Ажлын хэсэг судалгааны үр дүнгээ хүлээлгэн өглөө

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд судалгааны ажлын хэсэг ажиллаж байна. Тус судалгааны ажлын хэсгийн ахлагч, ҮБХ-ны гишүүн Л.Баян-Алтай болон гишүүдийн төлөөлөл болох доктор Л.Эрдэнэчимэг, Б.Билгүүн, Б.Ангарагбаяр нар өнөөдөр /2020.03.13/ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяад гүйцэтгэсэн судалгааны ажлаа хүлээлгэн өглөө.

Судалгааны баг өнгөрсөн сар гаруйн хугацаанд үндсэн хоёр чиглэлээр ажилласан байна. Ардчилсан нам нь "Олон Улсын Ардчилсан Холбоо"-ны гишүүн, баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд ижил төстэй улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, бодлогын сайн туршлагаас жишиг болгон судалжээ. Баруун төвийн үзэл санааны суурь болох ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх, эрх чөлөө болон хувийн хэвшлийг дэмжсэн эдийн засгийн бодлого нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгалаа олох юм.

Тус ажлын хэсгээс технологийн дэвшлийг ашиглан нийгмийн төлөөлөл, бүлгүүдийн хувьд тулгамдаж буй асуудлаар судалгаа хийсэн байна. Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засагт тулгамдаад буй томоохон асуудлуудын шийдлийг санал болгосон, олон түмний саналыг тусгасан, судалгаанд суурилсан , бодитой, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулах нь онцгой чухал гэдгийг тус багийнхан онцолсон юм.

Түүнчлэн улс төрийн намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр өгөөж цаасан дээрх тоон үзүүлэлт бус ард иргэдийн амжиргааны бодит дэвшлээс харагдах ёстойг мөн энэ үеэр ажлын хэсгийн гишүүд хэлж байв.