Б.Пунсалмаа: Дотоодынхоо түүхий эдээр савангаа үйлдвэрлэж өртгийг 8000-аас 800 төгрөгт бууруулж чадсан

Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаатай уулзаж ярилцлаа.

-Бизнес эрхлэгч эмэгтэй яагаад улс төрийг сонирхож сонгох болов гэдгээс яриагаа эхэлье?


-Миний хувьд хориод жил бизнесийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийгөө даван гарч өөрөөр хэлбэл сайн, муугаа таньж учраа олсон гэж хэлж болно. Монголчууд биеэ засаад гэрээ зас гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг л өөрийнхөө хэмжээнд чаддаггүй байсан юмаа чадаад бусад хүмүүсийн асуудлыг шийдэлцээд компани удирдаж ирлээ. Манай улсад жилээс жилд инфляц өсч, амьжиргааны түвшин доройтож байгаа нь бизнесийн салбарт хамгийн түрүүнд мэдрэгдэж долгион үүсгэдэг. Түүнээс гадна би энэ нийгмийн дунд амьдарч байгаа хүний хувьд өдөр бүхэн харж мэдэрч явна. Хүн л юм чинь энэ асуудалд санаа зовно, сошиалд үзэл бодлоо илэрхийлнэ. Гэтэл энэ дуу хоолой маань тийм ч олон хүнд хүрч чаддаггүй. Ганц миний дуу хоолой далайд дусал болоод л чимээгүй шингэдэг юм байна гэж ойлгосон. Дээр нь “Чи компанийхаа ажлыг хий л дээ, өөр юманд санаа зовох ямар хэрэгтэй юм” гэх хүмүүс ч байсан. Гэхдээ энэ улсад нэгэнт монгол хүн болоод төрчихсөн юм чинь эргэн тойрондоо санаа зовохгүй яаж чихээ бөглөөд, нүдээ таглаад явж чадах юм бэ. Бид бүгд л санаа зовдог шүү дээ. Иргэн хүнийхээ зүгээс ганцаараа санаа зовоогүй учраас өөртэйгөө ижил үзэл бодол, санаа зорилготой олон хүнтэй нэгдэж, хамтарч улс төрийн зүгээс дуу хоолойгоо гаргах нь зөв гэж бодсон.Зөвхөн дуу хоолойгоороо ч биш хийж чадах юм байвал хийх хэрэгтэй гэж шийдсэн.

-Яагаад таны сонголт Ардчилсан нам байв?

-Би ардчилсан үзэлтэй хүн. Ардчилсан үзэл санаа бол иргэн бүр чинээлэг амьдрах боломжтой байх ёстой гэсэн үзэл баримтлал гэж ойлгодог. Харин зүүний үзэл баримтлал бол танд төр халамж үзүүлнэ гэсэн л үзэлтэй шүү дээ. Баруун төвтэй намууд дэлхий дахинд хүн ажиллаж амьдрах, хөгжих боломжийг төр тавьж өгөх ёстой гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Иргэд нь чинээлэг болоод ирэхээрээ тэр халамжийг хүртэгсэдийг халамжлах баялгийг бүтээнэ. Бусдаар ажиллаж, амьдрах, хийж бүтээх хүсэл зорилготой хүний боломжийг боомил­чхоод төр танд мөнгө өгнө өө гэж болохгүй.

-Энэ сонголтоо хэзээ­нээс хийж намын “гэр бүлд” нэгдсэн бэ?

-Хоёр жилийн өмнөөс л энэ шийдвэрээ сонголт болгосон. Олуулаа болж байгаад өөрчлөлтийг хийвэл илүү хүчтэй шүү дээ.

-Бодлогын хэмжээнд ажиллах хэрэгтэй юм байна, олуулаа болж байж өөрчлөх юм байна гэж хийсэн шийдвэрээ хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Би олон нийтийн байгуу­ллагуудад идэвхтэй ажилладаг л даа. JCI байгууллагад 2009 оноос эхлээд дэд ерөнхийлөгч хүртэл нь явсан. Мөн Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн танхим болон төрийн бус, олон нийтийн байгууллагад ажилладаг.
Манай гэр бүлийн хүн бас ардчилсан үзлийг дэмждэг. Манай гэр бүлийн хүн шууд л дэмжсэн. Надад ардчилсан үзэл санааг дэмждэг баг, найз нөхөд байсан учраас ер нь намынхаа үйл ажиллагаа руу оръё гэж шийдсэн.

-Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдсөн ту­хай­­­гаа?

-Надад компанийн ажлаас гадна олон нийтийг давлагаалуулах цар хүрээтэй ажлын төлөвлөгөө байсан. Энэ төлөвлөгөөгөө хэрхэн биежүүлэх вэ гэж бодож байх үед Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргад өрсөлдөх болсон. Би эхний хоёр сунгаандаа ялагдаж явсан л даа. Гурав дахь сунгааны өмнө өөртэйгөө ярилцсан. Нэгэнт л олон хүмүүсийн сайн сайхны төлөө төсөл бодож байгаа юм бол энэ төслөө бариад оръё, дээрээс нь заавал ялах ёстой гэсэн үүргийг өөртөө өгсөн. (инээв) Улс төр гэхээр олон нийтээс тусдаа ангид юм ерөөсөө ч биш. Харин ч эмэгтэйчүүдийн төлөө хийх ёстой том боломж гэж харсан л даа. Гурав дахь сунгаан дээрээ л дотор цохилж байсан зорилго мөрөөдлөө ялах зорилготойгоо нэгтгэж ил гаргаж тавьсан гэх үү дээ.

-Таны ямар зорилго, итгэл үнэмшилд итгэж НАЭХ даргаараа сонгосон гэж бодож байна вэ?

-Өмнө нь тайлбар хэлэхэд Ардчилсан нам бол хувь хүний эрх, эрх чөлөөний төлөө явдаг нам. Ардчилал ялаад 30 жил болж байна. Энэ хувьсгалыг зоригтой, зүрхтэй хувьсгалчид авчир­сан. Түүнээс хойш ардчилсан үзэл санаа бие дааж засагласан цаг хугацаа даанч бага. Ардчилсан нам хоёр удаа хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж байжээ. Бүхэл бүтэн бидний амьдралыг өөрчилсөн цаг үеийг авчирсан хүмүүс өөрсдийнхөө хүссэнээр засаглалыг хэрэгжүүлж чадаагүй гэж боддог.

Би Нийслэлийн АЭХ-ны сонгуульд оролцохдоо монголчууд бидэнтэй ижилхэн гараанаас гарсан Казахстан, Вьетнам зэрэг орнууд биднийг хол хаяад давхичихлаа. Бидэнд нэг алдаа байна. Тэр нь минийхээр бид 30 жил хэт өрсөлдөөний зах зээл рүү орчихжээ. Одоо бол хоорондоо өрсөлдөхгүй харин эсрэгээрээ нэгдэх хэрэгтэй гэдэг үзэл санаагаа хэлсэн. Монгол үйлдвэрлэгчид, монгол компаниуд нэгдэж байж үндэсний хэмжээний том компани, корпорацууд үүснэ.

Эд маань нэгдэж байж бид дэлхийд өрсөлдөх бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж тэдэнтэй өрсөлдөнө. Ингэж байж ардчилсан чөлөөт эдийн засаг хөгжинө гэдэг итгэл үнэмшилтэй хүн. Би үүний төлөө ажиллана гэдгээ л хэлсэн.

-Өрсөлдөөн яагаад муу гэж?

-Өрсөлдөөн муу биш хэзээ, хэнтэй гэдэг нь л чухал.

- Тэгвэл хэзээ, хэнтэй?

-Одоо. Дэлхийтэй өрсөлдөх хэрэгтэй.

-Корона гээд дэлхий тэр чигээрээ хямралын байдалтай байхад уу?

-Яг энэ цаг үед бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй.

-Та төслөө яагаад Чингисийн 10-тын систем­ээр зохион байгуулсан юм бэ?

-Монголчууд дээр үеэ­сээ зүйрлэшгүй сэргэг, сийрэг оюун тархитай хүмүүс. Үүнийгээ ч XIII зуунд баталсан. Тэр үед монголчууд Европыг нэгтгэж дахин сэргээж чадсан. Бидний тэр цаг хугацаа чинь өнгөрөөд одоо бидэнд үйлдвэрлэлийн шинэ үе ирээд байна. Энэ технологийн эрин үе маань XIII зуунд ирсэн шиг бидэнд дахин боломжийг авчирч байна. Ялангуяа яг одоо манай төр технологийн компаниудаа дэмжих ёстой. Яг энэ коронагийн үед гэр гэртээ гар утастайгаа дэлхийтэй холбогдсон байгаа үед технологийг бүр илүү ашиглах ёстой. Бид бүх түвшиндээ л нэгдэх ёстой.

-Монголчууд нэгдэж чаддаггүй хүмүүс, Мон­голд гурван сая Чингис амьдардаг гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Үнэхээр тийм үү, үгүй юү 10-тын системээр ажиллахад юу ажиглагдав?

-Монгол хүмүүс асар богино хугацаанд, асар хүчтэй энергийг зарцуулж амжилтад хүрч чаддаг гэж хэлмээр байна. Маш шийдэмгий эрс шийдвэр гаргаж чаддаг. Энэ бүтээлч чанараараа 10, 10-аараа оргилсон бүх давуу талуудаараа нэгдээсэй л гэж хүсч байна. Ийм чадвар байгаа. Багаар ажиллах чадвар бидэнд байгаа. Багаар ажиллаж чаддаггүй гэдэг шалтгаан нь бүгд ижил түвшиндээ, нэг ижил юм хийгээд байдагт гэж харсан.


-Бүх түвшиндээ нэгдэх ёстой нь үнэн. Гэхдээ яагаад гэдэг үндэслэл нь таныхаар юу вэ?

-Томоохон сүлжээ дэл­гүүр­­­үүдэд дүүрэн импор­тын бараанууд өрөөтэй байдаг. Гэтэл цаана нь таван кг варьен хийдэг Дулмаа эмээ, 10 кг варьен хийдэг Навчаа охин байж л байдаг. Энэ хоёрын хийсэн чанамалыг зах зээл нь технологи муутай, шил нь үйлдвэрийнх биш гээд голоод байна. Энэ хүмүүсийг нэгтгээд, энэ хүмүүс нь өөрөө нэгдээд төр дэмжээд технологижуулаад, стандартжуулаад өгөх юм бол сая зөв болно. Ингэж бид импортыг орлох ёстой. Бусдаар “Энэ бол чөлөөт зах зээл та нар яах учраа өөрөө ол” гээд хаячхаж болохгүй. Тэгэхээр хүмүүс бид өрсөлдөх л ёстой юм байна, хурдан давхиад яаж ийж байгаад өмнө нь л орох ёстой юм байна гээд яваад байна. Ингэж явсаар бид 30 жил маш их жижгэрчээ. Бид нэгдэж байж томорно. Неолиберализмийн онол буюу чөлөөт өрсөлдөөн буюу бүх юм чөлөөт гэж явж байгаад хэн чадалтай нь гарна гэдэг бол худлаа юм байна гэдгийг бид харж байна шүү дээ. Энэ онолыг дагаж дэлхий даяараа мухардалд хүрээд одоо эргээд өөр онолыг дагаж байна. Одоо гэтэл шэйр экономик, синержи экономик гэх мэт чиглэлд хөгжиж байна. Дэлхийн эдийн засаг маш хурдан өөрчлөгдөж байна. Тиймээс үүнийг дагаж төрийн бодлого, механизм маш хурдтай ажиллах хэрэгтэй болж байна.

-Гэхдээ төр шиг удаан, ужиг механизм алга байна шүү дээ?

-Түүнийг өөрчлөхийн төлөө л бид явж байгаа шүү дээ.

-Яагаад заавал та үүнд санаа зовж золиос гаргана гэж. Та өөрийнхөө бизнесийг хийгээд явж болно шүү дээ өмнө нь хүмүүсийн хэлснээр?

-Би тэр технологийг компанидаа оруулж ирээд ашиглаад эсвэл старт апп хөгжүүлээд явж болно. Гэхдээ монгол хүн байна даа гэдэг шиг энд тэнд гадаадад явж байхад цаанаасаа хор шар хөдлөөд байдаг юм. Ганц би ч биш монгол хүн бүрт л ийм цөс байдаг шүү дээ. Би 1000 хүний амьдралыг аваад явж чадахаа мэдсэн юм бол түүнээс олон хүний амьдралд сайнаар нөлөөлөхүйц юмыг хийж чадах юм биш биз дээ? Би эсвэл чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажиллах ч ёстой ч юм болов уу гээд зөндөө бодол төрнө.

-Дулмаа эмээ, Навчаа бүсгүй амьдрах гээд орлогоо нэмэх гээд өөр өөрийнхөөрөө жимсний чанамалаа хийж зардаг. Гэтэл стандартгүй, технологигүй, үйлдвэрийн бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гар дээрээс наймаа хийлээ гэх мэтээр хаагаад хориод хураагаад авчихдаг. Энд юу нь болохгүй байгаа гэсэн үг вэ?

-Төрийн бодлого буюу эко систем нь буруу байна гэж л хардаг. Хорьж хураахын оронд яаж энэ хүмүүсээ чадавхжуулах вэ, яаж технологижуулах вэ гэдэг дээр л дэмжих бодлого хэрэгтэй. Технологи дэмжлэгээ оруулж ирэхгүй хяналтаа эхлээд хэрэгжүүлж болохгүй. Дэмжээд ирэхээр стандарт нь өөрөө өсөөд ирнэ.

-Таны зүрх сэтгэлийн галыг асаасан тэр төсөл одоогийн хэрэгжүүлж байгаа импортын саванг орлох том зорилго буюу ЖДҮ-г дэмжих төсөл мөн үү. Энэ төслийнхөө тухай яриач?

-Би энэ төслийг хувь хүнийхээ үүднээс эхэлсэн. Ийм үйлдвэрлэгч нарыг нэгтгэх төрийн бодлого нь ойлгомжтой бус байгаа нөхцөлд энэ ажлыг ТББ-ууд хийж болно. Нэгэнт л төрд ажиллахгүй байгаа учраас өөр талаараа ажиллах боломж надад бий. Тиймээс “Пунсалмаа сан”-гаа байгуулсан. Бид хамгийн эхлээд савангийн үйлдвэрлэл хөгжүүлж байна. Тэнд дизайнерууд, сургагч багш нар, эрдэмтэн докторууд, гадаад харилцаа хариуцсан хүмүүс, худал­дааны менежерүүд зэрэг олон мэргэжлийнхэн ажиллаж байна. Энэ бүх харилцааг нэгтгэсэн консерциум болоод ажиллаж байна. Энэ жишгээр бүх салбар нэгдэх боломжтой. “Пунсалмаа сан”-гийн хувьд эхлээд савангийн салбарт ажиллаж байна.

-Импортын саванг ор­лоно гэлээ. Манай улс жилд хэдий хэмжээний саван гаднаас авч хэрэглэдэг вэ?

-Манай улс 800 мянга орчим өрх айлтай. Нэг өрхийг сард дунджаар хоёр ширхэг хатуу саван хэрэглэдэг гэж тооцоход бид жилд 45 тэрбум төгрөгийн саванг гаднаас авч байна. Энэ хэмжээний саванг бид өөрсдөө үйлдвэрлэж чадах юм бол 30 мянган хүн ажилтай орлоготой болно. Гэтэл манай улсад өнөөдөр 300 гаруй мянган хүн ядууралд өртөөд байна гэсэн судалгаа байна. Энэ хүмүүсээс 30 мянга нь хасагдах боломжтой гэсэн үг.

Жишээ нь би СХД-ийн Үндэсний бодлогын хорооны гишүүн. Тиймээс энэ дүүрэгт нэлээд ажилладаг. Ингээд ажиллаж байхад СХД-ийн Эмээлтэд өч төчнөөн арьс, малын шийр хаягдаж байна. Одоо гадаа дулаарна, өмхийрнө. Жишээ нь энэ асуудал дээр нэгдээд тэр хаяад байгаа түүхий эдийг өөр өөрийн чиглэлээр ашиглаж ажил хийх боломжтой. Малын шийрээр царцаамаг, хүүхдүүдийн дуртай цэлцэгнүүр чихэр хийж гадагшаа гаргаж болно. Нэг арьсыг сайн боловсруулж чадвал дэлхийн зах зээл дээр 100-аад доллароор борлуулж болно. Ер нь бидэнд боломж байгаа. Гэхдээ тэнд хүн ганцаараа очоод ажил хэрэг болгож дийлэхгүй. Харин олуулаа нэгдээд хийх хэрэгтэй.

-Танай сангийн сав­ан­­гийн төсөл хэдий хугацаанд, хэдэн хүний цар хүрээг хамарсан төсөл болж хэрэгжиж байна вэ?

-Одоогоор бид 3000 орчим хүний хүрээг хамарсан байна. Бидэнд эхлээд нэг хүндрэл байсан нь Солонгосын бэлэн бэлдэц хэрэглэж байсан. Ийм бэлдэц хэрэглэж байж үндэсний үйлдвэрлэлийг орлоно гэж хэлэхэд хэцүү байлаа. Харин одоо энэ асуудлаа 100 хувь дотоодоосоо шийдэж чадлаа. Хэзээ монгол түүхий эдтэй болно гэж хүлээхээсээ илүү эхлээд савангаа хийж сурахыг хичээсэн. Ер нь ямар ч ажлыг эхлэх л хэрэгтэй. 2000 хүнийхээ хүчээр савангаа хийж сурсан. Дараа нь нэгжийн үнэ өндөр байсан. Монгол түүхий эдээ гаргаж аваад нэгжийн үнээ 8000-3500 болтол нь бууруулж чадсан. Дахин ажиллаад 800 төгрөг болгож чадсан. Энэ үнийг бүр 500 төгрөг болгохоор ажиллаж байгаа. Өрх айл болгонд хаягддаг тосыг бидний үйлдвэрлэсэн савангаар сольж авах боломжтой боллоо. Ингээд нэг өрхийн саванд зориулдаг төсөв багасна.
Үйлдвэрлэл өөрөө хяз­гааргүй нөөц. Үйлд­вэрлэлийг хэчнээн олон ширхгээр хийх тусам нэгжийн үнэ дагаад тэр хэмжээгээр буурдаг.

-Коронавирус дэлхийг болон Монголын эдийн засгийн хямралыг авчир­лаа. ЖДҮ-чид хаалгаа барьж, томоохон компа­ниуд ажиллагсадаа халж байна. Танай М-ОЙЛ компанид энэ хэрхэн нөлөөлөв?

-Коронавирусийн үед нефтийн зах зээл манай улсад 20 дахин уналаа. Манай компани энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд цалингаа өгөөд явж байна. Гэхдээ бүгдэд нь өгч чадахгүй байна. Нийт 40-50 хүнээ сул зогсолтод оруулчихлаа. Зарим төслүүд маань эхлээгүй. Замын төслүүд гацсанаас 1000-аад хүн өдийд ажилтай цалинтай байх ёстой, эхлээгүй байна.

-Эмэгтэй захирал энэ эрсдэлтэй нөхцөлд ямар бодлого баримталдаг юм бол...?

-Миний хувьд хүмүүс­ийнхээ амьдралын чанарыг яаж дордуулахгүй байх вэ гэж боддог. Мөн улс орны онцгой салбараас үүрлэцэж явдаг хүний хувьд хэзээ ч зогсоож гал алдуулж болохгүй гэдэг зарчимтай.

-Та хэрвээ улс төрд өрсөлдөөд ялбал юу хийх вэ?

-Би эхлүүлсэн үйлд­вэр­­­лэл­ийн төслөө үргэлж­лүүлнэ.

-Та хэрвээ ялагдвал юу хийх вэ?

-Би эхэлсэн энэ үйлд­вэр­­­лэлийн төслөө л хийнэ. Хүмүүсийг ажилтай орлоготой, аз жаргалтай болгох энэ төслөө хэзээд үргэлжлүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН