АЭХ, "Охидын түүх" ТББ зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх уриалга гаргалаа

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо", "Охидын түүх" ТББ хамтран амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, ганц бие өндөр настнууд, өрх толгойлсон эхчүүдэд зориулсан дархлаа дэмжих хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газарт хандан уриаллаа. Дэлхий даяар тархсан цар тахлын тохиолдол манай улсад бүртгэгдээд байгаа тул Монгол Улсын Засгийн газрын зүгээс зорилтот бүлгийн иргэдийн хүнс тэжээлийн асуудалд анхаарлаа хандуулж, тодорхой арга хэмжээ авч ажиллах нь чухал байгаа юм. Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг эрсдэл багатай даван туулахын тулд зорилтот бүлгийн иргэд рүүгээ чиглэсэн бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.

Харин манай улсын хувьд Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагууд энэ чиглэлд анхаарч бодит ажил эхлүүлээгүй бөгөөд шинэ корона вирусын улмаас орон даяар хөл хорио тогтоосноос хойш долоон хүүхэд гэртээ амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

НҮБ-ын Хүүхдийн сан 24 цагийн цэцэрлэгт хамрагддаг 2-5 насны 2000 орчим хүүхдийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 17 хувь нь буюу 300 орчим хүүхэд өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа нь тогтоогджээ. Улмаар олон улсын байгууллагууд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 200 гаруй өрхөд тусламж үзүүлээд байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эцэг, эх, 40 орчим мянган ганц бие өндөр настан аж төрж байна. Үүний зэрэгцээ 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс хүүхэдтэй амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 40 гаруй мянган өрх бий.