БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭД УРДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачлагаар Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 10, 12 дугаар хорооноос эхэллээ.  Дотор, эхо, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмч нар иргэдэд үйлчлэхээс гадна ясны сийрэгжилт, лабораторийн шинжилгээ зэрэг урдчилан сэргийлэх оношлогоонд Баянгол дүүргийн 23 хорооны зорилтот бүлгийн иргэд хамрагдах юм.

Тус дүүргийн ахмад настан, амжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бөгөөд эмч нар хэвтрийн өвчтөнүүдэд хүрч ажиллах юм байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэснээр тэр бүр эмнэлэгт үзүүлэх боломжгүй иргэд үзлэг, оношлогоонд хамрагдах, шаардлагатай тохиолдолд эмчлүүлэх боломж бүрдэх аж. Тус дүүрэгт долоон жилийн өмнөөс “Эрүүл Баянгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд шинээр эмнэлэг барих зэргээр эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллажээ.