Б.Жаргалан: Хариуцлага алдсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, дэд дарга Б.Жаргалан  нар  өнөөдөр  /2020.05.12/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

 Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын нэг гэж үзэн Европын Холбооны Комиссын хар жагсаалтад оруулаад байгаа юм. Тиймээс Ардчилсан намын зүгээс эрхэлсэн үүрэгт  ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах шаадлага тавьж байгаагаа мэдэгдсэн юм.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц шийдвэрийг Европын холбооны комисс  2020 оны тавдугаар сарын 07-нд гаргасан. “ХАР ЖАГСААЛТ”-д Монгол Улс багтсанаар гуравдагч хөршийн бодлого, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учраад байна. “ХАР ЖАГСААЛТ”-аас нэн даруй гарах комисс байгуулж ажиллахгүй байгаад эрх баригчдыг туйлын хариуцлагагүй байна гэж үзэж байгаа. Тиймээс ч Ардчилсан нам У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт хандаж албан шаардлага хүргүүлж байна. Монгол Улс дэлхий нийтийн болоод олон улсын байгууллагын, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “Хар жагсаалт”-аас гарахыг эрмэлзэж байгаагаа үгээрээ биш үйлдлээрээ нотлон харуулах цаг ирсэн.

Ардчилсан намын  дэд дарга Б.Жаргалан: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Бизнесийн орчин муудаж, бизнес эрхлэгчдийн орлого буурч, ажлын байр хомстож байна. Сүүлийн саруудад  малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнэ уналаа. Үүний зэрэгцээ тавдугаар сарын 7-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсыг хар жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргалаа. МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ, татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл өнгөрсөн хугацаанд улсаа саарал жагсаалтад оруулаад зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарчихлаа. Тиймээс бид дараах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна.  Европын холбооноос орж ирэх бүх санхүүжилтийг зогсоож байгаа нь Монгол Улсын хувьд маш хүнд цохилт болно. Санхүүгийн салбар маш хүнд байдалд орно. Тиймээс хариуцлага алдсан хүмүүстээ хариуцлага тооцож, холбогдох хууль тогтоомжуудыг нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Намчдыг биш мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, улс орноо “Хар жагсаалт”-аас нэн даруй гаргах хэрэгтэй.