Д.ЭРДЭНЭБАТ: ЭРХ БАРИГЧИД ГАНЦ, ХОЁРХОН ЭРХ МЭДЭЛТЭНД БАРЬЦААЛАГДАЖ ЭХЭЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Түр хороо байгуулагдлаа. Түр хороо шүүхийн үүрэг гүйцэтгэх юм уу. Эрх үүрэг нь яг юу юм бэ?

 

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн асуудлаар УИХ түр хороо байгуулах гишүүдийн санал гарсан. Гишүүд ямар ч санал гаргаж болно. Шүүхээр шийдэгдсэн энэ асуудал хууль зөрчсөн, эс зөрчсөн гэдэг дээр санал дүгнэлт гаргана гэж ойлгож байна. Гэхдээ Түр хороо ажиллахдаа хэд хэдэн зарчмын зүйл дээр анхаарах шаардлагатай гэж үзээд бид санал, зөвлөмж өгч байгаа. Нэгдүгээрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулж болзошгүй байдал үүсчих вий, шүүн таслах ажиллагаа явчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ нь УИХ-ын хийдэг ажил биш. Хоёрдугаарт, гаргасан санал зөвлөмж нь шүүхэд шууд нөлөөлөл үзүүлж болохгүй. Гуравдугаарт, үүнээс үүдээд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг захиалагчгүй, эзэнгүй, замхарчих вий дээ. Энэ хэрэгт улс төрийн нөлөө ихсэх тусам үүнд оролцдог төрийн институци бүрт маш их болгоомжлол үүсч байна. Ийм нөхцөл байдал үүсч 20 жилийн турш явсан хэргийн үйл явц мухардаж, зогсчих эрсдэл байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа юм. Үүнийг зогсоох сонирхолтой хүмүүс байгаад түүнд өдөөгдчих вий дээ гэдэг асуудал бидний анхааралд байна. Мөн түр хороо Үндсэн хууль болоод УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Уг хэрэгтэй холбоотой асуудал хэзээ ч хуучрахгүй учир бид албан ёсоор сануулж байгаа юм. Тиймдээ ч АН байр сууриа маш тодорхой илэрхийлэх ёстой юм.

 

-Та С.Зориг агсны хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой талаар чуулганы хуралдаан дээр хэлсэн. Яагаад хол­боотой гэж үзсэн юм бэ?

 

-Энэ 1998 онд үйлдэгдсэн хэрэг. 1998 онд Монгол Улс улс төр, эдийн засгийн хувьд бужигнаантай байсан. Энэ аллага гарахаас өмнө Эрдэнэтийн ноцтой асуудлууд бий болж байсан түүхтэй. Эрдэнэтийн статусыг болоод захирлыг нь өөрчлөх гэх мэт улс төрийн бужигнаан болж байв. Тэр үед Ардчилсан холбоо эвсэл түүхэндээ анх удаа төрийн эрхийг барьж байсан. Үүгээр далимдуулсан янз бүрийн сөрөг улс төр явсан юм. Тэр дундаа Эрдэнэтийн томилгоотой холбоотой улс төр тухайн үед их байсан. Тиймээс үүнээс улбаатай асуудал байж болзошгүй гэдэг дүгнэлтийг хийдэг. Процесс нь тийм байсан учраас тэр. Үүнээс Эрдэнэт гэдэг чухам ямар үйлдвэр юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэр үед үнэхээр ард түмний өмч байж чадсан уу, үгүй юу. Ард түмэн энэ үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж чаддаг байсан уу, үгүй юу. Эрдэнэтийн зэсийн баяжмал гадагшаа гарч байгааг хянадаг газар байсан эсэх. Улс төрд байсан хүмүүс яагаад зөвхөн Эрдэнэт дээр хамгийн их ач холбогдол өгдөг байв. Үүний дараа яагаад С.Зоригийн хэрэг, Эрдэнэт хоёроор Ардчилсан нам руу сөрөг улс төр хийдэг болов. Энэ бүхэн өөрийн эрхгүй анхаарал татсан сэдэв болж байсан учраас анхааруулж байгаа хэрэг. Хамгийн гол нь үнэн зөв шийдэгдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна.

 

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй хүмүүсийг эрүүдэн шүүж гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаарх бичлэгийг УИХ-ын гишүүд болоод парламентын сэтгүүлчдэд үзүүлсэн. Үүнийг мөн Түр хороо авч үзэх байх. Энэ тухайд?

 

-Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж сайд “Эрүүдэн шүүсэн асуудал дээр л хуулийн зөрчил байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагад нь өгнө” гэж байсан.

Яг энэ хүрээнд яригдаж байгаа сэдэв нэг өөр. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь эцэстээ С.Зориг агсны хэргийг УИХ татаж аваад, эзэн биегүй, замрхуулчих эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулаад байгаа юм. Эрүүдэн шүүсэн гэх хэрэг дор зохиомлоор дахиад хэрэг үүсгэж болохгүй. Мөн эрүүдэн шүүсэн нэрийн дор хуулийн бүх байгууллагыг үнэ цэнэгүй болгох, харлуулах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж болохгүй юм. Энэ нь буруу тийш хөтөлнө. Шүүх засаглалыг үнэ цэнэгүй болгох юм бол монголчууд хуульгүйтэй адил болно. Хуулийг хэрэгжүүлэх хүн нэг ч үгүй болно. Тэгвэл Монголд нэг хүний үгээр л бүх зүйл шийдэгддэг болчихно. Энэ үүд хаалгыг нээх алхмыг УИХ өөрөө хийж болохгүй.

 

-Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудал мөн л анхаарлын төвд байсаар байна. Ямартаа ч Стандарт банкны өрийг дарлаа. Гэсэн ч үүнд луйврын схем хэрэгжсэн байж болзошгүй талаар Ардчилсан намын гишүүд гаргаж тавьж байгаа. Энэ асуудал цааш хэрхэн өрнөх бол?

 

-Нэг асуудал байгаа. Яагаад эрх баригчид Эрдэнэт дээр маш их ач холбогдол өгдөг юм бэ. Хувьчлалд дургүй байсан шалтгаан нь юу байв. Мэдээж Эрдэнэт үйлдвэр төрийнх болж ард түмэнд очиж байна гэдэг нь сайхан сонсогдож байгаа. Гэхдээ үнэ цэнэтэй очих ёстой. Түүнээс ард түмний нэрийг барьж төрд байгаа нөхдүүд нь үе дамжин хулгай хийх орон зайг нээх тухай асуудал биш юм. Эрдэнэтээс бүхэлд нь ашиг олох, авлига авах бололцоог буй болгосон улс төрийн том сүлжээ байсан юм. Тэрхүү улс төрийн бүлэглэл, сүлжээ нь эрх мэдлээ алдаж, илрэх болбол яах вэ гэдэг айдастай байсан юм биш үү. Эрдэнэт Монголыг тэжээж байгаа хамгийн том аж ахуйн нэгж мөн. Гэхдээ Эрдэнэтийг сааж хамгийн ихээр хөрөнгөжсөн үе үеийн улстөрчид байсан.

 

Оросын талын 49 хувь Монголд орж ирсэн. Үүнийг хэн ч буруутгаагүй. Ганцхан Эрдэнэтийн 49 хувийг хувийнхан оруулж ирсэнд нь эмзэглээд байгаа юм. Уг нь Эрдэнэт үйлдвэр бүхэлдээ үр ашигтай, харилцан хяналттай байж улстөрчдийг тэжээсэн энэ том сүлжээ дуусаасай гэж боддог. Ийм зүйл байдаг болох нь "Стандарт" банкны асуудлаар нотлогдож байна. Яагаад хувийн компанийг бизнес хийлгэхийн тулд хэн ч мэдэгдэхгүйгээр улсын том үйлдвэрийг банкны зээлэнд барьцаалчихсан байдаг юм бэ. Энэ хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөлөлгүйгээр хийгдэх зүйл биш юм аа. Яагаад тэр “Ocean partners” гэх компани зэсийн баяжмал худалдаалсан ч, банкнаас зээл авсан ч, өрийг нь төлсөн ч байдаг юм. Энэ анхаарал татах сэдэв мөн биз дээ. Өрөө гурав дахин бууруулж авдаг банкны шийдвэр ч гэж юу байдаг юм. Үүний ард ямар нэгэн эрх ашиг нуугдсан байна. “Ocean partners” гэх зуучлагч компани 110 сая ам.долларын өрийг 40 сая ам.доллар болгон бууруулахын тулд эсрэг санал тавьсан байж таараа. Энэ чинь бизнесийн зарчим. Ашиггүй зүйлийг тэд хэзээ ч хийхгүй.

 

Бид Эрдэнэт үйлдвэрийн бодит хохирлыг тооцож харах нь зүйтэй гэж үзсэн учир Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэтэд ажлаад ирсэн. Нуусан зүйл ч байсан байна. Ерөнхий дүгнэлтээ гаргаад хууль хяналтын байгууллагад өгөх болно. Эрдэнэтийн борлуулалтыг ил тод, шилэн болгох хэрэгтэй. Би нэг зүйлийг хатуу хэлдэг. Энэ оффшор гээч зүйл Эрдэнэтээс үүссэн юм шүү. Цааш нарийн шалгахад юу гарч ирэхийг мэдэхгүй байна. Эрдэнэтийг 100 хувь төрд авлаа гээд л бахархаад ярьж байна. Үүний ард хэн дуртай нь томилгоо хийж байна. Тэр улстөрчийн найз нөхөр, ах, дүү гээд л явна шүү дээ. Дараа нь зуучлагч компаниудын шахаа эхэлнэ. Шударга ёс нэрийн дор ийм хөгийн зүйлүүдийг хийж болохгүй. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой. Ямар ч үйлдвэр, уул уурхайг үнэ цэнэтэй болгоё гэвэл харилцан хяналтын дор байлгах хэрэгтэй. Одоо “Эрдэнэс Таван толгой”-г мөн адил. Нүүрсний гэрээ нь ямар компаниар дамжиж, ган боловсруулах үйлдвэр дээр хэдэн төгрөгөөр очиж байгаа эсэхийг судалж, ярих хүн алга. Уул уурхайн том компаниудад төрийн хяналт, хувийн хэвшлийн болоод иргэдийн оролцоо байх хэрэгтэй. Ингэж байж уул уурхайн үйлдвэр ашигтай байна. Энэ бол миний итгэл үнэмшил. Ингэж хэлсний төлөө аль нэг бүлэглэл, хэн нэгэнтэй хамсаатууллаа ч надад огт хамаагүй.

 

-Ардчилсан намын бүлэг тарж, зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн эрх, үүрэг?

 

-Парламтент албан ёсны сөрөг хүчингүй болсон гэдэг нь үнэн. Бид үнэмлэхүйн үнэмлэхүй цөөнх боллоо. Гэхдээ хамтын ажиллагааны хэлбэр болох зөвлөлөө байгуулсан. Бүлэггүй болсноор хуулийн дагуу завсарлага авах, санал дүгнэлт гаргах эрхгүй болж байгаа. Жижигхэн мэт харагдаж байгаа боловч улс төрийнхөө хувьд том зүйл юм. Ард түмний байр суурийг илэрхийлэх тэр индэр байхгүй болсон. Тэр утгаараа бид хохирсон. Харин үйл ажиллагааны хувьд явдагаараа явж байна. Гишүүд нь үзэл баримтлал байгаа учраас дугардгаараа дуугараад, ажлаа хийдгээрээ хийгээд л явна.

 

-Л.Болд гишүүн “Би бүлэггүй болох талаар нь хэлсэн ч ойлголцоогүй” гэж ярьж байсан. Та бүхэн Л.Болд, Ж.Батзандан нартай ойлголцоод бүлэгээ хэвээр нь аваад үлдчихэж болоогүй юм уу?

 

-Ардчилсан нам энэ хэвээрээ үлдье гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. АН баруун төвийн үзэл баримтлалтай, либерал нам. Үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэн хүмүүс АН-д байгаасай гэж боддог. Түүнээс хувийн эрх ашгаа хөөдөг, коммунист, фашист үзэлтэй эсвэл хэт хувийн амбицтай, түүнийгээ хэнд ч юугаар ч худалдахад бэлэн хүмүүсийн цугларал байж болохгүй. Өнөөдөр АН цөөнх. Цөөнхийн дуу хоолой хүрэх газраа хүрэхгүй байгааг ч мэдэж байна. Гэхдээ итгэл үнэмшилдээ хатуу байна. Тиймдээ ч дээрхтэй санал нэгдэхгүй. Бидний энэ замналаар Монгол Улс явна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй. Ардчиллыг ард түмэн сонгоод 30 жил боллоо. Алдсан, оносон зүйл байгаа. Гэхдээ оносон нь илүү юм. Бусадтай адил жижигхэн эрх ашгаар өөрийнхөө үзэл баримтлалыг худалдахгүй. Намайг тийм байгаагийн төлөө хэн нэгэн шахалт дарамт үзүүлбэл түүнээс айгаад суухгүй. Амаа хамхиж ч чадахгүй. Миний төлөвшил нь өөрөө ийм юм. Би АН-ыг ийм үзэл баримтлалтай, тогтвортой, залуу үетэй байгаасай гэж боддог. Үүнийхээ төлөө бусад нь юу гэж доромжлох нь надад хамаагүй. Монголд ардчилал тогтох нь, ардчилсан Үндсэн хууль баталгаажиж явах нь, ардчиллын төгөлдөршил байх нь, олон нийт ардчилалд оролцох нь чухал болж байгаа юм. Үүнийгээ л хийгээд дуусна гэж бодож байна. Харин бидний хооронд үзэл бодол, арга барилын асар том зөрүү байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Та бүхэн өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль хэлэлцэх нь хэр зөв юм бэ?

 

-Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэж хардаг. Цөөнгүй өөрчлөлт дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ сүүлд урьд нь яригдаагүй асуудлууд маш их орж ирсэн. Жишээ нь, Ерөнхийлөгч, шүүхийн эрх мэдэл болоод орон нутгийн удирдлага, хот тосгоны эрх зүйн байдал дээр ч тэр санаанд нийцэхгүй зүйлүүд орж ирсэн. Үндсэн хуульд ийм их өөрчлөлт хийх шаардлага байхгүй. Тэгвэл шинэчилсэн найруулага, тэр бүү хэл шинэ Үндсэн хууль болж хувирна. Эцсийн дүндээ ардчилсан Үндсэн хууль байхгүй болно.

 

Сөрөг хүчингүйгээр үнэмлэхүй олонх энэ хуулийг баталж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа нь үнэн. Улс төрийн намууд тогтсон нэг ойлголтгүй байгаа нь ч үнэн. Тиймээс Үндсэн хууль батлагдах суурь нь болоогүй байна гэж би харж байгаа. Мэдээж ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлаад хийвэл дэмжинэ.

 

Ер нь УИХ-д итгэх ард түмний итгэл буурсан. Дээрээс нь УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэт хэргүүдэд холбогдож байгаа нь гал дээр тос нэмсэнтэй адил юм боллоо. Ийм УИХ-аар ард түмэн Үндсэн хуулийг өөрчлүүлэх сонирхол байна уу гэдгийг дахиад нэг асуучих хэрэгтэй. 64-үүлээ байгаа дээрээ Үндсэн хуулиа өөрчилнө гэж байгаад суурь зарчмаар нь өөрчилж, ардчиллаас ухарсан хэрэг болох вий дээ гэх болгоомжлол байна. Учир нь эрх баригчид ганц, хоёрхон эрх мэдэлтэнд барьцаалагдаж эхэлж байгаа. Өөрсдийнхөө алдаанаас болоод тэр. Сүүлийн үед бүх процесс нэг кнопоор шийдэгдэж байна. Энэ бол барьцаалагдсан л хэлбэр. Байр сууриа хатуу илэрхийлэх гишүүдийн тоо өдөр ирэх тутам цөөрч байна. Ямарваа нэгэн айдастай байгаа хэрэг. Энэ нь УИХ болоод төрийн үнэлэмжийг улам сулруулж байна.

 

-Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ сонгосон уу?

 

-Ирэх долоо хоногт намын ҮБХ хуралдаад сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Нэр дэвшигч хэн байхыг хараахан шийдээгүй байна. АН Засгийн эрх барьж байхад юу хийсэн, түүнээс хойш юу болж хувирсныг, сонгууль дөхөхөөр хэн юу гэж амлаж байгааг Хэнтийнхэн бүгд харж байгаа. Хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн төдийгүй одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг хамгийн сайн мэдрэх ард түмэнтэй аймаг юм. Тэд ардчилалд хайртай. Бид түүнд нь итгэдэг.

 

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг С.Эрдэнэ гишүүн санаачилсан. Монголбанкны зүгээс зээлийн хүүг хүчээр буулгах нь эдийн засагт хор нөлөөтэй талаар хэлж буй. Зээлийн хүү буурах боломжтой юу?

 

-Зээлийн хүү үнэхээр өндөр байгаа. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Энэ хүүг бараа зарж байж л дарах байх. Би Монголбанк, Банкуудын холбоонд зээлийн хүүг эдийн засгийн хувьд бууруулах боломжгүй гэж хэлж байгаагаа нотлоод ир гэсэн. Нотолж чадахгүй байгаа. Зээлийн хүү өндөр байгаа хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, хадгаламжийн хүү өндөр, уул уурхайгаас хараат, валютын хомсдол үүсэх эрсдэл ихтэй, барааны үнэ их, инфляци өндөр байгаатай холбоотой. Мөн зээлийн хүүг өсгөх хүнд суртлын дүрэм журам буюу банкинд үүрүүлж байгаа ачаалал их байна. Эдгээрийг л зөв тооцож гаргаад зээлийн хүүг тийм хувиар бууруулах боломжтой гээд нотолчих юм бол бид түүнийг нь зайлшгүй дэмжих ёстой. Ингэж л эдийн засгийн үндэслэлтээ зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа. Ийм бололцоо байна гэж хараад байгаа юм. Үүнийг нь харахгүйгээр шууд л бууруулна гэчихвэл энэ өөрөө мөн л алдаа болно. Би хүүг бууруулахтай санал нэг байгаа ч хүчээр бууруулахтай санал нэгдэхгүй.

 

-“Капитал” банкийг Монголбанкны зүгээс дэмжсэнгүй, үүнээс үүдэн банк дампуурч иргэд хохироход хүрлээ гэж байгаа. Та банк хаалгаа барьсныг юу гэж харж байгаа вэ?

 

-“Капитал”-ын санхүүгийн тайлан мэдээн дээрээс харахад үл хөдлөх нь хөрөнгө нь 30 гаруй тэрбум, томоор өгсөн зээлийн өр нь 300 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Эргэн төлөгдөх бололцоогүй болсон зээл нь 200 гаруй тэрбум төгрөг байна. Энэ 200 тэрбум төгрөгийг нь хэн авсан бэ гэдгийг нь яаралтай тогтоох ёстой. Авсан эзэд нь байж л байгаа. Мөн Засгийн газар болон Монголбанк хамгийн түрүүнд иргэдийг хохиролгүй болгох ёстой.

 

-УИХ Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа. Маргаан дагуулаад байсан заалтууд хасагдаж байгаа юу?

 

-Захиргааны ерөнхий хуулийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Одоо орж ирж байгаа хуулийн санаа нь төрийн захиргааны болон Засгийн газрын бүх шийдвэрийг зөвхөн Цэц авч хэлэлцээд, иргэд хандах газаргүй болж байгаа юм. Энэ бол буруу. АН-д маш олон хуульчид санал өгсөн. Зургаан зүйлтэй санал бий. Үүнийг бид Ажлын хэсэгт нь хүргүүлнэ. Энэ өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн асуудал болох учир бид санал нэгдэхгүй. Ажлын хэсгийн зүгээс иргэн, хуулийн этгээдтэй хамааралтай хэсгийг нь өөрчилж янзална гэж байгаа. Тэгээд л харъя. Захиргааны хэргийн шүүх Монголд байх ёстой юм. Засгийн газар болон төрийн байгууллагуудын буруу шийдвэрээс болж иргэн, хуулийн этгээд хохирч болохгүй.

 

-Б.Дэлгэрмааг АН-ын дэд даргаар томилогдсонтой холбоотойгоор ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас нь эгүүлэн татсан асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Б.Дэлгэрмаа хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгчид өгсөн юм билээ. Хоёр хоногийн дараа манай ҮБХ-ны шийдвэр гарсан байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон учир эгүүлэн татах санал зөвшилцөхөөр хүргүүллээ” гэсэн байгаа юм. Үүнийг залруулахыг хүссэн учраас энэ асуудлаар чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Цаашдаа олон сайд Монгол төрийн өмнөөс томилогдоно. Тэдгээрийг аль намын хэн бэ гэдгээс нь шалтгаалж халж, солихоо энэ төр болих хэрэгтэй. Монгол дотроо бид улаан, цэнхрээрээ ялгарч байгаа боловч хилийн дээс даваад улаан, цэнхэр хосолсон Монголоо төлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Үүнийг мартаж байгаа бол өөрсдийгөө улстөрч, төрийн түшээ гэж үнэлэх боломжгүй.

 

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"