Д.Пүрэвдаваа: Ардчилал бидэнд хувийн өмчтэй байх боломж олгосон

Ардчилсан намын Бүс нутгийн хөгжил, хот төлөвлөлт, барилгын бодлогын зөвлөлийн дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.

-Сүүлийн 30 жилд Монгол Улсын барилгын салбарт чухам ямар өсөлтүүд бий болж, хэчнээн хүн орон сууцтай болсон талаар ярилцлагаа эхэлье ?

-Ардчилал гэдгийг би эрх чөлөө гэдэг үгтэй утга нэг гэж ойлгодог. Харин хүн хувийн өмчгүйгээр эрх чөлөөтэй байх үндэсгүй юм. Сүүлийн жилүүдэд буюу ялангуяа 2016 оноос хойш Ардчилсан намыг үгүйсгэх, ардчилсан хувьсгалаас бий болсон ололтуудыг бүдгэрүүлэх гэсэн оролдлогуудыг эрх баригч нам олон удаа гаргаж байна. Иргэн миний хувьд ардчиллаар маш олон ололтууд бий болсон гэж хардаг. Үүний нэг нь орон сууц юм. Жишээгээр, 1960 онд Монгол Улс нэг сая хүн амтай байхад 6000 орчим өрх буюу ердөө 2.2 хувь нь л орон сууцтай байсан. Социализмын ид бүтээн байгуулалтын он жилүүд болох 1960-1990 оны хугацаанд 89 орчим мянган орон сууц баригдсан байдаг. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө гэдэг улсын өмч байсан. Харин 1990 онд ардчилсан хувьсгал бий болж, зах зээлийн эдийн засагт шилжиж, 1992 онд Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хоёрдугаар заалтад Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өвлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. 1990-2019 оны хооронд Монгол Улсад нийт 197 мянган орон сууц баригдсан. Энэ нь өмнөх 30 жилтэй харьцуулахад 2.2 дахин их байна гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.6 хувийг барилгын салбар дангаараа эзэлж байгаа. Үүнийг ардчиллаар бий болсон өсөлтийн томоохон үр дүн гэж харж байна. 

-Орон сууцтай болох гэсэн иргэдийн хүсэл 1990-2019 оны хооронд биелсэн нь тоо баримтаас харагдаж байна. Тэгвэл Ардчилсан нам иргэдээ орон сууцжуулах ямар ажил хийснийг та онцлох бол?

-Ардчилал бидэнд хувийн өмчтэй байх боломжийг олгосон. Тодруулбал, 1990 онд ардчилал ялсны дараа өмч хувьчлалыг Ардчилсан нам эхлүүлсэн. Малыг малчдад нь, хот суурин газрын иргэдэд орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчилж чадсан явдал бол яах аргагүй онцлох ажил байсан. Мөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Ардчилсан нам амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2008 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхдаа “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг УИХ-аар батлуулсан. Өнөөдрийн яригдаад байгаа хотын хэт төвлөрөл, ачаалал зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх хөтөлбөрийг санаачилсан байдаг. 2010 оноос хөтөлбөр хэрэгжиж эхлээд 2012 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байх үед энэ хөтөлбөр маш сайн хэрэгжсэн гэж би хардаг. Хөдөө орон нутагт ч гэсэн үр дүнтэй олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Тухайлбал, сумаас аймаг, аймгаас хот руу шилжих шилжилт хөдөлгөөнийг сааруулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлсэн байдаг. Статистик судалгаагаар 2010-2019 оны хооронд 164 мянган гаруй орон сууц баригдсан. Мөн Улаанбаатар хотыг дахин төлөвлөж дагуул хотыг бий болгох асуудлыг ч “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-т тусгасан байдаг.

-Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, дагуул хотууд бий болгосноор гарах бодит үр дүнг та хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд хамгийн боломжит хувилбар бол дагуул хотууд, засаг захиргааны өөр хотыг байгуулах хэрэгтэй байгаа юм. Яагаад гэхээр манай улсын нийт хүн амын 50 шахуу хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, бид Монгол Улсын нийт газар нутгийнхаа 0.3 хувьд нь л бөөгнөрөөд байна гэсэн үг.
Манай улсын хувьд дагуул хотуудыг бий болгож дөрвөн хайрхан уулынхаа дунд төвлөрөх бус тэлж суурьших хэрэгтэй байгаа юм. Миний харж байгаагаар, Богд уулаа тойрч амьдрах нь хамгийн боломжит хувилбар. Яагаад гэхээр Улаанбаатар хот маань зүүнээс баруун руугаа сунасан хэлбэр, бүтэцтэй байгаа. Тэгэхээр Улаанбаатараас Налайх чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчилсэн, мөн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан авто замын асуудал нэг үеэ бодвол харьцангуй шийдэгдсэн. Тиймээс хуучин нисэх, Өлзийт хороолол, Аэро сити, Төв аймгийн Зуун мод хот, Майдар хот, Налайх гээд суурин газрууд, дагуул хотуудыг бий болгох юм бол Улаанбаатар хотын ачаалал буурна гэсэн байр суурьтай байна.

-Одоо байртай болох ганц боломж нь банкны лизинг л байх шиг байна?

-Ардчилсан намын хийсэн хамгийн том ололт бол иргэдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн боломжийг олгосон явдал. 2008 оноос Ипотекийн зээлийг олгож эхэлсэн байдаг ч 2013 оноос ипотекийн зээл эрчимтэй олгогдож байсан бол 2016 оноос зээл эрс буурсан байдаг. Гэхдээ 2019 оны байдлаар нийт 96 орчим мянган өрх ипотекийн зээлийн нөхцөлийг хангаж орон сууцанд орсон байна.

-Тэгвэл үлдэж байгаа хэсэг буюу ипотекийн зээлийн нөхцө­лийг хангаж чадаагүй иргэдэд байртай болох боломжийг та яаж харж байна бэ?

-Нийгмийн даатгал төлдөггүй, тогтсон ажлын байргүй хүмүүсийг төрөөс түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулна гэсэн зарчмаар Засгийн газар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 1542 түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан. Үүний 972 нь Улаанбаатар хотод, 570 нь орон нутагт ашиглалтад орсон. Түрээсийн орон сууц хөтөлбөр бол урьдчилгаа төлбөр хуримтлуулах боломжгүй иргэдэд санал болгож байгаа зөв зүйл гэж хардаг. Жишээгээр, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд хуримтлал бий болгох боломж бага байдаг.

-Улстөрч хүний хувиар та эрх барьж байгаа намын барилгын салбарт барьж байгаа бодлого, баримталж байгаа зарчимд ямар үнэлэлт өгөх бол?

-МАН бол зүүний чиглэлийн нам. Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Тэгэхээр хоёр намын үйл ажиллагааны чиглэл маш тодорхой гэсэн үг. Зүүний бодлогын нам төр барихаараа аль болох бүх зүйлийг төрийн болгох гээд байдаг. Өөрөөр хэлбэл, төр хамгийн том захиалагч болж, төр хамгийн том компани болж дарж, төр хамгийн том ажил олгогч, мөн хамгийн том халамж тараагч болчих гээд байдаг. Тэгэхээр төрийн компанитай өрсөлдөх хувийн компаниудад маш хүнд тусдаг.
Жишээлбэл, барилгын салбарт л гэхэд компаниуд өнөөдөр зах зээлийн зарчмаараа захиалга аваад, барилга бариад, ажлын байр бий болгоод, техник тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд явах байтал Төрийн орон сууцны корпорац гээд маш том компани гарч ирээд давуу эрх эдлээд байдаг. Санхүүгийн хувьд л гэхэд төрд хүү, төлбөр төлөх нь харьцангуй бага болохоор зах зээлийн үнийг хэт бууруулаад ирэхээр ажил олгогч нарт хүндрэл гарч эхэлдэг. Ер нь бүхий л салбарыг төрийн болгох, хувийн өмч хөрөнгө гэдгийг аль болох багасгах, хураах чиглэл рүү явж байгаа нь харамсалтай.
Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөө, орон зай, хүний өмчийг хадгалах ёстой гэсэн үзэл санааг баримталдаг нам. Хэрэв 2020 оны сонгуульд Ардчилсан нам олонх болох юм бол төрийн том бүтцийг аль болох хувийн хэвшил рүү шилжүүлж, төр цомхон, ухаалаг менежменттэй нэгж байх тал дээр анхаарал хандуулж ажиллана.