АН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс 10 сая төгрөг хандивлалаа

БНХАУ-ын ард түмэнд тохиолдоод буй хүнд бэрхшээл, гамшигт халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь зориулж Ардчилсан намын нийт, гишүүд дэмжигчдийн зүгээс 10 сая төгрөгийн хандив өргөлөө. Хандивыг Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өгөв.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй " Зовох цагт нөхрийн чанар танигдана гэлцдэг. Хятадын ард түмэнд тулгараад буй энэхүү бэрхшээл, аймшигт халдварт өвчнийг даван туулахад Монголын ард түмэн сэтгэлийн хандив өргөж байгаад гүнээ талархаж байна. Монголын Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийн сэтгэлийн хандивт хувиасаа болон БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Монгол Улс нь БНХАУ-ын мөнхийн хөрш болохын хувьд тус орны ард түмэнд тулгараад буй бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилгоор байгууллагууд болон хувь хүмүүс хандив өргөсөөр байгаа юм.