Ардчилсан намын удирдлагууд ЕАБХАБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Ардчилсан институт, хүний эрхийн газрын төлөөлөгчид болох Киара Касталдо,  Үлви Ахүндлү нарыг Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа, Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хорооны ерөнхий менежер Б.Баттулга, Хэрэг эрхлэх газрын Хуулийн газрын дарга Н.Ариунболд нар  хүлээн авч уулзлаа.

Тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах УИХ-ын сонгуулийн ажиглагчаар ажиллах юм.

Уулзалтын үеэр Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан Ардчилсан нам бэлтгэл ажлын хүрээнд явуулж буй үйл ажиллагааг товч танилцуулав. Тухайлбал,  УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах баг ажиллаж байгаа болон судалгааны ажлуудын талаар дурдав. Түүнчлэн 2016 оноос хойш УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дотоод шинэчлэлийг амжилттай өрнүүлж, гишүүддээ нээлттэй болсон. Гишүүдийн оролцоо идэвхжиж, Үзэл баримтлал, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Ардчилсан нам одоогоор таван дэд дарга, 420 гаруй ҮБХ-ны гишүүн, 16 бодлогын зөвлөлтэй ажиллаж байгаа зэрэг намын дотоод ажлын талаар танилцуулав.

2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам хүч тэнцвэргүй, амаргүй, хүнд нөхцөлд өрсөлдөөнд орох гэж байна. Учир нь одоогийн парламентад 64 суудал бүхий эрх баригч намтай өрсөлдөнө. Түүнчлэн 2020 оны улсын төсөв цэвэр сонгуульд зориулагдсан төсөв батлагдсан. УИХ-ын гишүүд төсвийн мөнгийг тойрогтоо хуваарилсан нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам энэ удаад маш их мөнгө, эрх мэдлийн эсрэг өрсөлдөнө. Гэсэн хэдий ч Ардчилсан намд олон давуу тал байгаа.   Одоогийн эрх баригчид мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлээгүйгээс гадна ЖДҮ, концесс, тендер зэрэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ёсзүйн томоохон зөрчлүүд гаргасныг дурдсан юм.

Олон улсын байгууллагын төлөөлөгчид сонгуулийн хууль тогтоомж болон түүний нөлөөлөл Ардчилсан намд хэрхэн тусч байгаа талаар харилцан санал солилцлоо.