Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө орон даяар хэлэлцүүлнэ

-Засаглалын тогтвортой байдал хөгжлийн боломжийг олгож байгааг Баянголчууд онцлов-

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах санал авах, хэлэлцүүлэх “Монгол 30х30” үндэсний IV аян эхэллээ. Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналд тулгуурласан улс төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх зарчмын дагуу 200 гаруй мянган гишүүдийнхээ саналыг сонсож, мөрийн хөтөлбөртөө тусгахаар энэ удаагийн аяныг эхлүүлээд байна.

Аяны талаар  нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга “Мөрийн хөтөлбөр бол Монгол Улсын  ирэх 20-30  жилийн хөгжлийн стратеги төлөвлөлт, бодлогыг  тухайн улс төрийн нам хэрхэн харж байгааг харуулах чухал баримт бичиг. Энэ том бичиг баримтыг хэдэн хүн ширээ тойрч суугаад биччихдэг юм биш. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Дундговь аймагт тулгамдаж буй асуудал тэнгэр, газар шиг зөрүүтэй. Энэ бүхнийг тухайн орон нутаг, сум, дүүрэгтээ ажиллаж, амьдарч буй иргэд л хэлнэ. Бид тухайн сум, орон нутгийн асуудлыг дур мэдэн ярих боломжгүй. Тиймээс ч иргэдийнхээ саналыг тусгаж, бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн, амьд, хэрэгжих боломжтой, бодит тооцоо, судалгаанд суурилсан мөрийн хөтөлбөр боловсруулах нь чухал” гэлээ.

 “Монгол 30х30” аян энэ сарын 23-нд  нийслэлийн Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд одоогоор Сүхбаатар, Баянгол, Багахангай дүүргийн гишүүд, дэмжигчдийн саналыг сонсоод байна.

Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтынхоо хүрээнд гишүүд, дэмжигчдээ чадавхижуулах, идэвхи, оролцоог нь хангах шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулж, Үзэл баримтлал, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Тиймээс ч хэдхэн хүн өөр хоорондоо ярилцаж, тохирсноо мөрийн хөтөлбөр хэмээн нэрийдэх бус нийт гишүүд, дэмжигчдээр хэлэлцүүлж байгаа нь цагаа олсон ажил болж байна гэв.

Ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролын тэгш бус хүртээмж, Монгол хүний үнэлэмж, авлига, шударга бус байдал, засаглалын хямрал, байгаль орчин зэрэг улс даяар тулгамдсан олон асуудлын хүрээнд иргэд саналаа хэлж байна. Нийт хүн амын 23 хувь буюу 10  хүн тутмын нэг нь өнөөдөр ядуу амьдарч буй. Гэвч Монгол Улсад 800 мянган иргэн ямар нэгэн халамжийн үйлчилгээ хүртэж байна. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 10 хүн тутмын нэг нь ядуу, дөрвөн хүн тутмын нэг нь халамж хүртэж байгаа юм. Эндээс сүүлийн 30 жил хэрэгжүүлсэн төрийн бодлогын алдаа, зорилтот бүлэгтээ хүрээгүй, хавтгайруулсан халамж иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөхгүй гэдэг нь харагдаж байна.

Түүнчлэн Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 108 орноос 93-т жагсаж, ажилгүй иргэдийн 50 орчим хувьд нь ажил огт олдохгүй байгааг уулзалтын үеэр хэлэв. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүрэгт гуравдугаар шатлалын эмнэлэгтэй болсноор зүүн бүсийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулж, бүс нутагтаа тэргүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа гишүүд, дэмжигчид онцолж байв. Харин шат, шатны сонгуульд амжилт гаргаж, ялалт байгуулсан Баянголчууд засаглалын тогтвортой байдал хөгжих боломжийг олгож байгааг хэлж байна.

Нэг хүний цэцэн, мэргэн яриа, популист амлалтаас илүүтэй Үзэл баримтлал, Үнэт зүйлдээ нийцсэн, бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, хэрэгжих боломжтой, урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрчдөөс, улс төрийн намуудаас хүлээж байгаагаа иргэд хэлж байна.