Б.Баттулга: Мөрийн хөтөлбөрт эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэсэн бодит ажлууд бий

Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын эрсдэлтэй холбогдуулан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг өнгөрөгч бямба гарагт цахим хэлбэрээр анх удаа явуулсан. Ингээд тус хурлын талаар болон цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттулгатай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр болно. Түүнээс өмнө Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Аудитын ерөнхий газарт гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлэх ёстой. Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажил ямар шатандаа явж байна?

-Удахгүй 2020 оны УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн нам эвслүүд өөр өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Тийм учраас Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд улс орон даяар нийт гишүүд, дэмжигчид, иргэд, ард түмний илгээсэн санал дээр үндэслэн “Үндэсний дөрөвдүгээр” аяныг зохион байгуулсан.

 Энэхүү аян хоёр үе шаттай зохион байгуулсан. Эхний шатанд 21 аймаг, есөн дүүргийн нийт иргэдийн саналыг биечлэн уулзах, тэдний санаа бодлыг сонсч авсан. Энэ ажил үргэлжилж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал болох коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор санал авах үйл явцаа цахим руу шилжүүлж Ардчилсан намын facebook хаяг, вэб сайтаар хүлээж авахаас гадна 77331206 дугаарын утсаар болон имэйл хаягуудаар дамжуулан иргэдийн саналыг үргэлжлүүлэн хүлээн авсан. Нийтдээ 30 гаруй мянган хүнээс бодит санал ирсэн. Бид бүхэн эдгээр саналуудыг нэгтгээд мөрийн хөтөлбөр боловсруулж байгаа ажлын хэсэгтээ хүлээлгэн өгсөн байгаа. Хоёрдугаар шатны аянаа гуравдугаар сарын 02-ны өдөр эхлүүллээ. Энэхүү шатанд намынхаа ахан, дунд шатны гишүүд дэмжигчдийн саналыг авах юм. Энэ ажлыг 21 аймаг, есөн дүүрэг дэх намын үүрүүд дотооддоо хурлаа хийж гарсан саналуудаа нэгтгээд тухайн аймаг,дүүрэг, сум, баг, хороонд хэрэгжих боломжтой, тооцоо судалгаатай, бодит ажлын жагсаалтыг гаргаад эрэмбэлж байгаад манай аймагт ийм ийм ажлуудыг хийхээр Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгах нь зүйтэй хэмээн саналаа ирүүлсэн. Бид орон нутгаас ирүүлсэн саналуудыг чухалчилж авч үзсэн. Бид ирүүлсэн саналуудыг нэгтгээд мөн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна.

-Анх удаагаа цахимаар ҮБХ-ны гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Хүндрэл бэрхшээл юу байв?

-Аяны хоёрдугаар үе шат үргэлжилж байгаатай холбоотойгоор Ардчилсан намын удирдах, төлөөлөх төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдтэй зөвлөлдөх хуралдааныг анх удаагаа цахим хэлбэрээр өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаад ҮБХ-ны 410 гаруй гишүүдийн оролцоог хангасан хурлыг зохион байгуулж чадсанаараа давуу байлаа. Энэхүү хурлыг зохион байгуулахын тулд сар гаруй хугацаанд бэлтгэл байдлаа базаасан. Өмнө нь манай улсад ийм олон тооны хүнийг хамарсан хурлыг цахимаар зохион байгуулж байгаагүй юм билээ. Технологи, программ хангамж нь хараахан нэвтрээгүй байсан. Тиймээс бид АНУ-ын мэдээлэл технологийн компани болон монголынхоо шилдэг залуу инженерүүдтэй хамтраад амжилттай хийж чадлаа. ҮБХ-ны гишүүдээс мөрийн хөтөлбөрт оруулах саналуудыг авсан. Тэгэхээр Ардчилсан нам иргэд, намынхаа нийт гишүүд дэмжигчид, төлөөллийн төв байгууллага, удирдах байгууллагын гишүүдээс ирүүлсэн саналуудыг зангидаж мөрийн хөтөлбөр тусгуулахаар бэлтгээд байна. Бид сарын хугацаанд бэлтгэлээ сайн хангасан учраас энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулахад ямар нэгэн алдаа эндэгдэл гаргасангүй. Тийм учраас дараа дараагийн ҮБХ болон 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, баг, хороонд байрлах намынхаа анхан шатны байгууллагуудтай цахимаар хуралдах бололцоо нээгдэж байна. Ардчилсан нам шинийг эрэлхийлдэг нам учраас технологийн дэвшлийг ашиглаж намын бүтцийн бүх байгууллагууд гишүүд дэмжигчтэйгээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хамтарч ажиллана.

-Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд намын шинэчлэлийг эрчимтэй явуулсан. Үүнд улс төрийн нам үнэт зүйл, үзэл баримтлалтай байх ёстой гэсэн гол зарчим баримтлан ажилласан. Энэ ажил мөрийн хөтөлбөрт тусгалаа олох болов уу?

-Ардчилсан нам өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд ажиллаж намын бүх шатны байгууллага, гишүүдийн дунд үнэт зүйл, үзэл баримтлалаа хэлэлцүүлэх аяныг гурван удаа зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт намын олон мянган гишүүнийг хамарч чадсан.

Ингээд Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээ шинэчлэн баталсан. Монгол Улсын түүхэнд анх удаа Улсын Дээд шүүхэд үзэл баримтлал, үнэт зүйлээ бүртгүүлсэн улс төрийн нам нь Ардчилсан нам болж чадсан. Намын олон мянган гишүүдийн санал бодлыг тусгасан энэ том ажил маань УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн суурь нь болж байгаа. Өөрөөр хэлбэл бусад намуудтай адил хий хоосон орон зайд тулгуурлаж мөрийн хөтөлбөр гэдэг зүйл боловсруулж гаргаж ирээгүй. Ардчилсан нам өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалд тулгуурласан, онолын түвшинд мөрийн хөтөлбөрөө боловсруулах бэлтгэл ажил өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийгдсэн гэж хэлж болно. Ийм учраас Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлдээ тусгасан таван тулгуур заримд суурилж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.Үүнээс гадна манай намын дэргэдэх байгууллагууд болох АОХ, АЭХ, ААХ, АЗХ мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа нэгтгэж ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн. Энэхүү саналуудыг нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн бодитой санал санаачилгууд ирсэн гэж харж байгаа. Бид цаашид аль бүлэгт ямар бодлого явуулах вэ гэдгийг тухайн нийгмийн бүлгүүдэээс гарсан санаачилга дээр тулгуурлан боловсруулсан учраас цаашид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд тухайн хүмүүст илүү их үр өгөөжөө өгөх байх аа хэмээн найдаж байна. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ахмад эмч нарын холбоо гэх мэт олон төрийн бус байгууллагуудаас мөрийн хөтөлбөрт тусгуулах саналуудаа ирүүлсэн. Эдгээр саналуудыг бид бүхэн тусгайлан хүлээн авч мөрийн хөтөлбөрийнхөө гол гол бүлгүүддээ тусгаж өгөхөөр ажиллаж байна. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гуравдугаар сарын 21-нд ҮБХ-ны ээлжит хурлаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж гишүүдийн саналаар дэмжигдвэл Төрийн аудитын газар хуулийн хугацаанд хүлээлгэж өгнө. Энэ хэлэлцүүлгийг мөн цахимаар зохион байгуулна.

-Ардчилсан намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн онцлог, давуу тал нь юу байх бол?

-Одоогийн эрх барьж байгаа МАН-ын мөрийн хөтөлбөр 10 хүрэхгүй шахуу хувийн биелэлттэй явж байгаа. Тэр дундаа улс орон, ард түмний амьдрал, эдийн засагт чухал ач холбогдолтой үндсэн заалтууд огтоос хэрэгжээгүй. Энэ бол хэрэгжих боломжгүй, тооцоо судалгаагүй, үндэслэлгүй, хоосон хий амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаснаас үүдэлтэй. Цаасан дээр харагдах байдлаараа олон сайхан ажил хийх мэт харагдах боловч цаанаа ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй мөрийн хөтөлбөр цаашаа явдаггүй юм аа гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа, ард түмэн дүнгээ удахгүй тавих гэж байна.

Энэ удаагийн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам илүү бодит ажлын төлөвлөгөө гаргаж байгаа. Мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн улс орон, ард түмэнд үр өгөөжөө өгөх, хэрэгжих боломжтой ажлуудыг тусгах болно. Ирээдүйд манай улс дэлхийн хөгжиж буй улс орнуудын нэгэн адил хөгжих бололцоог нэмэгдүүлсэн мөрийн хөтөлбөр гаргахаар төлөвлөж байна.

-Мөрийн хөтөлбөр гэдэг бол сонгуулийн дараа иргэдийн итгэлийг хүлээсэн нам эвслийг бүрдүүлсэн Засгийн газрын ирэх дөрвөн жил баримтлах бодлогын салшгүй хэсэг болно. Эргээд ард түмэн үнэлгээгээ тавина. Тиймээс бодитой байх нь чухал байх?

-Ардчилсан нам 2012-2016 онд засаг барьж байхдаа мөрийн хөтөлбөрөө хэрхэн яаж биелүүлснийг ард түмэн мэдэж байгаа. Олон бодит ажлуудыг хийсэн. Үүнд тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал, мөрийн хөтөлбөр нь бодит тооцоо судалгаан дээр суурилсан нь нөлөөлсөн. Тухайн үеийн Засгийн газар гаргасан бондуудаа үр ашиггүй зүйлд цацаад өнгөрөх биш бодит ажил болгосны үр дүнд улс орон, ард түмэнд үр өгөөжөө өгсөн. Ардчилсан нам засаглаж байх хугацаандаа мөрийн хөтөлбөрөө Засгийн газар, УИХ, бүх шатны байгууллагуудын түвшинд хэрэгжүүлж чаддаг гэдгээ харуулж чадсан. Тиймээс ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд барьж орох манай намын мөрийн хөтөлбөр бол эдийн засгийн судалгаанд суурилсан, бодит тооцоолол бүхий, бүрэн гүйцэт биелэх бололцоотой хөтөлбөр гэж бид харж байгаа. Түүгээрээ ч онцлог. Улс төрийн намууд Сонгуулийн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө олон нийтэд ил болох үед та бүхэн манай намын мөрийн хөтөлбөртэй илүү сайн танилцах боломж бүрдэх байх аа.

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан зохион байгуулах боломжгүй байгаа нь улс төрийн намуудын сонгуулийн бэлтгэл ажилд нөлөөлж байна уу?

-Улс төрийн намуудын сонгуульд чиглэсэн ажлууд хуулийн хугацаандаа багтаж хийж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Иргэд мэдээллийн эрин зуунд хэвлэл мэдээлэл, сошиал медиад идэвхтэй байгаа учраас энэ төрлийн мэдээллийн сувгуудыг ашиглах талаар манай нам анхаарч ажиллаж байна. Энэ удаа сонгууль өгөх насны иргэдийн дийлэнхийг залуучууд бүрдүүлж байгаа учраас сонгуулийн ирцийг бүрдүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэхэд бусад намууд, Сонгуулийн ерөнхий хороотой манай нам хамтран ажиллахад бэлэн байна. Сонгууль хойшлох асуудал одоогоор яригдаагүй ч гэлээ төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль хугацаандаа болж, ард түмэн сонгуульдаа идэвхтэй оролцож дүнгээ тавьж дараа дараагийн ажлууд хуулийн хугацаандаа цаг хугацааны хувьд явагдах байх гэдэгт найдаж байна.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин"