Ц.Баатархүү: Ардчилсан нам улстөрийн манлайлал үзүүлж та бүхэнд ялалтын урилга, эв нэгдлийн уриалгыг хүргүүлж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр /2020.04.13/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Юуны өмнө Монголын нийт ард түмэн болон журмын нөхөддөө Ардчилсан хувьсгалын30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ардчилсан нам 1996 онд анх удаа төр засгийг 76 жил захирсан МАХН  буюу өнөөгийн эрх баригч намыг ялж, Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг төрийн бодлогын түвшинд авчирсан. Гэвч 2000 онд Ардчиллын төлөөх намууд тав салж сонгуульд оролцоод ялагдаж байсныг та бүхэн мартах учиргүй. Тиймээс ч Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа нийт иргэддээ, Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад,  ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхөддөө, Ардчилсан намаас тусдаа гарсан  улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш. Ардчилсан намтай нэгдэн ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, 2016 оноос хойш бүх шатанд хэт олонхи болсон хяналтгүй, амлалтаа хэрэгжүүлээгүй, 60 тэрбум, ЖДҮ-ийнхэн гэж хуваагдсан   эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоох уриалгыг хүргүүлж байгаа юм. 2020 оны сонгуульд Ардчилсан нам эв нэгдлийг эрхэмлэнэ. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй.

Мөн Ардчилсан нам санхүүжилтээ шилэн болгосон шиг бусад улс төрийн намууд нэн тэргүүнд санхүүжилтийнхээ тогтолцоог нээлттэй болгох уриалгыг хүргүүлж байна.  Бусад улс төрийн намууд санхүүжилтээ ил тод болгож олон нийтэд мэдээлэх ёстой.  Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам мөнгөний бүлэглэл, олигархиудаас ангид байх ёстой. Тиймээс ч Ардчилсан нам татварын хэмжээгээ тогтоосон. Ардчилсан намд нууж, хаах зүйл байхгүй. Нэгэнт сонгуульд зардал гарах нь тодорхой. Харин бусад улс төрийн намууд сонгуулийн зардлаа хэрхэн босгож байгааг тодруулах хэрэгтэй.

2020 оны сонгуульд намууд хэдэн төгрөгийн төсөв санхүүгээр сонгуульд оролцохоо зарла. Ялангуяа эрх баригч нам эдийн засгийн хүнд үед төсвөө тодотгохгүй үр ашиггүй зүйл хийх нь бид хардаж байна. Нийслэлд төв талбайн ногоон байгууламжийг нь устгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байна. Үүнийг олон нийт эсэргүүцээд байхад хийнэ гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Тиймээс намууд санхүүжилтээ шилэн болгохыг шаардаж байна. Ардчилсан нам жил бүр Аудитын байгууллагаар санхүүжилтээ шалгуулдаг" гэлээ.