Ардчилсан нам “Өрхийг дэмжсэн Өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ

Үндэсний аудитын газар УИХ-ын сон­гуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөл­бөрийг өчигдөр (2020.03.24) хүлээн авч ажиллалаа. Учир нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам, эвслүүд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэс­ний аудитын газарт хүргүүлэхээр заасан билээ. Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт   гардуулж өгөв.


Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч тусгаснаараа онцлог болсон байна.

Түүнчлэн намын төлөөлөн удирдах байгууллага болох Үндэсний бодлогын хорооны салбар хороодоор хэлэлцүүлж, мэргэжлийн баг хамт олон, эрдэмтдийн саналыг авчээ. Ингээд Үндэсний бодлогын хороогоор хоёр удаа хэлэлцүүлэн баталсан аж. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруу­лах, баялгийн хуваари­­лалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтсан байна. Иргэдийн амьжиргааны түвшинг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрсний бохирдол, орон сууц, боловсрол, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудал зах зээлийн эдийн засгийн зарчмаар шат дараатай шийдэгдэж, Монгол Улс дан ганц уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаас гарч, олон талт эдийн засгийн суурь тавигдана гэж үзжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсны дараа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах аяныг орон даяар зохион байгуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал -Та бүхэнтэй уулзаж байгаад баяртай байна. Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга бидний нөхөд ирлээ. Ардчилсан нам Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын дагуу УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ мөрийн хөтөлбөрөө та бүхэнд өгч байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Ардчилсан намын дүрэмд заасны дагуу Үндэсний бодлогын хороодоор хэлэлцүүлсэн. Тэгэхдээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хоёр удаа цахим хурал хийж баталсан. Энэ цахим хурлын ирц маш сайн байсан. Нийт оролцох ёстой хүмүүсийн 90-ээс дээш хувь нь цахимаар хуралдсан. Ингээд Ардчилсан нам УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж албажуулсан учраас Үндэсний аудитын газарт гардуулж өгч байна. Та бүхэн танилцаад санал дүгнэлтээ гаргаж өгнө гэж найдаж байна. Бид Үндэсний аудитын газарт боловсруулсан мөрийн хөтөлбөрөө гардуулж өглөө. Хуульд зааснаар аудитын байгууллага тав хоногт хянаад дүгнэлт гаргах ёстой. Өөрөөр хэлбэл хуульд заасан хязгаарлалтуудыг зөрчсөн эсэхийг үзнэ. Аудитын дүгнэлт албан ёсоор гарсны дараа мөрийн хөтөлбөрт ямар ямар асуудлыг шийдвэрлэхээр тусгаснаа дэлгэрэнгүй мэдээлнэ. Товчхон хэлэхэд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, хөгжлийн бодлогын гол цөм бол өрх бүл байх юм гэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис: -Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн тавд заасны дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч аудит хийлгэх учиртай. Хуульд “Сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д нийцсэн байх ёстой” гэж заасан. Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцэх учиртай юм. Өөрөөр хэлбэл аливаа нам эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ улсын төсвийг савлуулахгүй, тогтвортой байдлыг нь алдагдуулахгүй байх хязгаарыг анхаарах хууль юм. Ийм учраас Үндэсний аудитын газар хуульд нийцүүлж ажиллах болно. Энэ хүрээнд Ардчилсан намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг албан ёсоор хүлээж авлаа.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа: -Ардчилсан нам Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэсний аудитын газарт гардуулж өгч байна. Бид намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн шаардлагад нийцүүлсэн. Үүнээс гадна сонгуульд оролцож байгаа улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан баримтлах ёстой хуулийн хязгаарлалтуудыг хангасан байгаа. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 гэсэн үндсэн баримт бичгийн зорилтуудыг тусгасан. Мөрийн хөтөлбөрийн цөмд нь Монгол Улсын хөгжлийг богино хугацаанд тооцоотой өсгөх тухай загвар шингэсэн. Бид энэ өсөлттэй тооцоо, загварыг гаргахдаа Монгол Улсын бүх хууль дүрмийг баримталж үндэслэлтэй судалгаа хийсэн гэдгээ илэрхийлж байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” гэдэг нэртэй. Бидний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт орж өсөлт авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бүтээдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр өнөөдөр түүхий эд, баялгаа түүхийгээр нь экспортолж байгаа. Тэгвэл түүнийгээ боловсруулдаг, үйлдвэрлэдэг байхаар хөгжлийн загвараа тодорхойлсон. Гол өсөлт авч ирдэг үйлдвэрлэгч баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ. Монгол айл өрх, хүн бүрийг дэлхийн дундаж орлоготой болоход манай мөрийн хөтөлбөр бүхэлдээ чиглэгдсэн байгаа. Иргэд өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орчинд амьдрах орлогын эх үүсвэрийг бий болгож өгнө.