Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд 1990-ээд оноос хойш Япон орон монголчуудад үргэлж тусламжийн гараа сунгасаар ирсэнд талархаж буйгаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцоллоо. Мөн тэрбээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарч, нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагаа улам өргөжин тэлээсэй хэмээн хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Элчин сайд Кобаяаши Хироюки нь гурав дахь удаагаа манай улсад ажиллах гэж байгаагаа дурдаад хоёр дахь эх орон шиг халуун дотно сэтгэгдэл төрүүлдэг хэмээн онцоллоо.