ХУУЛЬЗҮЙН БАЙНГЫН ХОРООНД ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙГООР САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, олон нийтийн байгууллага болон хуульчдаас ирүүлсэн саналыг үндэслэн АН- ын зөвлөлөөс тус ажлын хэсэгт санал хүргүүлжээ. Саналд “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байх, улмаар ийм бүх шийдвэр, үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх нөхцөл үүсэхээр байна. Үүнээс улбаалан эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд түүнийгээ хамгаалуулахаар дагнасан шүүхэд хандах чадамжгүй болж, иргэд хуулийн этгээдийн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох, сэргээх боломжгүй болох тухай дурьдсан байна.

Мөн нь Монгол Улсын сүүлийн 26 жилийн турш байгуулахыг зорьж буй ардчилсан, эрх зүйт төрийн суурь зарчим болох “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг сануулжээ.

Хэрвээ шүүхийн хяналтаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг гаргах бол энэ нь Үндсэн хуульт ёсны эсрэг үйл ажиллагаа гэж үзэн, иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэхийг шүүхээр хянуулах, зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх тогтолцоог үгүйсгэж болохгүйг анхаарч, уг хуулийн төслийг Үндсэн хуулийн зарчмын хүрээнд өөрчлөн найруулж, иргэд, олон нийтийн байгууллага болон хуульчдын саналыг тусгахыг хүссэн байна.