Ардчилсан намын зөвлөл НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-04-13/ хуралдаж дараах дөрвөн асуудлыг хэлэлцэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал,

Нэгдүгээрт: Монгол улсын 2020 оны улсын нэгдсэн төсвийн 1-р улирлын зарлага болон бараа бүтээгдэхүүний  экспортын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулах саналыг УИХ-ын даргад  хүргүүлэхээр албан бичгээ өглөө.

Хоёрдугаарт: Ардчилсан намын зөвлөлөөс коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн яаралтай арга хэмжээг авах тогтоолын төслийг санаачилж, Засгийн газраас саналыг нь авахаар хүргүүлсэн. Төсөлд таван бүлэг, 38 арга хэмжээ тусгасан. Уг төсөлд Засгийн газар яаралтай саналаа өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлнэ гэлээ.

Гуравдугаарт: Монгол улсаас гадаад улсад түр хугацаагаар зорчсон болон гадаад улсад сурч байгаа иргэдийн эрхийг хамгаалах нь Монгол төрийн хийх ёстой чухал ажлуудын нэг. Тиймээс авах арга хэмжээ, санхүүгийн талаарх тооцоо судалгааг ойрын хугацаанд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг Ардчилсан намын зөвлөл дэмжиж, өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.  НӨАТ-ын татварын эцсийн хэрэглэгч нь ард иргэд өөрсдөө байдаг учир коронавирусын цар тахлын үед иргэдээ эдийн засгийн хүндрэлээс хамгаалах гол арга хэмжээний нэг юм. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтанд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай шийдвэрлэх учраас Ардчилсан намын зөвлөлөөс дэмжин ажиллах тухай мэдэгдлээ.