АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ СЕХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

Ардчилсан нам өнөөдөр /2019.04.30/ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ  СЕХ-нд хүргүүллээ.  Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болох бөгөөд  Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор СЕХ-нд хүргүүлэхээр тусгасан.  Мөн  нэр дэвшигч нь сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу оролцох тухай СЕХ-ноос мэдэгдээд байгаа юм.  СЕХ  улс төрийн намуудаас хүргүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгасны дараа тав хоногийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ танилцуулна гэлээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгууль Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалж хойшилсон бөгөөд Ардчилсан нам хоёр дахь удаагаа хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж байгаа нь энэ юм. Дашрамд дурдахад, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан энэ сарын 28-нд болж, Хэнтий аймгийн  42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ баталгаажуулсан билээ.