"Чөтгөрийн тойрогт" орсон монголын эдийн засаг

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж бичиж байна.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн хугацаанд Монгол Улс хэд хэдэн удаа эдийн засгийн томоохон хямралд өртөж байжээ. ОУВС-д долоон удаа хандаж, зээл тусламж, зөвлөгөөг нь авч байв. Мөн Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагууд, Япон, Солонгос, Герман, Америк зэрэг хөгжилтэй улс орнууд Монгол Улсын эдийн засаг болон санхүүгийн салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж ирсэн түүхтэй.


Манай улсад үе үе тохиох эдийн засгийн хямралд хөтөлдөг нэгэн эрсдэл бий. Энэ нь дөрвөн жилийн хугацаатай улс орныг удирдахаар байгуулагддаг Засгийн газрын хэрэгжүүлж ирсэн бодлоготой холбоотой. Манайд аливаа эдийн засгийн хямралыг улс төрийн өнцгөөс харж тайлбарлаж иржээ. Үүний нэгэн жишээ бол 2012-2017 оны эхэн үе хүртэл үргэлжилсэн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналттай холбоотой хямрал юм. Эрх баригчид энэхүү хямралыг ард түмэнд туйлын амархан тайлбарладаг. “2011 онд МАН-ын 17 хувь хүртэл өсгөж өгсөн эдийн засгийг хүлээж авсан Ардчилсан нам элгээр нь хэвтүүллээ. Тэдний сэхээнд оруулсан эдийн засгийг бид л сэргээж чадлаа” гэх яриаг сонсоогүй иргэн үгүй биз. Ийм зүйлийг УИХ-ын индрээс төдийгүй өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шахам давтаж яваа хүмүүсийн дунд эдийн засгийн боловсрол эзэмшсэн хүмүүс ч олон байх юм.


Манай дэлхий дээр эдийн засгийг өсгөдөг нам гэж байхгүй. Хэрэв тийм “ид шид”-тэй нам байдаг бол дэлхийн эдийн засгийг тодорхойлогч супер гүрнүүд болох Америк, Хятад, Япон, Герман зэрэг улсад очиж хосгүй авьяасаа дэлгэх ёстой байх. Харамсалтай нь энэ бол иргэдийг төөрөгдүүлэх үзэл суртал. Харин улс орны эдийн засгийг өсгөх чиглэлд боловсруулсан бодлого гэж бий. Түүнийг парламентын засаглалтай улс оронд олон ургалч үзэлтэй намууд боловсруулдаг. Манай улсын хувьд УИХ-д олон суудал авсан нам, эвсэл Засгийн газраа байгуулж амласан, боловсруулсан бодлогоо ажил хэрэг болгох боломж бүрддэг. Тэр нь УИХ-аас жил бүр батлан гаргадаг улсын төсвийн тухай хуульд тусгалаа олж хэрэгждэг юм.


2011 оны эдийн засгийн өсөлтийн учрыг олж ядах зүйлгүй. Монгол Улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан юм. Дэлхийн зах зээлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш өсөхийн хэрээр манай уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ нэмэгдэж ирсэн билээ. 2008-2009 онуудад дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын дараагаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ сэргэсэнтэй холбоотой, Монгол Улсад уул уурхайн томоохон төслүүд хөдөлж (Оюутолгой, г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. 1995 онд мянга орчим тн нүүрс гадаадад гаргаж 10 мянган ам.долларын борлуулалт хийж байсан манай улс 2011 онд 21 сая тн нүүрсийг 2 тэрбум 262 сая ам.доллароор борлуулжээ. Тэр жил Хятадын коксжих нүүрсний 40 орчим хувийг хангадаг Австралид бороо хур ихтэй байж ер бусын хүчтэй үер бууснаар ихэнх уурхайнууд хаагдсан байв. Индонезийн уул уурхайн салбарт ажил хаялт, тэмцэл өрнөж, нүүрсний экспортоо зогсоохоос өөр аргагүй байдалд орчихсон үе. Хятадын нүүрсний нийлүүлэлт багасах хэрээр зах зээлийн үнэ өсч, монголын нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь манай эдийн засгийг 17,3 хувиар өсгөсөн хэрэг.


Тэгвэл 2012 оны сүүлчээс яагаад манай эдийн засаг “элгээрээ хэвтэх” болов? Уул уурхайн хоёр эрдэс бүтээгдэхүүн, ялангуяа зэс, нүүрсний борлуулалт дээр суурилсан манай эдийн засаг хямралд орохдоо туйлын амархан. Дэлхийн зах зээлийн зэс, нүүрсний үнэ ханш унамагц манайд шууд хямрал мэдрэгдэж эхэлдэг. Энэ байдал хоёр улирал дамнахад л хямрал руу орчихно. 2012 оны эхнээс дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлжээ. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд бараг 9000 ам.долларт хүрч байснаа 2014 онд 7000-д ч хүрэхгүй болов. Нүүрсний хувьд 130 ам.доллар хүрч байсан ханш 3-4 дахин унаж, 2011 онд 2.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж буурчээ. Ийнхүү экспортын орлогын хомстол үүсэхэд Монгол улсын эдийн засаг агшиж хямрал нүүрлэсэн юм.


Ийнхүү Монгол Улсын эдийн засаг өсөх, уруудах, хямрал нүүрлэхэд дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш голлон нөлөө үзүүлдэг. Эрх баригчдын “амны уншлага” болсон эдийн засгийн огцом өсөлт хийгээд, “элгээр хэвтэх” учир шалтгаан ердөө л энэ. Гэхдээ эдийн засгийн хямралын явцыг хурдасгах хэд хэдэн шалтгаан бий. Түүнийг эрх барьж байсан үе үеийн Засгийн газруудын хэрэгжүүлж ирсэн бодлоготой холбон тайлбарлах учиртай.


Монгол Улсын эдийн засгийн эрсдлүүдийн эхэнд эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өсч төсвийн орлого нэмэгдэхэд түүнийг дагаад тэлэх төсвийн зарлага юм. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлүүдээс илүүтэй төсвийн зарлагын хэт өсөлт манай эдийн засгийг сөхрүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байх тэр он жилүүдэд төсвийн урсгал болон хөрөнгийн зардал огцом нэмэгдэж байжээ. 2010 онд төсвийн зарлага өмнөх оноосоо 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин нэмэгджээ. Эдийн засаг огцом өсөлттэй таатай он жилүүдэд Хятадын төрийн компани болох Чалко-аас зээл авч, Евро бонд босгож байв. Тэр үед төрөөс нэг их наяд 950 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тараасан байдаг. Үүнд: иргэн бүр сар болгон 21,000 төгрөг, оюутан бүр сар болгон 70,000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаа 1,000,000 төгрөг, шинээр гэр бүл болсон иргэдэд 500,000 төгрөг... гэх мэтээр хайр хишгээ харамгүй тараасан. Чухамхүү малчдын саналыг авахын тулд ямаанд мөнгө өгөх “гаж дон” тэр үед бий болсон юм даг. Ийнхүү түүхий эдийн үнэ өндөр таатай он жилүүдэд төсвийн зарлагын хэмжээг эрс нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааны зарим зардлыг 60-аас дээш хувиар, халамжийн зардлыг огцом нэмэгдүүлж төрийн данхар бүтцийг бий болгосон түүхтэй. Мөн хэрэглээний импортыг өөгшүүлж инфляцыг 14 хувь хүртэл хөөрөгдөв. Энэ бол тэр үеийн Засгийн газар, алдаатай бодлого хэрэгжүүлж байсныг илтгэх үзүүлэлтүүд. Ийм бодлогын алдааны сөрөг үр дүн дор хаяж жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг. Ийнхүү эдийн засгийн нэн таатай үед хэр хэмжээнээсээ хэтэрсэн нийгмийн бодлого хэрэгжүүлж өр зээл авч байсан гор 2012-2016 онуудад тохиосон эдийн засгийн хямралын үед асар хүндээр туссан билээ.


Тэгвэл дээрх алдаатай бодлогыг “эдийн засгаа сэхээн амьдруулах” тасгаас гаргачихлаа хэмээн хөөрцөглөж буй өнөө үед бас л давтагдаж байна. 2012-16 онуудад 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан төсвийн зарлага 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум төгрөгт хүрч нэмэгдлээ. Дөрөвхөн жилийн хугацаанд төсвийн зарлага ийнхүү хоёр дахин данхайжээ. Ийм их хөрөнгийг юунд зарцуулж байгаа нь сонирхол татна.


Энэ жил зөвхөн уул уурхайн орлогоос 3 их наяд 194.5 тэрбум төгрөг төсөвт орох учиртай. Энэ их хөрөнгийн дийлэнхийг тэтгэмж, халамжид зориулна. Энэ онд зөвхөн халамжийн сангаас 756.6 тэрбум төгрөг зарцуулна. “Цалинтай ээж”, “Халамжийн тэтгэвэр”, “Асаргааны тэтгэмж”, “Хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг”, “Амьжиргааг дэмжих тусламж”, “Насны хишиг”... гэх мэт олон арван төсөл хөтөлбөрийг тэрбум, тэрбумаар санхүүжүүлнэ. УИХ-ын сонгууль болох энэ жил төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 327.9 тэрбум, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжид 127.7 тэрбум, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим албан хаагчдад олгох тэтгэмжийн зардалд 39.6 тэрбум, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 142.7 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 141.1 тэрбум төгрөг... гэх мэтээр татвар төлөгчдийн төсөвт төвлөрүүлсэн мөнгийг тараах юм.


2020 оны төсвийн хөрөнгө оруулалтад нэг их наяд 982 тэрбум, гадаадын донор улс, олон улсын байгууллагын хөнгөлттэй зээлээр 1 их наяд 296 тэрбум, концесс нэрээр 323.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Сумын засаг даргын тамгын газрын байрууд, соёлын ордон, спорт заал, дарга нарын тансаг зэрэглэлийн үнэтэй унаа гэх мэтийн өнөө үед царцаах ёстой хөрөнгө оруулалтууд багийн ордон, багийн дарга нарт мотоцикл... гэх мэтээр цааш цуварна.


Улсын төсвийг баталчихсан байхад он гараад тэтгэврийн насны иргэдийн арилжааны банкуудад байгаа 780 тэрбум төгрөгийн өрийг тэглэв. Энэ нь ахмад насны иргэдийнхээ саналыг худалдаж авч буй Засгийн газрын туйлын буруу шийдвэрүүдийн нэг. Ерөнхий сайд коронавирусын тархалттай тэмцэх ажлын хүрээнд иргэд, аж ахуй нэгжид тусламж, дэмжлэг үзүүлэх, татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаар мэдэгдэл хийж 5.2 их наяд төгрөг зарцуулахаар болсноо мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт дахин сүр дуулиантай мэдэгдэл хийж өмнөх амлалтаа 750 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Засгийн газрын баруун солгойгүй цацаж буй энэ их хөрөнгийг үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчид татвар хэлбэрээр төрдөө өгсөн байж таарна.


Засгийн газар УИХ-аас баталж өгсөн төсвийн хүрээнд мөнгө зарцуулах эрхтэй. Төсвийн хөрөнгийг зарцуулах “онцгой эрх”-ийг иргэд сонгогчид өөрийн УИХ дахь төлөөлөлдөө олгосон. Энэ эрхийг нь ч Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Гэтэл гишүүд маань энэ эрхээсээ татгалзаад Засгийн газартаа шилжүүлчихлээ. Нэгэнт сонгогчид Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй учраас тэд ч дураараа дургиж байна.Төсвийн зарлагын хэт тэлэлт нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөж макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инфляц, төсвийн алдагдал, гадаад, дотоод өрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Ийнхүү аливаа хямралд өртөхөд бэлэн шахам “дархлаагүй эдийн засаг”-ийг сүүлийн хагас жилийн дотор У. Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар бий болгов. Сарын дараа болох УИХ-ын сонгуулийн дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдаж таарна. Хэрэв улс төрийн өөр хүчин УИХ-д олонх болбол өнөөдрийн эрх баригчдийн хийх улс төр давтагдаж таарна. Тэд бүтэн дөрвөн жилийн турш “Эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Бид эдийн засгаа хэвтрээс нь босгосон юмсан” гэж матрын нулимс унагана. Тэдний гаргуун хийдэг “Өрөнд баригдаж өтөнд идэгдлээ” гэдэг улс төр давтагдаж таарна. Чухамдаа эдийн засгийн асуудлыг ийнхүү хэт улс төржүүлэхийг “чөтгөрийн тойрог”-т орсон эдийн засаг гэдэг юм билээ.


Өнгөрсөн долоо хоногт нэгэн уншигчаас надад “Иргэд маань зөв бодит мэдээлэл дутмаг, өөрсдийнхөө эрхийн талаар тодорхой мэдлэггүй бөгөөд хүч мөхөстсөн, бодит мэдээллийн дэмжлэггүй байгаа нь Монгол улс өөрчлөлт, хөгжил дэвшлийн замдаа орж чадахгүй байгаа гол шалтгаан болж байна. Гэхдээ ард иргэд маань бүх салбарын экспертүүдийнхээ тусламжтайгаар оюун санааны хандлагаа өөрчлөн сэрэх, сэтгэлзүйн хувьд эрүүл байж асуудлаа зөв олж харах юм бол бидэнд маш их боломж, зөв гарцууд байгаа гэж найдаж байна” гэсэн зурвас ирүүлжээ. Тиймээ би ч, Тантай санал нэг байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН