Д.Батсүрэн: Залуучууд сонгуульд саналаа өгөх нь амьдралын төлөөх тэмцэл юм

1990 оны цагаан морин жил МоАХ байгуулагдаж, хоёрдугаар сарын 18-нд анхдугаар хурлаа хийсэн билээ. Удахгүй энэ хурлын 30 жилийн ой тохионо. Ойн өдрийг хүртэл манай сонин та бүхнийг МоАХ-ны гишүүдтэй цувралаар уулзуулах болно. МоАХ байгуулагдахад тухайн үеийн Октябрийн район буюу өнөөгийн Сонгино хайрхан дүүргийнхэн идэвхтэй оролцож байжээ. 1990 онд МоАХ-ны салбарыг байгуулж явсан Д.Батсүрэнтэй ярилцлаа.

-1989 онд ардчилсан хөдөлгөөн үүсэхэд та юу хийдэг байсан бэ?

-Би тэр үед цэргийн байгууллагад ажиллаж байсан. Анх ардчилсан хөдөлгөөн үүсэхэд Октябрийн районы III хороонд МоАХ-ны салбар байгуулж, зохицуулагчаар сонгогдсон. Цэргийн ангидаа ардчиллын талаар ойлгуулах ажил хийдэг байлаа.

-Ардчиллын талаар яаж ойлгуулдаг байв?

-Салбар зөвлөлүүд цуглаан, жагсаал зохион байгуулахад хүн их очуулах ёстой. Тэр үед МоАХ-ноос зохион байгуулах ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулахгүй. Цуглаан зохион байгуулах тухай зарыг тэврээд л гудмуудаар наана. Эхнийхийг наагаад дараагийнхыг нааж байхад хойноос хүн явуулж зарыг хуулна. Цуглаан дууссаны дараа цуглаанаас гарсан уриалга мэдэгдлийг наана. Бас араас хүн явж урна. Эхэндээ сонин тараах, дараа нь сониноо зарах ажил нэмэгдсэн.

-Ямар сонин тараадаг байсан бэ?

-“Ардчилал”, “Шинэ толь” нэртэй сонинуудыг МоАХ, МоАН-аас гаргадаг байсан, хожим нь “Үг” сонин нэмэгдсэн. Анхны чөлөөт хэвлэлүүд л дээ.

-Энэ сонинуудад ямар мэдээллүүд гаргадаг байсан бэ?

-Ардчилал хүний эрхийн тухай ойлголт нийгэмд байсангүй. Энэ талаар танин мэдэхүйн шинжтэй Г.Бошигт гуай, хожим Ерөнхий сайд болсон М.Энхсайханы зах зээлийн эдийн засгийн тухай бичлэгүүд анхны дугааруудад гарч байсан. Анхны дугааруудыг гэр хорооллынхон маш их сонирхоно. Хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ л уйгагүй зүтгэж явсан. Эргээд харахад бид үнэхээр хүнд ачаа үүрсэн байдаг.

-Хэр их саадтай тулгарч байсан бэ?

-Амаргүй шүү. Төрийг шүүмжилдэг болохоор төрийн байгууллагууд, тэр тусмаа хурган дарга нар аль болохоор л саад хийнэ. Уулзалт хийх, хурал цуглаан зохион байгуулахаар байр саваа түгжээд, түлхүүрээ аваад алга болох нь энгийн үзэгдэл. Уг нь тэр байр сав нь ард түмний өмч, тэдэнд зориулж ашиглах ёстой. Гэтэл хэдэн дарга нарын өмч шиг л аашилна. Зар наагаад л эргээд харахад хуулаад хаячихсан байна. Канон, компьютер гэж байсангүй. Бичгийн машин нь дарга нарын мэдэлд. Төвөөс л машиндсан бичиг ирнэ. Бид гараараа бичнэ шүү дээ. Будаг шунх нь маш ховор. Хамгийн том цаас нь одоогийн дэлгэсэн сонингийн дайтай ватум нэртэй цаас. Туг лоозон хийх материал гэр орноосоо илүүчилнэ. Орны даавуунаас эхлээд гэрийн бүрээсийг хүртэл ашиглана. Зарим ухуулах хуудсыг дэвтрийн цаасан дээр гараар бичиж тараана. Олон шөнө ухуулах хуудас гараар бичиж нойргүй хоносон доо. Айл хэсэх гэж амаргүй ажил байсан.

-Яах гэж айл хэсдэг байсан бэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний зарыг явуулахгүй. Тиймээс гар бичмэлээ тараахаар айл хэснэ. Зарим нь их сонирхож хүлээж авна. Зарим нь уурлаж хөөнө. Санаатайгаар нохойгоо өөдөөс тавьдаг айл ч байсан. Өдөр айлууд эзэнгүй учраас орой л явах хэрэгтэй болдог. Заримдаа шөнөжингөө явж, айлын хашаа давуулж шидэх ажил гарна. Зарим улаан коммунист хорооны дарга нар  “Айлын хашаанд хог хаялаа” гэж буруутгана.

-Үйл ажиллагаа явуулж байхдаа нийгмийн сэтгэл зүйг ажиглана биз?

-Ажиглана. Салбар энэ талаар төвдөө мэдээлнэ. Тухайн үед нийгэм биднийг маш нааштайгаар хүлээж байгаа нь анзаарагддаг байсан. Тэр үед хүний хэрэглээ маш хязгаарлагдмал байсан л даа. Цалин бага, хэрэглэх зүйл хомс. Хашааны багахан газрыг эзэмших л эрхтэй. Хувийн машин гэж бараг байсангүй. Нийслэлд их, дээд сургууль төгсөөд суурьшсан иргэд хөдөө аав, ээж дээрээ очих одоогийн Москва, Вашингтон орохоос хэцүү байсан.

-Унаа олдохгүй юу?

-Улсын унаа явна. Чөлөө авах гэж өргөдөл бичнэ. “Зам явах” нэртэй зөвшөөрөл авна. Билет олох гэж бөөн ажил. Зарим үед нисэх, галт тэрэг, орон нутгийн билет олдохгүй. Ойрын аймгуудад шуудангийн ачааны тэрэг явна. Одоогийн эрлийз адуунаас тохь муутай ачигдаж орон нутагтаа хүрнэ. Замын машинд сууж болохгүй. Суувал жолоочид арга хэмжээ авна.

-Заавал ачааны тэргээр явах ёстой юу?

-Нийслэлд ойрхон Налайх, Төв аймгийн Зуунмод хот руу автобус явна. Харин орон нутаг руу ачааны машин явах тул түүгээр зорчино. Хүний эрхийн тухай наад захын ойлголт байхгүй шүү дээ. Монголчууд энэ бүхнээс залхсан байх. Тийм учраас 1990 онд МоАХ-г талархалтайгаар угтаж авсан байх гэж боддог.

-Тэр үеийн монголчуудын дотоод ертөнцийг өнөөгийнхтэй харьцуулбал...?

-Анх МоАХ байгуулж байхад монголчууд цэвэр ариун сэтгэлтэй байсан. Харин миний бодлоор 1992 оноос эхлэн сонгууль мөнгөжиж эхэлсэн. Энэ үеэс эхлэн сонгогчид эх орноо хөгжүүлэх гэж санал өгдөг бус, хувийн эрх ашгаа бодож санал өгдөг болсон. Улстөрчид санал худалдаж авах замаар төрд шургалж хулгай хийдэг болсон.

-1990 онд зорьсон зүйлдээ хүрч чадсан гэж боддог уу?

-Нэлээд гажсан гэж боддог.

-Жишээлбэл?

-Одоо ардчилал нэрийн дор хүн бүр эрхээ эдэлж байгаа боловч үүргээ ухамсарлахгүй байна. Өнөөдөр хүн бүр сонгууль өгөх эрхтэй. Тэр тусмаа үүрэг шүү дээ. Төрөө байгуулахад иргэн бүр оролцох ёстой. Гэтэл сонгууль болоход ирээд саналаа өгөхгүй байна. Залуучууд төрийг шүүмжлэх нь их. Гэхдээ сайн төртэй байх боломжийг ардчилал нээж өгсөн. 1990 онд сонгууль гэдэг нь сонголтгүй байсан. Бүх шатны сонгуульд МАХН-аас дэвшүүлсэн ганц хүнд л саналаа өгнө. Харин авах юм нь сонгуульд бүх иргэдийг санал өгүүлнэ. Гэтэл саналаа өгөх эрхээ эдлэхгүй байж төрөө зүхээд сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

-Төрөө шүүмжлэх буруу юу?

-Буруу биш. Яагаад шүүмжилж байна гэдгээс хамаарна. Төрд гарсан хүмүүс иргэдийнхээ амьдралыг сайжруулахын оронд хулгай хийж авлига аваад байна. Хүн амын 30 хувь ядуу гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл буруу хүмүүсийг гаргаад байгаа учраас л шүүмжлээд сонголтоо муу хийснээс буруу хүмүүс сонгогдоод байна гэж боддог.

-Иргэдийг нийтээр сонгуульд оролцуулахын тулд юу хийх ёстой гэж бодож байна?

-Сонгуульд оролцсон иргэд, оролцоогүй иргэдээс багахан хэмжээний давуу эрх эдэлж болох байх гэж боддог. Сонгуульд оролцсон иргэд төрийн зарим төлбөртэй үйлчилгээг төлбөргүй авах байж болно. Саналаа өгөөгүй иргэд арай илүү төлбөртэй гэх мэт ямар нэгэн хүний эрхэд халдахааргүй ялгавар байж болмоор санагдаад байгаа юм.

-Саналаа өгөөгүй иргэдийн Тавантолгойн хувьцаа эзэмших эрхийг хасах мэтээр үү?

-Тэр арай ширүүдэх байх. Гэхдээ л багахан хэмжээний хөшүүрэг байх л хэрэгтэй гэж бодогдоод байгаа.

-Сонгогчид бүгдээрээ саналаа өгвөл төр цэвэршинэ гэж үзэж байна уу?

-Ямар ч байсан ахиц гарна гэж үзэж байна. Сонгогчдын ирц буураад. Цөөхөн сонгогчид уламжлалт хуучин сонгуульчдаа сонгоод байгаа. Тийм учраас цөөн хэдэн хүн л олон сонгогдоод байгаа болов уу. Нэгэнт төр барьж чадахгүй байгаа хүн дахин дахин сонгогдоод байгаа учраас л бидний амьдрал дээшлэхгүй байна шүү дээ. Саналаа өгнө гэдэг чинь хувь хүний амьдралын төлөө тэмцлийн нэг хэлбэр л дээ. Саналаа өгөхгүй байгаа нь амьдралынхаа төлөө тэмцэхгүй байна гэдгийг залуучууд ойлгохгүй байгаа юм.

-Танай хүүхдүүд сонгуульд хэр идэвхтэй оролцдог вэ?

-Маш идэвхтэй оролцдог. Тэд миний юуны төлөө тэмцэж байсныг маш сайн ойлгосон. 1990 оноос хойш манай салбар зөвлөл байр байхгүй. Найз нөхдөөсөө гуйсан майханд штаблаад сонгуулийн ажлаа явуулдаг байсан. Хожим нэг цагаан хоолойтой (чанга яригч) болсон. Дээр нь хэдэн ухуулах хуудас. Бид тухайн үеийн эрх баригч намтай ийм л хүч тэнцвэргүй тулаанд орж, өнөөгийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан даа. Тэр үед тэмцэж явсан олон хүмүүс өнөөдөр бурхны оронд очсон. Ардчиллын төлөө тэмцсэнийхээ төлөө залуу нас зарим нь амьдралаа ч алдсан нь цөөнгүй. Гэхдээ өнөө үеийнхнээс өр төлөөс нэхээгүй. Ардчиллыг тордож байж амьдрал чинь дээшилнэ гэдгийг ойлгоосой л гэж хүсээд байгаа юм.

-Хувь хүн дураараа майхан бариад улс төрийн ухуулга хийнэ гэдэг тухайн үедээ содон үзэгдэл байх даа?

-Тийм шүү. Хороо хориноос хавчих тусам хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ. Дэмжих, дэмжихгүйгээсээ илүү эхлээд сонирхож ирэх нь их байсан. Харин ирсэн хойноо учир начрыг ойлгоод дэмжих нь их болдог. Бид цөөхүүлээ байсан ч нэг ч айл алгасахгүй мэдээллээ хүргэдэг байсан. Явган нүцгэнээр айл бүрт хүрнэ гэдэг одоо бодоход нүсэр ажил байсан. Тэр үед хороо захиргаанаас л ажил зохиодог байсан болохоос төр шүүмжилсэн хүмүүс ажил зохион байгуулна гэдэг маш сонирхолтой үзэгдэл байхгүй юу.

-Та бүхэн тэмцэж явахдаа олон сонин содон үйл явдалтай тулж байсан байх даа?

-Байна аа. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ректор бидэнд ардчиллын тухай маш сайн ойлголтуудыг өгч байсан. Бид Санхүүгийн техникумын ректор эмэгтэйг ардчилсан хүчний нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшүүлж байсан. Түүний ярианаас сонгогчид төдийгүй өөрсдөө ч маш их мэдлэг мэдээлэл авсан.

-Одоогийн сонгуульд нэр дэвшигчид хар пиар их ашиглаж байна. Тэр үед ийм зүйл байсан уу?

-Байгаагүй. Цэвэр бодлогоор өрсөлддөг байлаа. Өнөөдөр чинь хүний нас зүсээр зогсохгүй эхнэр хүүхэд найз нөхдийг нь харлуулж байна. Энэ бол дэндүү увайгүй үйлдэл. Монгол хүнд зохихгүй араншин.

-Бодлого гэхээр юу байсан бол?

-Жишээлбэл АН орон сууц, мал, жижиг үйлчилгээний газруудыг давуу эрхээр хувьчлах санал дэвшүүлж байсан. Харин МАХН мал хувь өгвөл малчид хэдхэн жилийн дотор малаа үгүй хийгээд монгол малгүй болно гэх жишээтэй. АН арван мянган айлын орон сууц барина гэхэд МАХН үл бүтэх амлалт гэх мэтээр мэтгэлцэнэ. Хувь хүний амьдрал руу өнгийх мөнгө тараах нь сүүлд үүссэн хогийн ажиллагаа байгаа юм.

-Тэр үед сонгууль мөнгөгүй явдаг байсан юм уу?

-Юуных нь мөнгө орох вэ дээ. Ярих юмаа бичсэн хэдэн цаасаа бариад л уулзалт хийгээд явна. Тэр цааснууд дээр намууд ямар санаа дэвшүүлж байгаагаа бичээд түүнийгээ л ухуулна.

-Тухайн үед намуудын сонгуулийн компани юугаараа ялгарч байсан бэ?

-Ардчиллын шинэ санаанууд их дэвшүүлнэ. Англи, Америк гээд явж өгнө л дөө. МАХН олон жил төр байсан. Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун биш болохоор ардчилсан хүчинд шүүмжлэх зүйл мундахгүй. МАХН харин шинэ санаа гаргах завдалгүй өнгөрсөн үеийн алдаагаа цайруулах гэж үйлээ үзнэ. Хэдий тийм ч хүн гүтгэх, доромжлох зүйл аль ч нэр дэвшигчээс гардаггүй л байсан юм даа.

-Нэр дэвшигч нэг ч төгрөгний зардал гаргахгүй юу?

-Үзэг цаасыг тооцохгүй бол өөр ямар зардал байх вэ дээ. МАХН олон даргатай болохоор машинаар нэр дэвшигчээ зөөнө. Манайхаас нэр дэвшигчид автобусаар явж сурталчилгаагаа хийнэ. Бид ч амьдралынхаа алтан үеийг ардчиллын тэмцэлд зориулсандаа бахархдаг шүү.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Сэтгүүлч: П.ОЮУНСУВД