх нь чухал байна. Тиймээс иргэдтэйгээ нийлж байж энэ асуудлыг шийдэх боломж байгаа. Энэ чиглэл рүү томоохон судалгаа, төлөвлөлтүүдийг хийж бусад намаас, ялангуяа эрх баригчдаас ялгаатай сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлогыг гаргана. Ингэж байж энэ дүүрэгт амжилт үзүүлнэ гэж харж байгаа.

 

-Сүүлийн 30-аад жилд энэ дүүрэгт МАН ялсан гэж байна. Дүүрэг нь ахиж дэвшсэн, хөгжсөн зүйл байхгүй байгаад байхад Сонгинохайрхан дүүргийн иргэд улс төрийн нөгөө том хүчинд нь итгэл хүлээлгэхгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол?

 

-Сонгинохайрхан дүүрэгт МАН мундаг, хүчтэйдээ ялаад байсан гэж бодохгүй байгаа. Харин АН дотроо дандаа хагаралтай байсан. Нэг хэсэг хоёр тамгатай, хоёр намтай шахуу болчихсон, эв нэгдэлгүй, нэгнээ дэгээдэж унагадаг байсан учраас тэнд дандаа ялагдаж байсан. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн АН дотор эв нэгдлийг хангах, юунаас болж хагарч бутраад байсан оношийг зөв тогтоох, хамгийн гол нь нам дотроо шударга ёсыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, намын удирдлагууд нь хэт нэг тал руу хэлбийсэн шийдвэр гаргаж, бодлого барьж ажиллахгүйгээр янз бүрийн үзэл бодолтой гишүүдийнхээ хүсч байгаа зүйлийг сонсч, шийдвэр гаргахдаа ч гэсэн бодолцож явах нь зөв. Сургалт хийгээд гишүүдийнхээ байр суурийг сонсохоор энэ нь нэлээн тодорхой харагдаж байгаа юм.

 

Сонгинохайрхан дүүрэгт МАН сүүлийн 30-аад жилд засагласан. Гэтэл дүүргүүдийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Сонгинохайрхан дүүрэг энэ жил нийслэлийн есөн дүүргээс хамгийн сүүлийн байрт орсон. Эрх баригчид энэ дүүрэгт яаж ажиллаж байгааг эндээс харж болно. Тэгэхээр энд арга барилыг өөрчилж, сайн тооцоо судалгаатайгаар ажиллах ёстой.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэд одоо сонголтоо нэг өөр хийгээд үзье гэж хүсч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнгөрсөн сонгуулиар МАН-д 65 суудал өглөө. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 45 суудлаас АН-д хоёрхон суудал өгсөн. Нийслэлийн есөн суудал есүүлээ МАН-ынх. Тэгээд энэ дүүрэгт ямар ч өөрчлөлт гарсангүй шүү дээ.

 

-ТА АН-ын даргын зөвлөх. Энэ утгаараа шинэчлэлийн бодлогыг зангидаж байгаа хүн юм байна гэж ойлгосон. Намынхаа шинэчлэлтийг таатай хүлээж авахгүй байгаа хүмүүс байна?

 

-Би намын даргын зөвлөхөөр гурван жил ажиллаж байна. Намын шинэчлэл сайн явж байгаа. Мэдээж, сонгууль дөхөж байна, эрх баригч хүчин эрх мэдлээ алдахгүйн тулд өрсөлдөгчөө харлуулах, нэр хүндийг нь унагах бодлого мэдээж явна. Энэ бол улс төрийн технологийн дагуу хийж байгаа ажлууд. Үүнээс гадна АН-ын шинэчлэлийн ажил эрчимтэй, хүчтэй явахаар үүнд нь эгдүүцсэн хандлага дотооддоо байна уу даа гэж харж байгаа.

 

Шинэчлэлийн ажлыг ярихын тулд түүх ярих хэрэгтэй болдог л доо. АН хамгийн сүүлд 2016 оны сонгуульд ялагдахдаа ямархуу байдалтай байсныг саная. 6-7 фракцтай, тэдгээр нь ҮЗХ-ны гишүүдээ хуваагаад авчихсан, аль олон кноптой фракц нь намд эрх мэдлийг тогтоодог байсан. Хичнээн кноптой, хичнээн ҮЗХ-ны гишүүнийг харьяалалдаа авдаг фракцаасаа шалтгаалаад төрийн алба болоод нам доторх эрх мэдлээс хувь, хэрчим хүртдэг. Фракц хоорондын зодоонтой ийм л нам байсан шүү дээ. ҮЗХ-гоо, Их хурлаа хуралдуулж чаддаггүй, хуралдуулахаараа намын даргаа солих асуудлаа л ярьдаг байсан.

 

Ингээд фракц, бүлэглэлүүдийн эрх мэдэл намыг барьчихсан, намын жирийн гишүүдэд эрх мэдэл байхгүй байв. Жирийн гишүүдээ сонгуулийн үеэр ашиглаад л, сонгуулийн маргаашаас эхлээд мартчихдаг ийм нам болж хувирсан байсан.

 

Тэгэхээр энэ намыг өөрчлөхийн тулд бид тогтолцооны томоохон өөрчлөлт хийе гэдэг зорилго тавьсан. Ингээд хоёр зорилго тавьсны нэг нь гишүүд суурьтай нам болох. Гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллая, гишүүдээ чадавхижуулъя гэсэн зорилго тавьсан. Намын гишүүд хэр хүчирхэг, мундаг байна, намын төлөвшил түүнээсээ шалтгаалдаг юм байна. Тиймээс улс төрийн сонгуульд нэр дэвшигчдээ бүгдийг нь гишүүдээсээ тодруулдаг болох зорилго тавьсан. Ингээд анхны Их хурлаа хуралдуулаад дүрмээ батлаад намын даргаа, ҮБХ-ны сонгуульт гишүүдээ, намын дэргэдэх байгууллагуудаа хүртэл бүх гишүүдээсээ сонгодог байхаар тогтсон. Шат шатны сонгуульд нэр дэвшигч нараа ч гишүүдийн шүүлтүүрээр оруулдаг болгосон. Энэ нь үр дүнгээ өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд сунгаа зарлаад таван хүнийг өрсөлдүүлж, Х.Баттулга нэр дэвшээд ялалт байгуулсан.

 

Тэгэхээр АН-д цаашдаа гишүүдгүйгээр явдаг улс төрийн карьер гэж байхгүй болно. Өөрөөр хэлбэл, гишүүд гэдэг УИХ-д нэр дэвшигчийг хэн бэ гэдгийг танина, ард иргэдийн дунд хэр үнэлгээ авахыг нь мэднэ. Намын гишүүд үүнд баяртай байгаа. “Хэзээ ҮЗХ-ны гишүүд биднийг тоож ирдэг байсан юм” гэдэг байсан. Одоо ҮЗХ-ны гишүүд өөрсдөө мөнгөө гаргаад гишүүдээ чадавхижуулах, мэдээлэлжүүлэх, дэмжих тал дээр эргээд ажиллаад эхэлж байна. Энэ өөрчлөлт урт хугацаандаа маш зөв төлөвшил болно.

 

-АН гишүүдийнхээ татварыг нэмсэн нь эргээд цүнх баригчдыг бий болгож байна, АН мөнгөний нам боллоо гэдэг шүүмжлэл дагуулж байгаа харагдсан?

 

-Яагаад гишүүдийнхээ татварыг нэмсэн бэ гэхээр, урьд нь татвар бага байхад, жишээлбэл Д.Батцогт гэдэг хүн 100 гишүүний өмнөөс татварыг нь төлчихөөд “Би та нарын татварыг төлсөн, та нар миний төлөө санал өгөх ёстой” гэж тулгадаг байсан. Одоо татварыг нэмсэн нь гишүүдээр өөрөөр нь төлүүлж сурахад түлхэж байгаа юм. Өөрөө татвараа төлсөн хүн өөрийнхөө толгойгоор сонголтоо хийж таарна. Намын дотоод сонгуульдаа хүртэл гишүүд хэн нэгнээс хараат бусаар өөрсдөө сонголтоо хийж сурна. Энэ бол нам төлөвших, цаашлаад Монголын улс төр төлөвшихөд нэг алхам урагшилж байна гэсэн үг. Үүнийг тайлбарлаад өгөхөөр намын гишүүд ойлгож байгаа.

 

-ҮБХ-ны гишүүн 208 байсныг 403 болгосон нь их хэмжээний мөнгө босгож байгаа харагдаж байна гэж үзэж байгаа хэсэг ч байна?

 

-ҮБХ-ны гишүүдийн тоог нэмсэн нь өнөөгийн Сонгуулийн хууль гэх мэт энэ бүх зүйлтэй уялдаатай юм. Тэгэхээр УИХ-ын 76 тойрог тус бүрт ҮБХ-ны таван гишүүн байгаа. Энэ таван гишүүний нэг нь эмэгтэйчүүдийн квот дээр, нэг нь залуучуудын квот дээр, гурав нь чөлөөт суудал бий. Үндсэндээ УИХ-ын 76-р тойрог гэж бодоход тэндээс сонгогдсон ҮБХ-ны таван гишүүнээс нэг нь нэр дэвшинэ гэсэн үг. Тэгэхээр илүү олон суудлын сонголтыг өгч байна гэсэн үг. Энэ таван хүнээс хэн өөрийгөө зөв таниулсан, зөв хөгжүүлсэн, зөв явж байгаа нь дэвших бололцоотой. Тэгэхээр сонголтыг нь илүү өргөн болгож байгаа л хэлбэр.

 

Мэдээж, нам юунаас санхүүжиж байгаа юм. Нам бол ҮБХ-ны сонгуульт гишүүдийнхээ татварын мөнгөн дээр л амьдарч байгаа. Жишээ нь ҮБХ-ны гишүүд жилд гурван сая төгрөгийн татвар төлдөг. Энэ мөнгөөр улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа энэ том нам санхүүжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Аливаа нэгэн компани, хувь хүнээс хандив авах асуудлыг АН эцэслэчихсэн. Тэгэхээр өөр яаж санхүүжих юм бэ. Мэдээж сонгуульт гишүүд бүгд өөрсдөө хандив мөнгөө өгөөд, үүнийгээ хүлээн зөвшөөрөөд л ирж байгаа шүү дээ. Түүнээс хэнийг ч хүчээр шахаж оруулаад, мөнгө өг гэж тулгаагүй. Ер нь энэ мөнгөний асуудал гэдэг чинь урьд өмнө огт байгаагүй зүйл биш. Үеийн үед ҮЗХ, эсвэл МАН-ын бага хуралд байж л байсан зүйл. Н.Алтанхуягийн яриагаар бол бараг л 60 тэрбумын схем хийж гэж хэлээд байгаа юм. Намын дотоод асуудлаас төрийн албыг арилжсан энэ асуудал чинь тусдаа, огт өөр хоёр зүйл. Цөөхөн хэдэн “үзэгдэл” болсон хүмүүс л намын шинэчлэлийн одоогийн бодлогын эсрэг дуугарч байгаа. Олонхи нь нэгдчихсэн байгаа. АН-ын хуучин фракц, лидерүүд бүгд л нам дээрээ ирээд нэгдчихсэн байгаа.

 

-АН бодлогын нам болж өөрчлөгдлөө гэж байгаа. Энэ шинэчлэл ямар ач холбогдолтой вэ?

 

-Нам гэхээр л дандаа албан тушаалын хэрүүл ярьж байдаг биш, харин хөгжлийн бодлого ярьдаг газар байх ёстой гэж бодож байгаа. Энэ чиглэл рүү нэлээн томоохон өөрчлөлтийг хийсэн. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороогоо бид Үндэсний бодлогын хороо болгож өөрчлөөд түүнийгээ энэ Засгийн газрын хэлбэрээр нь 16 хуваарилсан. Эдгээртээ манай хуучин ҮЗХ-д ажиллаж байсан болоод эзэмшсэн мэргэжлээр нь хуваарилж оруулаад эрх баригчдын явуулж байгаа бодлогод дүгнэлт хийгээд алдаа, оноог нь дүгнэж байна. Цаашдаа салбарынх нь бүх асуудлыг ҮБХ-ны гишүүд маань таньж мэдэх ажлуудыг хийж байгаа. АН сонгуульд орохдоо аль салбарт ямар бодлого барих юм, хууль эрхзүйн ямар шинэтгэл хийх юм гэдэг чиглэл рүүгээ судалгаа түлхүү хийж ажиллах бололцоог өгч байгаа. Бодлогын зөвлөлүүд маань сайн ажиллаж байна. Бодлогын зөвлөлүүд маань доошоо дүүрэг эсвэл аймагт, эсвэл анхан шатны үүр дээр ирэхээрээ Бодлогын салбар зөвлөл болж байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөр боловсруулахад яг тэр анхан шатнаасаа ярина гэсэн үг.

 

Улс төрийн намууд сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулаад, ард иргэдээс санал авахын тулд ард иргэдэд таалагдахуйц үг, өгүүлбэрийг бичиж ордог. Тэр нь ямар ч тооцоо, судалгаагүй. Тэр нь сонсогдохдоо чихэр бурам шиг, амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй популист амлалтууд болоод байгаа юм. АН ингэж нэгдүгээрт гишүүд суурьтай, хоёрдугаарт бодлого суурьтай нам болж өөрчлөгдөж байгаа нь энэ намын суурь том шинэтгэл.

 

-Гурав дахь том шинэтгэл нь АН үзэл баримтлалаа шинэчилсэн явдал байх?

 

-Тэгэлгүй яахав. АН тэс өөр үзэл баримтлалтай 5-6 намын нэгдэл шүү дээ. Гэхдээ өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд үзэл баримтлалгүй байсан гэж хэлэхгүй. Ерөнхийдөө баруун төвийн үзэл баримтлал чиглэл рүү явж ирсэн. Гэхдээ үзэл, баримтлалаа тодорхой шинэчилж, АН цаашдаа ямар бодлого барьж ажиллах вэ гэдгээ тодорхой болгосон байгаа. Улс орон даяар намын гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулсны эцэст үзэл баримтлалаа Их хурлаараа баталсан. Өөрөөр хэлбэл, АН яг ийм хүрээ, “рам”-нд ажиллана гэж зааж өгсөн. Ингэсэн анхны нам гэж хэлж болно. Тэгээд яг баруун төвийн үзэл баримтлалтай нам бол ганцхан АН байгаа юм. Бусад нь холимог байна. Ихэнхи нь зүүн чиглэл рүү хэлбийсэн үзэл баримтлалтай намууд бий.

 

Үзэл баримтлал бол маш чухал. АН цаашдаа хэн нэгэн хүнийг, хэн нэгэн лидерийг тойрч нэгдэх шаардлагагүй болно гэсэн үг. Харин үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ нэгдсэн нэгдэл байх юм. Дарга, удирдлагыг солихоор намаас гардаг тийм үзэгдэл байхгүй болно. АН-ын үнэт зүйлд мэдээж “Хувийн өмчийг дээдэлнэ”, “Эдийн засгийн эрх чөлөөг дээдэлнэ”, “Улс төрийн эрх чөлөөг дээдэлнэ” гэх мэтээр бүгдийг нь тодорхойлоод өгчихсөн.

 

Тэгэхээр хүн АН-д элсэхдээ үзэл баримтлалыг дэмжиж орохоос биш хэн нэгнийг дагаж элсдэг байж таарахгүй. Энэ шинэтгэлийн хүрээнд улс орон даяар өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш их ажил хийсэн. Үнэндээ би С.Эрдэнийг АН-ын өмнөх дарга нараас ялгаатай, хавьгүй ажил хэрэгч дарга гэж харж байгаа. Ний нуугүй хэлэхэд, урьд нь манай дарга нар урсгалаар нь явдаг байсан шүү дээ.

 

-Н.Алтанхуяг АН-ын шинэчлэлийг, АН-ын даргыг шүүмжилж байна. АН-ын лидер байсан, АН-ын нэрээр төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан хүн гэдэг утгаараа түүний шүүмжлэлийг нийгэм анхааралтай ажиглаж байх шиг?

 

-Би сая хэлсэн, АН-ыг фракцууд нь хуваагаад авчихсан байсан гэж. Одоо фракц гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэхээр ҮБХ дээр кноп тоолох ямар ч шаардлагагүй болчихсон. Бүх гишүүнээсээ намын даргаа сонгоод намын дарга нь нэг сонгуульт хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд өөрийн бодлогоо тодорхойлж байхаар дүрэмдээ суулгачихсан учир намын даргыг огцруулах асуудлыг ярих ямар ч шаардлагагүй болчихож байгаа юм.

 

Би нэг юманд их гайхаж байгаа юм. АН-ын дарга байсан, АН-аас Ерөнхий сайд болж байсан, төрийн өндөр албан тушаалыг намын буянаар хашиж явсан энэ хүмүүс эргээд дандаа намынхаа эсрэг босч байгааг хараад гайхаад байгаа юм. Н.Алтанхуяг дарга энэ намын шинэчлэлд эгдүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл, яг нөгөө хуучин байдалтай, фракцын хэлбэртэй, ҮБХ-ндоо хэдэн кноптой, түүгээрээ дамжуулаад эрх мэдэл авдаг ийм хэвшмэл байдлаас салахыг хүсэхгүй байна л даа. Энэ фракц гэдэг зүйлийг анх үүсгэсэн хүн нь Н.Алтанхуяг шүү дээ. Өөрөөр хэлбэл, АН таван намын нэгдэл болоод 2000 онд анхны хурлаа хийснээс хойш хамгийн анх байгуулагдсан фракц нь “Алтан гадас”. “Алтан гадас” ассоциацийг МАН-ынхны оролцоотойгоор байгуулсан. Сүүлдээ намын гишүүдийг “Алтан гадас”-таа элсүүлэх замаар Намын зөвлөлдөх хороон дээр олонхийг бүрдүүлж чадсан. Ингэснээрээ намын даргыг олон жил хийж, энэ намаас олон албан тушаал хүртэх бололцоо бүрдсэн. Тэгэхээр Н.Алтанхуягийн хувьд энэ намд гомдоод байх шаардлага байхгүй. Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд гээд энэ бүх албан тушаалыг хашлаа шүү дээ. Одоо яах гэж эргээд тогоо руугаа нулимаад байгаа юм. Энэ намын шинэчлэл чинь болдгоороо болоод энэ намын гишүүд олонхиороо намынхаа удирдлагуудыг сонгочихлоо шүү дээ.

 

“Би л биш бол өөр хэн ч биш” гэдэг энэ үзлээ л манай улс төрчид хаях хэрэгтэй байгаа юм. Н.Алтанхуягт УИХ-д нэр дэвших боломж нь байгаа шүү дээ. Түүнийг хавчиж, гадуурхсан хүн энэ намд байхгүй. Тэр байтугай, Н.Алтанхуягийн өөрийнх нь яриагаар өөрт нь намын дэд даргын саналыг тавьсан юм билээ шүү дээ. Тийм юм бол дэд даргаа хийгээд, алдаа дутагдал байна гэж үзэж байгаа бол засч, залруулахад нь оролцох хэрэгтэй биз дээ.

 

Тэгэхээр, Н.Алтанхуягт өөр зорилго, АН-ыг ялагдуулах сонирхол байна уу гэж би хардаж байгаа. Н.Алтанхуяг дарга “МАНАН бүлэглэл” гэж хамгийн их хашгирч байгаа. МАНАН гэдэг зүйлийг үүсгэсэн хүмүүсийн нэг нь Н.Алтанхуяг шүү дээ. Тухайлбал, Н.Алтанхуягийг 2008 оны сонгуулийн дараах долдугаар сарын 1-нд эрдэнэт таван хүний амь үрэгдсэний дараа 45 суудалтайгаар МАН-ын өвөрт орж Тэргүүн шадар сайдыг нь хийгээд МАНАН-г анх үүсгэсэн хүмүүсийн л нэг шүү дээ. Би тэгэхэд “Амлалт нэхэх ард түмний холбоо”-г байгуулаад “МАНАН үүсчихлээ, үүнийгээ боль” гэсэн тэмцлийг өрнүүлээд л явж байсан хүн. Тэгээд одоо болохоор Н.Алтанхуяг “МАНАН бүлэглэл” гэж хамгийн их хашгирч, орилох юм.

 

-Намын дэргэдэх байгууллагууддаа шинэчлэлийн хүрээнд юу хийсэн бэ?

 

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан ахмадуудын холбоо гээд намын дэргэд дөрвөн байгууллага бий. АЭХ жишээлбэл яг УИХ-ын хуульд байдаг шиг эмэгтэйчүүддээ квот тогтоогоод өгчихсөн. Тэгэхээр манай эмэгтэйчүүд намын удирдах ажилд олноороо орж чадаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жендерийн асуудлыг бид шийдэж чадаж байна. Залуучууддаа бас квот өгсөн. Энэ намд орж ирэх үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн. АОХ-ноос энэ намын удирдах байгууллагад бас орж байгаа. Намын ҮБХ-ны гишүүдийн 50-иас илүү хувь нь 39-өөс доош насныхан байгаа. Энэ бол нам хамаагүй залуужсаныг харуулж байна. Энэ бол АН ирээдүйгээ, залуу халаагаа бэлтгэхэд ихээхэн анхаарал тавьж эхэлж байна гэсэн үг. Ахмадын холбооноос бусад гурван байгууллагын удирдлагыг шинэчилсэн. Залуучуудын холбоонд залуусаа сургах, хөгжүүлэх ажлуудыг тасралтгүй хийж байгаа.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

 

Сэтгүүлч: Х.ХУЛАН