"Чинээлэг малчин" хөтөлбөр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгалаа олно

"Чинээлэг малчин" хөтөлбөрийг санаачлагч, "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын тэргүүн Л.Одсэр өнөөдөр /2020.03.13/ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяад мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүлээлгэн өглөө. Ингэснээр "Чинээлэг малчин" хөтөлбөр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт албан ёсоор тусгагдана.

Монгол Улсын хэмжээнд буй 80 гаруй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай түүхий эд, арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгон, малчдын амжиргааг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох нь Ардчилсан намын зорилт. Тиймээс ч энэ удаагийн санал цаг үеэ олсон, оновчтой ажил болсныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа онцоллоо.

"Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-аас хэрэгжүүлж буй "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн таван жил судалгаа хийсэн бөгөөд одоогоор Говьсүмбэр аймгийг жишиг болгон ажиллаж байна.

Хөтөлбөрийн баг одоогоор 10 гаруй сумдад танилцуулга хийжээ. Улмаар 20 гаруй сум, 70 орчим аж ахуй нэгж, хоршоо, нөхөрлөлийн зүгээс албан ёсоор хамтран ажиллах саналаа ирүүлээд байна.

"Чинээлэг малчин" хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр бэлчээрийн доройтлыг зогсоож, 170 орчим мянган малчин өрхийг чинээлэг дундаж давхаргад хүргэх, нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг сааруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх, гадагш чиглэж буй ажиллах хүчийг эх орондоо шингээх зэрэг нийгэм, эдийн засгийн олон давуу талтай юм.