Ардчилсан нам анх удаа ҮБХ-ны гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа

Монгол Улсад шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарсан.

Энэ хүрээнд өнөөдөр /2020.03.14/  ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ЗӨВЛӨЛДӨХ ЦАХИМ ХУРАЛДААН болж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн асуудлаар зөвлөлдөх хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа 400 гаруй ҮБХ-ны гишүүдийг хамруулсан цахим хуралдааныг зохион байгуулаад байна. Ингэхдээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд тухайн байгаа газраасаа техологийн дэвшилд суурилсан тусгай апп ашиглан цахим хуралдаандаа оролцов.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж, 21 аймаг; нийслэлийн есөн дүүргийн иргэдийн саналыг хүлээн авч ажилласан юм. Үүний зэрэгцээ намын дэргэдэх байгууллагууд мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэн боловсруулж; УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяагаар ахлуулсан  ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна.