УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-02-28/ хуралдаж, цаг үеийн асуудлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдлаас хамааран, эрсдлээс сэргийлэх зорилгоор Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах санал гарган, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.

Дэлхийн 43 улс оронд тархаад байгаа “Covid 19” Короновирусын халдвараар олон мянган хүн өвчилж, нас баралт нэмэгдэж дэлхийн дахинаа онцгой нөхцөл байдал үүсэж манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин нэг сар сунгасантай холбоотойгоор Монгол улсын эдийн засагт эрсдэл үүсэх нөхцөл байдал илэрч эхэлж байна. Эрсдэлээс сэргийлэх зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Монгол банк болон Сангийн яамнаас мэдээлэл сонсох нь зөв хэмээн үзэж байна гэв.

Мөн “Улсын хэмжээнд эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц хангамжийн хүртээмж болон хэрэглээний зах зээлийн нөхцөл байдал мөн үйлчилгээний байгууллагуудын орлого багасаж, бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом буурч байгаа тул банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, түрээсийн төлбөрийн асуудлыг авч хэлэлцэх шаардлага үүсэж байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй” хэмээжээ.