Л.Одсэр: Монгол хурганы махыг дэлхийн орнуудад нийлүүлэх боломжтой

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан, Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-ын тэргүүн Одсэртэй ярилцлаа. Тэрээр малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд судалгаа хийж, үр дүнгээ малчидтай хуваалцаж байгаа юм. Бидний яриа энэ сэдвээр өрнөв.


-Таныг Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-аараа дамжуулж малчдад сургалт хийж байгаа талаар өнгөрсөн онд мэдсэн. Таарсан дээрээ уулзаад, энэ тухай ярилцая гэж бодлоо. Та өмнөх парламентын үед Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ ажлаа тэр үед эхлүүлсэн үү?

-Тэр үед хэрэгжүүлэхээс илүү судалгаа явуулж байсан. Говьсүмбэр аймагт 2013-2016 онд Засаг даргаар ажиллахад аймгийн бүтээн байгуулалт тал дээр нэлээд анхаарч ажилласан. Энэ хугацаанд аймаг маань аятайхан болсон. Гэхдээ хүмүүсийн амьжиргааг сайжруулах талаар дутуу ажиллаж дээ гэж боддог юм. Иргэдээс санал аваад тойроод явахад амьдралаа сайжруулах талаар юу хүсэхээ төдийлөн сайн мэддэггүй. Танай баг дээр юу хийх вэ гэхээр урлаг, спортын заал, сагсны шийд, мод тариулах зэрэг юм л хүснэ. Яг тулаад харахаар 200 малтай, 2000 малтай хүний амьдралын чанар бараг л ялгаагүй. Гаднаа портертой, нэг мотоциклтой, өөрсдөө хүн хүч багатай. Тэгээд манай үр хүүхдэд малчин амьдрал хэрэггүй гэсэн ойлголттой болоод цөхөрчихсөн, бэлчээр нь доройтчихсон. Төрөөс тэдний малын аж ахуйн бизнес загварыг хөгжүүлэхийн оронд малын тоогоороо өрсөлдөх уралдаан зарлачихсан. Мянгат, зуут болохын төлөө чанарт биш тоондоо анхаарч, нэг дарга, сайдтай зураг авахуулах нь зорилго нь болчихсон. Энэ бүхнийг ажиглаад Засаг дарга байхдаа малчдын аж ахуйг дэмжих талаар судалгаа хийж, туршлага судалж нэлээд явсан. Хугацаа бага, төрийн ажил их учраас малчдыг чинээлэг болгох хөтөлбөрөө бүрэн эрхийн хугацаандаа нутагшуулж чадаагүй. Ажлаа өгсөн хойноо ширүүхэн дайрч, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн бус байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлж эхлээд байна даа.

-Хот суурин руу шилжих хөдөлгөөнийг багасгаж, төвлөрлийг сааруулах, хөдөөг эзгүйрэхээс сэргийлж, нүүдлийн мал аж ахуйг хадгалж үлдэхийн тулд малчдын амьжиргааг сайжруулах алхам хийх нь зөв. Түрүүн та хэллээ, малчид хүүхдүүдээ малчин болгохгүй гээд сууж байна гэж. Малчдын хүүхдүүд мал аж ахуйтай холбоотой дээд боловсрол эзэмшиж, эргээд нутагтаа ажиллах явдал багасч байгаа гэж үү?

-Хуучиндаа, Хөдөө аж ахуйн их сургуульд “алалцаж” байж элсдэг байсан үе бий. Төрийн бодлого дутсан уу, хүмүүсийн итгэл үнэмшил суларсан уу мэдэхгүй. Бүгд л эдийн засагч, хуульч, сэтгүүлч болохоор өрсөлдөлж, чанаргүй боловсон хүчин, чадваргүй мэргэжилтэн, ажилгүйчүүд нэмэгдэж байна. Мал аж ахуй ашигтай бизнес, бидний ирээдүй гэдэг өнцгөөр хандлагаа өөрчилж, итгэж чадвал малчдын хүүхдүүд өөрсдөө аж ахуйгаа босгох, цаашлаад салбараа өөд татахаар зүтгэх болно. Орос, Хятад, Өвөрмонголоор туршлага судалж явлаа. Мал аж ахуйгаа яаж үр ашигтай удирдах, зохион байгуулах, үйлдвэрлэгч байж амьдралаа сайжруулах вэ гэдэг бизнес загварууд томъёолсон. Төрөөс дэмжлэг хүсэхгүйгээр байгаа нөхцөл боломжоо ашиглаад чинээлэг амьдарч, өөрсдөө үйлдвэрлэгч байж, капитал бий болгох боломжийг Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-аараа дамжуулж малчдад сургалт хэлбэрээр сургаж нэлээд хэдэн аймаг, сумаар явлаа. Үр дүн гарч байна.

-Та бүхэн эхний ээлжинд Хонь дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тоонд биш чанарт анхаарч, яаж ашигтай ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх вэ?

-Монголд 169 мянган малчин өрх амьдарч байна. Тэднийг түшиж нэг сая орчин хүн орлоготой байгаа. Ингээд мал ахуйгаас Монгол Улсын нийт орлогын 10 гаруйхан хувь бүрдэж байгаа юм. Малчдын амьжиргааг дээшлүүлж, чинээлэг дундаж хэмжээнд авчирч байж эдийн засаг тэлнэ. Хонь дэд хөтөлбөрийг шуурхайлан эхлүүлсэн. Нэг айлд дээд тал нь 500 хонь байхад хангалттай, түүнээс давахаар үр ашиггүй. 1000 хоньтой айлын 30-40 хувь нь төллөх мал, үлдсэн нь төлөг, зусаг, эр хонь байна лээ. Эр хонийг зах зээлд борлуулахад 200 мянган төгрөг л болно. Тэгтэл эр хонийг 200 мянгад хүргэж зарахын тулд малчин таван жилийн хөдөлмөрөө зарцуулна. 1000 хоньтой айл гэхэд 600-г нь таван жил тэжээж, хөлс хөдөлмөрөө хий дэмий урсгаад, бэлчээртээ ч хал учруулаад байна. Төллөх 500 хоньтой айл 400 төл хүлээж авч тэжээгээд намар хүйт орохоос өмнө 400 төл заазалж зараад, 100 эм төлөө эх сүрэгтээ нэгтгээд эргэлтэд оруулаад явах нь ашигтай. Малын 10 хувь нь ихэрлэж таарна. Тэгэхээр хорогдолтойгоо нийлээд 500-550 хоньтой өвөл давна гэсэн үг. Сүргийн эргэлт сайжирна, тэжээл бага хэрэглэнэ, хөдөлмөр бага зарж, бэлчээрээ хамгаалж үлдэнэ. Жилд 500 хонь заазалж зарж байгаа өрх махны одоогийн ханшаар 60-70 сая төгрөг олно. Энэ мөнгөө банкинд хийгээд эргэлдүүлээд байж болно. Цаашлаад 300 ямаа, 50 үхэр, 50 адуугаа яаж эргэлдүүлэх вэ гээд дэд хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ. Нийлээд 1000 малтай айл жилд 300 сая төгрөг олох боломжтой загвар юм.

-Мал аж ахуйг хөгжүүлье  гээд хоршоо, нөхөрлөл болж, ферм байгуулъя гэж нэг хэсэг явсан. Танайх илүү хувь тоглолттой, бэлчээр түшиглэсэн загвар санал болгож байгаа юм байна. Давуу тал нь юу вэ?

-Тийм ээ. Монголчуудын үндсэн философид хараахан нийцэхгүй байгаа учраас зовлон болгож шахаад байх шаардлагагүй юм билээ. Итгэл үнэмшил, эрх ашгаараа нэгдсэн улсууд л хамтраад ажил хийнэ. Үүнийг төрөөс хайрцаглаад байх хэрэггүй юм билээ. Өрхийн аж ахуйн үйлдвэрлэл дээр суурилсан загвар одоогоор оновчтой байна. Фермерийн аж ахуйг шүтээд гадаадад 200 кг жинтэй хонь байвал тэрийг шүтээд эхэлж байна. Манайд болох уу, үгүй юу гэдгийг тооцож чадахгүйгээр уурхайгаас хөлжсөн хэд нь авчраад хашаанд хориод тэжээж байна. Тэгээд тэжээж өсгөсөн зардал, дулаан, эм тариа, малчны зардал нь махны үнээс нь давчихдаг. Буцаагаад мөнгөө олж чадахгүй хохирдог. Гацууртын Л.Чинбат, ЖДҮ авсан Ж.Энхбаяр шиг газар тариалантай улсууд л тэрийгээ түшсэн фермер ажиллуулах боломжтой. Гэтэл ийм боломж 169 мянган малчин өрхөд байхгүй. Монгол мал бол зун, намар өвсний сайныг шилж идээд хуримтлуулсан өөхөө өвөл, хавартаа шимж амьдардаг, эрс тэс уур амьсгалдаа шалгарч зохицсон амьтан. Барга, үзэмчин үүлдрийн хаврын хургыг хоёр сар хүртэл нь эрдэсжүүлсэн тэжээлээр тэжээж зун хүргэхэд л 25 кг хүрдэг нь баруун аймгийн эр хоньтой ижил байна.

-Хонь дэд хөтөлбөрт аль үүлдрийн хонь маллавал ашигтай вэ?

-Социализмын үед зүүн тал руугаа махны чиглэлийн үүлдэр, баруун тал руугаа Эрдэнэт, Улаанбаатар хивс үйлдвэрлэлд зориулж давжаа биетэй ноосны чиглэлийн үүлдэр нутагшуулсан. Илүү нугаламтай барга үүлдрийн хониор эх сүргээ бүрдүүлнэ. Сүхбаатар аймгийн үзэмчин үүлдрийн эм хонь өлчир байх жишээтэй. 5 жил гэр бүлээрээ мал дагаж яваад эргээд харсан чинь зардлаа нөхөөгүй, таван жилийн амьдрал үрэгдсэн байдаг. Амьдралын 10 хувь нь явчихсан байдаг. Уг нь хонио биш өөрсдийгөө сайхан амьдруулах ёстой биз дээ. Малчид мал, мал гэж явсаар өөрсдийгөө гаргуунд гаргаж байна. Хонь 3-4 сарын хооронд төллөдөг. Манай хөтөлбөрөөр намар есдүгээр сард үржлийн ажил хийгээд хоёрдугаар сард төллүүлээд, эрчимтэй өсөлтийн хоёр сарын хугацаанд нь сүүнийх нь уурагтай хамт эрдэстэй тэжээл өгнө. Эхний сар хурга тэр тэжээлийг сүртэй идэж сүйд болохгүй ч оролдоод л байна, хөөрхөн. Тэжээл өгөөд эхлэхээр хоол боловсруулах эрхтэн нь сайжирч, гүзээний үс нь хоёр дахин ургаад эхэлнэ. Гүзээний үс урт ургах тусмаа ашигтай бактер үржээд хавар, зундаа бэлчээрт гарахаар жин нь нэмэгддэг. Монгол хурганы махны гулууз дунджаар 11 кг. Бид хонио сайжруулаад, тэжээгээд ирэхээр 20-25 кг хүрч жин нь нэмэгддэг. Ийм туршлагыг эхний ээлжид Говьсүмбэр аймагт нэвтрүүлээд байна.

-Чинээлэг малчин хөтөлбөр малчдын дунд сайн хэрэгжвэл ямар үр дүн гарах бол?

-Нэгдүгээрт ядуурлыг шийднэ. 169 мянган малчныг чинээлэг дундаж давхаргад хүргэхийн төлөө ажиллана. Хоёрдугаарт, бэлчээр талхлагдахаас хамгаална. Монгол Улс 1.5 сая км квадрат талбайтай. Үүний 9.1 хувь нь ойн сан, үлдсэн нь тал нутаг, бэлчээр байдаг юм байна. Бэлчээрийн талбайн хэмжээ 1961 онтой харьцуулахад 2017 онд 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурч, 112.1 сая га болсон. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлж тооцсон малын тоо буюу бэлчээрийн ерөнхий даац дөрөв дахин хэтэрчихсэн байна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Швейцарийн хөгжлийн агентлагаас хийсэн судалгааны тайлангаас харвал Монгол орны нийт бэлчээрийн 10.3 хувь нь нөхөн сэргээгдэхгүйгээр цөлжсөн. Дунд болон дундаас дээш түвшний талхлалтад 47.4 орчим хувь нь өртсөн. Үлдсэн хэсэг нь буюу 42 хувь нь соргог буюу талхлагдаагүй байгаа юм байна. Энэ байдал энэ эрчээрээ үргэлжилсээр байвал ойрын жилүүдэд бэлчээр 100 талхлагдаж, 2080 он гэхэд Хөвсгөлийн зүүн хойд хэсэгт багахан талбай, Хэнтийн нурууны баруун хойд хэсэг энэ хэвээрээ үлдэж бусад нутаг бүрэн цөлжинө гэсэн таамаглалыг судлаачид хэлж байна. Ийм учраас малчдыг “Мянгат малчин”, “Сайн малчин” гэж уралдуулдаг, хоосон өргөмжлөлөөр хуурдаг тэнэглэлээ больчих хэрэгтэй байна. Бэлчээрийн хамгаалалт, зохион байгуулалт хийж байх ёстой төр засаг нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, өөрсдийг нь хуурч шоглож байдаг нэг жишээ энэ.  Малчид ч бодит байдалтай нүүр тулж бэлчээрийн гол дайсан гэж эртнээс нааш ярьж ирсэн ямаан сүргийнхээ тоо толгойг зоригтой бууруулмаар байна. Манай хөтөлбөрийн зорилго энэ.

-Малчид малаа өнжүүлэхгүй заазлаад эхэлбэл өөрсдөд нь зардал багатайгаас гадна зах зээлд залуу малын мах нийлүүлж эхлэх юм байна. Нөгөө талаар өвлөөс өмнө нядлана гэхээр элдэв вакцин, тариа шахаагүй малын мах иргэдэд очих нь ээ?

-Тэгнэ. Малчид өвөл нь онд орохгүй малаа заазлаж зардаг. Дөрөв, таван жил болсон малын мах холостерин ихтэй. Иргэд махаа ялгаад авдаг юм гэхэд хөгшин малын мах зоогийн газраар дамжиж иргэдэд очиж байгаа. 2030 онд монголчууд дөрвөн саяулаа болоход махны хэрэглээ дагаад 30 хувиар нэмэгдэнэ. Энэ хэрэглээг залуу, эрүүл махаар хангах чухал байгаа биз. Нөгөө талаас гадаадууд тугал, хурганы мах ихээр хэрэглээд сурчихсан. Хотжих тусам иргэд өөх идэхээ больж байна. Уургийн агууламж ихтэй, зөөлөн мах руу чиглэж байна. Гэтэл зах зээлд хурганы мах байхгүй. Иранууд бол хурганы мах эсвэл төлөг авах гэж ирдэг. Дэлхийн стандартад 15 кг байж хурганы маханд тооцож худалдаанд гардаг. Тэрнээс бага болохоор махны гарц бага, яс их гээд худалдаж авдаггүй. Ирануудын иддэг хурганы мах 15-25 ам.долларынх. Малчид дотоодын зах зээлээ эрүүл хурганы махаар хангаад Хятад, Арабын ертөнц рүү гаргавал ямар сайхан бэ. Үхэр, гахай, тахиа иддэггүй орнуудад монгол хурганы махны бизнес нээлттэй байна.

Ярилцсанд баярлалаа.