Монголд анхны эсэргүүцлийн цуглаан болж МАХН-д шаардлага хүргүүлэв

Ховдын МоАХ ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж, “Шөнө мандсан нар” нэртэй ном гаргажээ. 30 жилийн тэртээ монголчуудыг дэлхийд таниулсан ардчилсан хувьсгалын очыг цахиулсан гэдгээ Ховдчууд бахархдаг. Учир тус аймгийн оюутан, багш нар Монголд анх удаагаа сөрөг хүчний цуглаан зохион байгуулжээ. Улмаар цуглаанаас тухайн үеийн эрх баригчид болох МАХН-ын удирдлагад шаардлага хүргүүлжээ. Ховд хотод 1979 онд Багшийн дээд сургууль байгуулагдав. Хөдөө орон нутагт байгуулагдсан анхны дээд сургуулийнхан 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд МАХН-д шаардлага хүргүүлнэ гэж хэн ч санаагүй биз. Цуглааныг Ховд хотын Ард Аюушийн талбайд зохион Багшийн дээд сургуулийн багш оюутнууд тэргүүтэй 300 гаруй иргэд оролцов. Цуглаан хийх үеэр МоАХ байгуулагдсан боловч Ховдын ардчилагч нар тэр тухай мэдээгүй байсан аж. Ардчилагчдыг цуглаан хийсний дараа Ховд аймгийн удирдлагууд залуучуудын нэр төрийг гутаах, ховдчуудыг тэдний эсрэг турхирах зэрэг ажлуудыг зохион байгуулав. Гэвч Ховдын цуглаанаас гурав хоногийн дараа буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10 Улаанбаатар хотод МоАХ байгуулагдсаны зарлан тунхагласан цуглаан зохион байгууллагдсанаар ховдын залуус ханьтай бас хамтаргчтай болсон тухайгаа мэдэв. Улмаар Ховдод МоАХ байгуулагдаж анхны зохицуулагчаар Б.Чилгэрийг сонгов. Сонирхолтой цуглаан зохион байгуулагчид цуглаж, жагсах тухайгаа гурав хоногийн өмнөөс олон нийтэд зарлажээ.  Гэвч эрх баригчид хариу ямар нэгэн үйлдэл хийгээгүй аж.

 Цуглаанаас гаргасан мэдэгдэл өнөөгийн өндөрлөгөөс харахад энгийн шаардлага мэт боловч тухайн үеийн хууль, хүчний байгууллагыг харцаараа удирддаг намд өгсөн гэхэд дэндүү эрсдэлтэй алхам байсан юм. МАХН-ын удирдлагад цуглаан зохион багуулагчдаас өгсөн шаардлагад:

 МАХН-ын Улс төрийн товчоо, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох

 МАХН-ын Улс төрийн товчоог эрс шинэчлэх

 МАХН аугаа их хувьсгалын удирдан жолоодогчийн хувьд ул орноо хөгжүүлэх үүргээ биелүүлэх зэрэг шаардлагыг тавьжээ.

 Цуглааны дараа Ховд намын хорооны товчооны гишүүд бусад албан тушаалтнуудтай хуралдаж цуглааны талаар болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Тус хурлаас хөдөөгийн иргэд тараах материал бэлдэв. Гэвч гурав хоногийн дараа нийслэлд томоос том сөрөг хүчин байгуулагдсан тул хөдөө тараах материалыг тараагаагүй аж. Ингэснээр ховдчууд өнөөг хүртэл ардчиллын төлөө тууштай тэмцэх эрхээ баталгаажуулжээ.

Анхны тайван жагсаал Эрдэнэт хотод болов

Эрдэнэт хотод 1989 оны арванхоёдугаар сарын 3-нд анхны тайван жагсаал болжээ. Тус жагсаалд Эрдэнэт хотын бүх дарга нар оролцож хэний хэн, аль байгууллагын ажилчин оролцов гэж бүртгэв Энэ нь жагсаалд оролцсон хүмүүсийн ирцийг нэмэгдүүлсэн гэж Эрдэнэтийн анхдагчид хошигнодог. Мөн жагсаалаас:

  Эрдэнэт хотоос Оросын цэргийн ангийг гаргах,

  Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх,

 Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг барихгүй байх,

Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах гэсэн шаардлагыг МАХН-ын Төв хорооны V бүгд хуралд МАХН-н хорооны дарга Мянганбаяр, Эрдэнэт хотын дарга Д.Тогооч нараар явуулсан аж. Энэ жагсаал цуглаанд нийт 300 гаруй хүн оролцжээ.

МоАХ байгуулагдсаныг зарлав

1989 оны 11 сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Д.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж Монголын Ардчилсан Холбоог (МоАХ) байгуулжээ.

1989 оны 12 сарын 10-нд Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг.

1990 оны 2 сарын 18-нд 16 аймаг 3 хотоос 611 төлөөлөгч, 200 зочин цуглаж МоАХ-ны анхдугаар их хурал болж Монголын ардчилсан нам байгуулагдсан ба хурлын ажилллагааг телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан. Хурлаас Сайд нарын зөвлөлийг огцруулж, Ардын их хурлыг тараах шаардлага тавьсан.

 

Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлав   

 Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласны дараа 1990 оны 3 сарын 8-нд радио, телевизээр шууд цацсан яриа хэлэлцээнд нэг талаас МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг, мөн идэвхтэй тэмцэгч Элбэгдорж, Дорлигжав, Ганболд, Баабар, Бат-Үүл, Гончигдорж, Баасан нар, өлсгөлөн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Думаагийн Содном, орлогч дарга Дашийн Бямбасүрэн нар оролцсон юм.

Ийнхүү 8-9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч нам төрийн тэргүүн Жамбын Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм.

3-р сарын 10-нд улс төрийн нам, холбоод хамтарсан мэдэгдэл гаргаж эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдэлж тэгш эрхтэй байх, бие биенээ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, нэг нэгнийхээ эсрэг хүч үл хэрэглэх зарчим баримтлах бөгөөд улс төрийн тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөж тохиролцоонд хүрэхийг эрмэлзэхээ зарлан тунхаглав.

Монголд анхны ардчилсан сонгууль болов

1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ.Монгол улсад ардчилал, хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжиж Монгол улс ардчилсан улс болов. Нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжиж Монгол улс дэлхийтэй хөл зэрэгцэн алхах боломж нээгдлээ.Монголд хувийн хэвшлийг чөлөөтэй болгож шашин шүтэх эрх, хувийн өмчтэй болох, гадаадад зорчих зэрэг хүний эрхүүдийг хуульчлан баталснаар монгол хүн эрх чөлөөгөө оллоо. Анхны чөлөөт сонгууль улс даяар болж анхны парламенд,анхны ерөнхийлөгч, анхны ардчилсан засгийн газар байгуулагдлаа.