“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүргүүллээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ ЖДҮ-ийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналаа 2020 сонгуульд оролцох улс төрийн намуудад хүргүүлж эхлээд байгаа. Тус холбоо өнөөдөр (2020.02.20) Ардчилсан намын удирдлагуудад найман бүлэг 34 заалт бүхий саналаа албан ёсоор гардуулан  өглөө.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа “Ардчилсан нам хийдэг, бүтээдэг бүтээлч монгол хүнээ дэмжих зорилт бодлого дээр тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Яг энэ цаг үетэй давхцаад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ажил хэрэгч саналууд бидэнд ирүүлсэнд талархаж байна. Бид та  бүхний ирүүлсэн саналыг дэмжин, хүлээн авч байна. Ялангуяа “INTERNET Plus SMEs”  хөтөлбөр Монголын ЖДҮ-ийн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс тэр дундаа “Start-Up” буюу гарааны бизнес эрхлэгчдийн хувьд нүдээ олсон заалт байна гэж үзэж байгаа учир  мөрийн хөтөлбөртөө  тусгаад явна. Ажилгүйдлийн хэмжээ өндөр байгаа. Хэдийгээр статистикийн тоогоор 10 хувь байгаа ч гэсэн  бодит байдал дээр үүнээс ч  их байгаа. Ажлын байрыг хамгийн их нэмэгдүүлдэг экспортын орлогыг хамгийн их бүтээдэг  хэсэг бол бизнес эрхлэгчид, ЖДҮ-чид. Яах аргагүй Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг эзэлж, экспортын орлогын 2.7 орчим хувийг бүрдүүлж  байгаа  хүмүүс. Тийм дээ ч “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ирүүлсэн саналаас олон заалтуудыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгана гэдгээ та бүхэнд дуулгахад таатай байна” гэлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Бид энэ  саналыг  ЖДҮ-ийн хөгжиж байгаа олон улсын тэргүүн туршлагуудыг судалж, боловсруулсан учир хэрэгжүүлэх бүрэн боломжтой”  гэдгийг уулзалтын үеэр онцолсон. Мөн нийгмийн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх, ард иргэдээ хөрөнгөжүүлэх том уриалгыг дэвшүүлж байгаа гэдгээ хэллээ.