Мэндчилгээ

Монголын Ардчилал 30 нас хүрчээ. Өдгөө 30 настай залуус эрх чөлөөний үндэс суурин дээр төрж, өсч хүмүүжиж, боловсорч Хүний эрх, Эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан Монгол Улсын иргэд болжээ. Ардчиллын 30 жилийн ололт амжилтыг дурдвал их билээ. Шинэ цагийн босгон дээр бид 500 сая долларын эдийн засагтай, хүний хөгжлөөр хоцрогдсон, дэд бүтцээр ядмаг, иргэд нь өмчгүй, олон улсад зорчих эрхгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, туурга тусгаар нэртэй ч нидэр дээрээ бусдаас хараат улс байв. Энэ хүнд бэрх цаг үед МоАХ байгуулагдаж, 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр анхдугаар чуулганаа хийж, Монголын Ардчилсан намыг тунхаглан зарлаж байв. Ингэж Монгол Улс 70 жил ноёрхсон нэг намын тогтолцоог халж олон намын тогтолцоонд шилжсэн юм. Үүгээрээ бид хүний өмчтэй байх эрхийг нээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг олон ургальч, хүмүүнлэг Ардчилсан нийгмийн суурийг тавьсан билээ. Өнөөдөр бид 14 тэрбум долларын эдийн засагтай, иргэд нь өмчтэй, эрх чөлөөтэй, олон улсын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг болжээ. Энэ бүхэн зүгээр нэг олдоогүй билээ. 
 
1990 оны хахир хүйтэй өвөл хатуу цардмал талбай дээр жагсч, өлсч тэмцэж байж олж авсан эрх чөлөөгөө бид одоо ч хайрлаж, хамгаалж тордож байхгүй бол хуучин нийгмээ санагалзсан, хязгааргүй эрх мэдэлд шунасан эрт цагийн коммунистууд, өдгөө цагийн олигархи хөрөнгөтнүүд боломж сиймхий гарвал Ардчиллыг түлхэн унагаахад бэлхэн байгааг бид бүхэн харж, мэдэрч байна.
 
Тиймээс энэхүү түүхэн 30 жилийн босгон дээр Ардчиллаа улам бэхжүүлж, улс орноо улам илүү хөгжүүпэхийн төлөө Ардчилсан намын гишүүд, дэмжигч бүр хичээх хэрэгтэй байгааг сануулахын ялдамд та бүхний ажил үйлс өөдрөг байж, эрүүл энх аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Содномзундуйн ЭРДЭНЭ