ҮЗЭЛ САНААНЫ МАРАФОН БУЮУ IDEATHON

...“Улс төрийн нам үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй байж зөв бодлоготой болно. Үүний тулд суралцах, хэлэлцэх, зөвшилцөх, ойлголтоо нэгтгэхээс аргагүй. Амаргүй ч нэн чухал энэхүү гэрийн даалгавараа намууд алгасаж ирснээр улс төр зөвхөн албан тушаалын төлөөх өрсөлдөөн болж хувирсан. Одоо гэрийн даалгавараа чамбай хийх цаг нь болсон” хэмээн хуульч Х.Номингэрэл ярилаа.

Энэ бол өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилсан намын Үзэл баримтлалаа танилцуулах сургалтын үеэр өрнөсөн яриа. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн намын хорооны гишүүдээс бүрдсэн 30 хүн хоёр өдрийн турш вакумжсан сургалтад хамрагдаж, намынхаа IX их хурлаар батлагдсан Үзэл баримтлалын хүрээнд нээлттэй ярилцаж, санал солилцсон юм. Сургалтад хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид, ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл, М.Чимэддорж, Б.Ган-Очир, О.Эрдэнэ-Өрнөх, П.Мөнхтулга, С.Санасэр нарын “Эрх чөлөө” хөдөлгөөний залуус оролцож, аймаг, дүүргийн гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Сургалтын үеэр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн С.Санасэр “Үзэл баримтлал, зарчимд тулгуурласан нэгдэл хүчтэй, тогтвортой, үр дүнтэй бодлогыг бий болгож, хөгжил рүү чиглүүлдэг. Ардчилсан нам Үзэл баримтлалаа ойлгуулах, таниулах, сургагч багшийг бэлтгэх ажил эхэллээ. Бидний өмнө урт хугацааны маш төвөгтэй олон сорилт байгаа ч хөгжлийг бид засаглалын хувьд ул сууриар нь ингэж хийнэ гэдгээр эхлүүлж байгаа нь маш том алхам юм” гэв.

 

 

Ардчилсан намын дэргэдэх “Хариуцлагатай Ардчилал” сан, КАС (Конрад Аденауэр сан)-тай хамтран зохион байгуулж буй сургалтад хамрагдагсад индэр дээрээс хэн нэгний яриаг сонсох бус өөрсдийн оролцоонд тулгуурлан, тодорхой жишээнүүд дээр ажилласан нь онцлог байв.

 

Сургалтанд эхний ээлжинд 30 хүн хамрагдсан бөгөөд цаашид 30, 30-аар багцлан намынхаа нийт гишүүдэд Үзэл баримтлалаа сурталчлан, таниулах зорилго өвөртөлжээ. Орон нутгаа төлөөлөн ирсэн гишүүд энэхүү сургалтанд хамрагдсанаар сургагч багш болон бэлтгэгдэж, сертификат гардах юм. Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах, түгээн дэлгэрүүлэх аян ирэх сард эхэлж, орон даяар үргэлжилнэ.

 

Ц.Уртнасан: Ардчилсан намын 200 мянган гишүүний нэгдэх үнэт зүйл бол Үзэл баримтлал юм

 

/Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга/

 

-2016 оны сонгуулийн дараах нөхцөл байдлыг та бүхэн санаж байгаа. Намын үйл ажиллагааг шинэчлэх, дүгнэлт хийх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс ч Ардчилсан намын нийт гишүүд нэг зүгт харах, үнэт зүйлээ тодотгож, нэгдэх шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэтгэн боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хоёр жил зургаан сарын хугацаанд боловсруулах, зөвшилцөх, бүх шатанд хэлэлцүүлэх процесс үргэлжилсэн. Үүний дараагаар 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн дагуу Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр эрх зүйн чадамжтай бичиг баримт болсон. Намын бүх шатанд Үзэл баримтлалыг таниулах, сургалтын хөтөлбөрүүд боловсруулах өргөн хүрээтэй аяныг орон даяар эхлүүлж байна. Үзэл баримтлалаа шинэтгэн баталснаар Ардчилсан намын эв нэгдлийг хангах, судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Бүхэлдээ Монгол Улсын хөгжил, дэвшилд томоохон хувь нэмэр оруулах, Монголын улс төрд шинэ соёл авчирсан үйл явдал болсон гэж үзэж байгаа. Ардчилсан намын Үзэл баримтлал бол ямар нэгэн баримт бичиг биш, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд баримтлах зарчим юм. Нийгмийн үнэт зүйл, соёл болгон хэвшүүлэх гээд байгаа зарчмуудыг олон нийтэд таниулах, ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх нь чухал.

 

Х.Тэмүүжин: Үзэл санааны шууданч нь болох ёстой

 

/Хууль зүйн сайд асан/

 

-Ямар ч үзэл санаа өдөр тутам өрсөлдөөнд орж, шүүн хэлэлцэгдэж, алдаа байвал засагдаж, тэмүүллээ тодотгох ёстой. Ардчилсан нам Үзэл баримтлалаа тодотгож, 1990 оноос эхлэлтэй үйл явцуудынхаа юу нь үнэ цэнэтэй вэ, юун дээр алдав, цаашид юу хийх ёстой вэ гэдэг дээрээ хоёр жил гаруйн хугацаанд ажиллалаа. Үр дүнд нь Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан. Энэ бол шинэ зүйл биш. Тэмүүлж байсан Үзэл санаагаа тодотгож, зарчмуудаа бэхжүүллээ, юу нь илүү үнэ цэнэтэй вэ гэдгийг эрэмбэ дараагаар нь цэгцэллээ. Монгол Улс хөгжинө гэж байгаа бол Ардчилсан намын Үнэт зүйл зарчмуудад түшиглээд хөгжлийн ямар бодлого байх ёстой вэ гэдгээ төлөвлөх шаардлагатай болж байна. Үүнтэй уялдаж, нам доторх Үзэл баримтлалын салхи шинээр сэвэлзэж, цаашид илүү хүчтэй салхилах байх. Аливаа сургалтыг зохион байгуулахдаа ихэвчлэн индрийн араас, хурлын гоё ганган үгээр хэлэлцдэг. Эсвэл нэг ухаантай хүн лекц унших байдлаар бусад нь сонсогч байдлаар өрнөчих гээд байдаг. Тиймээс хүн бүрийн зүрх сэтгэлд лугшиж байгаа үзэл санааг нь гаргахын тулд илүү идэвхтэй сонсогч, яригч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэгч, оролцогч байх талаас нь анхаарч энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Үзэл санаагаа додомдоод дахин нэг сэргээн сонссон хүмүүс сонсогч болоод өнгөрөх бус түгээгч нь байх ёстой. Үзэл санааг цааш түгээх шууданч нь болох ёстой. Энэ сургалтанд хамрагдсан хүн бүхэн итгэл үнэмшлээ дотроо хадгалах бус гадагш гаргаж, үйл хэрэг болгогч болгохын тулд зохион байгуулж байгаа сургалт юм. Орчин үеийн улс төрийн намууд өөрсдийгөө эрх мэдэлд хүрэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл гэж харахгүй байгаа. Албан тушаал авах замаар, эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс нэгдсэн зохион байгуулалт ч гэж үзэхгүй байна. Орчин үеийн улс төрийн намууд юу гэж үзэж байна гэхээр нэгдүгээрт нам бол хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл санаан дээр суурилна. Хоёрдугаарт улс төрийн эрх мэдлийг авахдаа бодлого тодорхойлогч байх, гуравдугаарт манлайллыг үзүүлдэг нийгмийн хүч байх ёстой гэж үзэж байгаа. Эдгээрийг хөгжүүлэхийн тулд тооцоо, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох бүтэц улс төрийн намд хэрэгтэй. Үүнээс гадна хүмүүсийг нэгтгэж, итгэл үнэмшил болгосон Үзэл баримтлалаа өдөр тутамдаа түгээгч, сурталчлагч, таниулагч байх ёстой. Мөн иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намын дэргэд судалгаа хийдэг, сургалт зохион байгуулдаг, олон нийтийг соён гэгээрүүлдэг бүтэц байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Ардчилсан нам дэргэдээ “Хариуцлагатай Ардчилал” сан байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр төлөвлөөд байна. Үндсэндээ энэ удаагийн сургалт бол “Хариуцлагатай Ардчилал” сангийн үйл ажиллагааны эхлэл нь. Цаашид илүү далайцтай ажилладаг бүтэц бий болно гэсэн үг. Ер нь улс төрийн намуудын уураг тархи нь намд ойр сангууд байдаг.

 

Б.Мөнгөн-Эрдэнэ: Улс төрийн намын Үзэл баримтлал бол бидний луужин юм

 

/Хөвсгөл аймгийн Ардчилсан намын Дэд дарга/

 

-Анхан, дунд шатны намын байгууллагуудын төлөөлөл энэ удаагийн сургалтад хамрагдаж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Цаг үеэ олсон сургалт болсон гэж үзэж байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр Улс төрийн намын Үзэл баримтлал шинэчлэгдэж, сайжирч байх ёстой. Хүмүүс улс төрийн намыг засгийн эрх авах зорилготой гэж хардаг. Гэтэл засгийн эрх авах замаар хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг институци нь улс төрийн нам шүү дээ. Тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох луужин, зүг чиг нь улс төрийн намын Үзэл баримтлал байдаг. Тиймээс ч гишүүд, дэмжигчиддээ ойлгуулан, таниулах нь чухал. Өөрөөр хэлбэл, биднийг чиглүүлэх луужингаа бүтээж байна гэж харж байгаа.